Open iToim app
Гудамж | 3 мин уншина

Гудамж #нэг: Гудайх шалтаг үгүй өгсүүр

Гудамж #нэг: Гудайх шалтаг үгүй өгсүүр
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 31
Гудамж...Гудамж бүр өөрийн гэсэн түүхийг өгүүлнэ. Гэхдээ яг ч гудамжны түүх биш. Гудамжаар дамжин өнгөрөх, нааш цааш холхилдох хүмүүсийн л түүх. Түүх гэхээр хэдэн зууны өмнөхийг сөхөх гэж түүртэх хэрэггүй. Энгийнээр хэлбэл, болж өнгөрсөн бүхэн түүх гэхэд болно. Бүдэрч унав. Энэ бол түүх. Ажлаасаа хоцров. Энэ ч бас түүх. Хэн нэгэнтэй маргав. Мөн л түүх. Харин өдөр тутамд өөрөө ч мэдэлгүй бүтээх энэ түүхийг “Гудамж” гэх цувралаар хадгалахыг зорив.
Яагаад гудамж гэж? Хэрэв та гудамжаар алхаж үзсэн бол гудамжны хоёр талаар эгнэх элдэв хана, хашлага, барилга байгууламжийг анзаарсан л байх. Тэд таны бүтээсэн өнөө анзаардаггүй түүхийг  хэрхэн бүтэж буйг шимтэн үздэг азтай “дамшгууд”. Харин “Гудамж” цуврал тэдний орон зайг багахан булаалдах гэж байгаа нь энэ.
Дэнжийн мянга. Товчхондоо “далан давхар”. Эл хуль энэ гудамжны эзэд эрдмийн мөр хөөсөн. Өдөртөө л ийн хүнгүйдэх гудамж түүхээ бүтээчихсэн, бүтээх гэж гүйлдэгсдийг зааглана. Зааглах ч гэж бараг зэрэгцэн оршино. Дарга, цэрэг, даамал, түшмэл, эмч, цагдаа, эгэл нэгэн гээд бүгд хашааны цаана урт хугацааны амралтаа авсан. Амралт хэзээ дуусахыг мэдэх хүнгүй. Харин хаалтны наад талд гүйлдэх залуу түүх бүтээгчийн түүхийг сийрүүлье.
Хашаан дээгүүр нэг толгой үл ялиг цухуйна. Магадгүй энэ толгой гудамны эздийн нэгнийх нь ч байж мэднэ. Дөхөн очиход овоолсон шороон дээр зогсох инээд алдсан “бор хүү”. Түүнийг Б.Лхагвасүрэн гэх. Өдгөө Чингэлтэй дүүргийн аль нэг сургуулийн долдугаар анги. Тэр Дэнжийн мянгын унаган хүү. Аав, ээж, ах, эгч, дүү гээд наймуулаа дөрвөн ханатад аж төрнө. Гэсэн ч түүнд хүсэх зүйл үгүй “бид жаргалтай” гэж бардамнана. Хичээл нь 19.00 цагт тарах ёстой ч өнөөдөр/2022.05.30/ биологийн шалгалтаа өгөөд  эрт тарсан нь энэ. 
Тэр ихэнхдээ гудамжны найзуудтайгаа “жийлцэж”, сагсанбөмбөг тоглодог. Ойр хавьдаа нэг л тоглох газартай. Тэр уулын оройд байна гэж заах. Гэвч саяхан ганц барьсан саадынх нь хоёр савлуур алга болсон. Одоо бид савлуурын баганаас зүүгдэж, турник маягаар тоглож байгаа. Манай найзууд урд талын гудамжнуудаас ирдэг.
 “Дэнжийн мянгад өснө гэдэг цэрэгт явсантай ижилхэн” гэх хэрсүү үгийг яриан дундаа дайна. Хэрсүүжихэд багшлах хүмүүс нь гудамжны ах нар. Ах нарын буян нь ч, балаг нь ч түүнд бий. Тэдний нохойгоор айлгах тоглоом түүний аминых наана туссан. “Гудамжны эзэн” айж зугтсаар машинд мөргүүлэв. Толгойдоо найман оёдол тавиулсан. Энэ л нөгөө цэргийн хүмүүжил нь болж таарав уу даа.
Зундаа “гудамжны эзэн” гудмаа орхин хөдөө амарна. Амарна ч гэж амралт нь түүний ажил болсон. Тэр морь унах дуртай. Айлын морь унаад зундаа 500 мянган төгрөгийн цалин авч ээж, аавдаа өгдөг. Гэхдээ ээж нь бэртэнэ гэснээр энэ зуны хөдөө явах төлөвлөгөө нэгэнт нурсан. Харин “өөр арга сүвэгчилж хичээл амрахаар машин угаалга, хар бор ажил олж хийнэ дээ” гэнэ. “Гудамжны эзэн” ажил хийхээр зэхэж, харин түүний насныхан зундаа бэлдэж, зусланд захиалга өгсөөр... Тэдний гэрийнхнээс аав нь ганцаар ажил хийн ачааг хүнд гэж голохгүй явна. Тэрээр мах “шулах” ажилтай. Ээж нь хүүхдүүдээ харж гэртээ үлдэнэ. “Хоёр нүд нь болортой, нэг нь бараг хардаггүй юм” гэх. Иймд хүү тоглохоос илүү ажиллах хүслийг тээнэ.
Хэдий хар бор ажлыг онцолсон ч түүний сонирхол энэ биш. Тэр дуулах дуртай. “Том болоод реппер болно” гэнэ. Дуртай хамтлаг,сонсох дуртай дуучин, реппер нь Big Gee, Vandebo. Гэхдээ сүүлийн үед Vandebo дуу гаргахгүй байгаа болохоор сонсохоо больсон. Түүнийг уулын орой дээрх энэ гудамжнаас өндөр тайз нь дээрээс харах боломжийг түүний нүд илэрхийлнэ.
Мөн ярианы голоор цухас хүүхдийн баярыг тодотгоно. Гэхдээ “Гудамжны эзэн” гэртээ эсвэл гудамжиндаа л байх аж. Хэрэв ээж мөнгөтэй болчихвол талбай орж, найзуудтайгаа хоол идэх гэнэ. Ийн ярилцахдаа хэрэв нэгэнтээ таарвал ээж нь мөнгөтэй болж төв талбай орж чадсан эсэхийг лавлахаар тохирсноор уулзалт өндөрлөв. Тэр бол түүх бүтээгчдийн дэргэд өсөж буй түүх бүтээгч. Түүний өгсөх энэ гудам энхэл донхол ч тэр гутарсангүй бас гудайсангүй. Гудайх ч шалтаг алга. Гурван хүний ах хүн шүү дээ.
Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн