Гудамж...Гудамж бүр өөрийн гэсэн түүхийг өгүүлнэ. Өдөр тутамд өөрөө ч мэдэлгүй бүтээх энэ түүхийг “Гудамж” гэх цувралаар хадгалахыг зорив.
Нийслэлийн төв цэг “Сүх”-ийн талбай. Энд хашхираан шуугианаар дүүрэн. Гэхдээ энэ нь ямар нэг жагсаал цуглаан биш. Ямар нэг урлаг соёлын тоглолт ч биш. Хэдэнтээ ясаа салгасан эх үрсийн баяр. Хэр сурсан нь хамаагүй төгсөлтийн баяр. Цэнхэр, ягаан, улаан, шар, ногоон дээлтнүүд дээрээс, доороос, хажуугаас ав. Өндөр, нам, туранхай, хөөрхөн гарга гэх үгсийг шидэлнэ. Энэ түм түчигнэсэн газраас “таван алхам”-ын зайд энэ удаагийн “Гудамж” бий.
“Гутлын чинь үдээс суларчхаж” гэх үг хаанаас ч юм сонстоно. Өөрийн эрхгүй гутал нь үдээстэй, үдээсгүйгээс үл харгалзан толгой гудайлгацгаана. Хаанаас гэдгийг харах санаатай толгой эргэлдүүлэхэд 50 эргэм насны эр байх. Тэр Төв шуудангийн гудамжийг эзэгнэнэ. Яаж гэвэл тэр хотын гуталнуудын “ариун цэврийг сахиулагч”. Мөн анхаарагч. Үнэндээ бол тэр “гутал тослогч”. Түүний эзэмшлийн гэх тодотголтой газар хааш хаашаа хоёр метр квадрат орчим. “Эзэмшсэн мэргэжилгүй ганц чаддаг зүйл минь энэ” гэнэ. Энэ түүхийнх нь эхлэл болох он тоолол аль 1991. Магадгүй нийслэлийн дийлэнхийг нь хэлд, хөлд ороогүй байхад ч ариун цэврээ сахиулсаар байсан болж таарав.
“Ариун цэвэр сахиулагч”-ийн дасал болсон газрууд Улсын их дэлгүүр, Төв шуудан, Үйлдвэрчний эвлэл. Өдөр бүр цэгцтэй нь аргаггүй багажаа/ тос, өнгөлөгч, алчуур/ дэлгэн сууна. Зөрж өнгөрсөн болгонд нь “гутал чинь муухай болчихож тослуулах уу”, “Гутлаа арчиж байгаа ч дээ”,“Ах аа хромоо тослуулах уу” гэх асуултуудыг ээлжлэн амны уншлага болгоно. Харин зөрөгсөд эелдгээр ч татгалзана, элдвээр ч татгалзана.
“Ариун цэвэр сахиулагч” хаа нэг дүрсхийнэ. Гэхдээ гутлаа тослуулсангүй гэдэгт биш. Цэгцтэй гэгч нь өрсөн багажны/гутлын сойтог, өнгөлөгч, алчуур, тос/ дээгүүр хүмүүс гарах, зарим үед гишгэхэд л. Тэр хүмүүсийг “мөнгөнд сохрогсод” замаа ч хараад чадахгүй гэж тодотгоно. Мөн “Ямар ч хүн хоолоо олж идэх зүйлээ хамгаална” гэв. Гэхдээ тэр хамгаалж чадаагүй хэдэнтээ тохиолдол бий. Ойр хавьд олон дахин эргэлдэх намхан “бор” эр. Тэр хүн гудамжны эзний найз гэх. Хаа нэг ариун цэвэр сахиулагчийн дэргэд сууна, бусад үед нь зайнаас ажиглана. Яг энэ хэсэгт монгол киноны үйл явдал шиг зүйл ч сонстов.
Нийтийн мэдэх “өвгөнтэйнхөн”, танкныхан буюу траншейнд амьдрагсад, гудамжинд гуйлга гуйх хүмүүс хотын төвөөр нийтлэг ажиглагдана. Гэтэл тэд хоорондоо эв түнжин муутай. Миний, чиний газар гэж “гуйлгачлах” байраа булаацалдана. Аль олон хүн явдаг газар сууна тэр хэмжээгээр хоолоо олж идэх тул. Тиймээс гудамжны эзний суух хэсгээр тэд зочилж бөөрөлхөх гэж үздэг. Энэ үед хамгаалах хүн нь“намхан бор” л болж үлдэнэ. Тэд 15 жил найзалж байгаа. Анх Улсын их дэлгүүрийн урд гутал тосолж байхад нь танилцаж байсан удаатай. Түүний хэлж байгаагаар ганц дээрэлхэгчид ингээд дуусахгүй. “1990 оноос төр хувьчлал нэрээр хоол олж идэх зүйлийг нь нэг булаасан. Харин одоо дүрэмт өмсөж хотын үзэмж нэрээр багажийг нь булаасаар” гэх.

Тэд өдөртөө нэг гутлыг 2500 төгрөгөөр 6-10 хүний гутал тосолно. Өглөө 10 цагт Үйлдвэрчин, УИД, Төв шуудангийн хаана гэдгээ тохирч уулзалдана. Өдөртөө олсон орлогоороо хаа нэг тансаглана. Тэдний тансаглал "Шөлөндөө" орох. Бусад газар нь ноорхой гээд хөөнө. Харин тэр үед бухимдлын дээдийг үзүүлэн “надад мөнгө байгаа” гэж орлогоо харуулдаг. “Гудамжны эзэн”-ий дуртай хоол цуйван. Гэхдээ тэр өөрөө цуйван хийж чадахгүй. Мөнгөгүй дээ, залхуудаа, чадваргүй дээ биш. Гар “мухардаа” л тэр.
“Гудамжны эзэн” өвөл, зунгүй өнөө гурван газартаа сууна. Өвөлдөө 40 хэм хүрэх хотод хүйтэн цемент дээр сууна гэдэг чанга. Гэхдээ тэр чанга гэдгээс айж чангарсангүй. Үүнээс болж гарын хэдэн хуруу, хөлийн хуруунуудаа хүйтэнд алдсан. Одоо явахад эв хавгүй харагдах нь бий. Хөлийн хуруугүй тул тэнцвэр нь алдагдсанаас болдог аж. Хэдий ийм ч түүнд цуйван сэгсэрч өгөх ээж, дүү нар бий. Ээж нь 70 гарсан настан. Дүү нар нь нас биед хүрсэн сүүний үйлдвэрийн ажилчид. Тэд наймуулаа Орбитод хамтдаа амьдарна. Одоо түүний ганц хүсэл өөрийн гэсэн байртай болох гэнэ.
Энэ хүслийнхээ төлөө 31 дэх жилдээ өөрийн салбарыг бий болгож, өөрөө хүчин зүтгэж байгаа нь энэ. Өнгөрсөн хугацаанд ойр хавийнхан ч түүнийг андахгүй болсон. Зарим нь “ажил сайн уу, гутлаа тослуулна аа” гэж зөрнө. “Бүр байнгын үйлчлүүлэгч ч бий. Сая зөрдөг хүн чинь Үйлдвэрчинд ажилладаг юм” гэх. Байнгын үйлчлүүлэгчтэй болно гэдэг уйгагүй хөдөлмөр байх нь тодорхой. Энэ хэмжээнд хүрэх гэж англи хэл хүртэл сураад амжсан. Цагаан арьстан, өнгөт арьстан аль нь ч байсан “Hey, I clean your shoes” гэх үгсийг эвлүүлэн ярилцана. Өөрөө дэвшихийн хэрээр технологийн хувьд тэр хоцрогдсонгүй. Бэлэн мөнгөтэй хүн ховор болсон болохоор “намхан бор”-ын нэр дээр данс нээчихсэн. Орой ажлаа тараад хуваагаад хоёр тийш салцгаадаг. Энэ бол түүний 31 жилийн турш өдөр тутамдаа хийсэн үйл. Үс сайхан бол зүс сайхан гэх үг түүнд “гутал сайхан бол зүс сайхан” болсон. Хүнтэй уулзаад хамгийн түрүүнд хардаг зүйл нь гутал. Арга ч үгүй “Нийслэлийн гутлын ариун цэврийн газрын дарга” хүн чинь гэж хошигноно. Тэр бол хөл, гарын хэсгээ алдсан ч бор модон сойтогноосоо холдоогүй гучин жилийн түүх бүтээгч. Магад үүнийг сийрүүлж амжаагүй бол Монгол Улсын гучин жилийн түүхийн нэг хэсэг балартах байсан ч юм билүү дээ.