Криптовалютын зах зээл дэлхий дахинд хурдацтай өсөхийн хэрээр манай улс ч энэ зах зээл рүү аль хэдийнэ оржээ. Үүний нэг болох “Gold Guaranteed Coin” төслийн үүсгэн байгуулагч Ц.Алтайбаяртай ярилцлаа.
-Ярилцлагынхаа эхэнд та “Gold Guaranteed Coin” төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Хүмүүс койныг амар хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл гэж хараад байна. Гэтэл койн гэдэг бол өөрийн гэсэн онцлогтой шинэ бүтээгдэхүүн. Нөгөө талаар ямар нэг бизнес үйл ажиллагаагаа явуулахдаа крипто зах зээлээс хөрөнгө босгож, төслөө санхүүжүүлж буй хэлбэр.
Манай “Gold Guaranteed Coin”-ий үндсэн төсөл нь уул уурхайн бизнес. Бид хоёр орд газарт хөрөнгө босгохоор ажиллаж байна. Анхдагч арилжаагаа дотооддоо хийсний дараа үндсэн үйл ажиллагаагаа дэлхийн зах зээлд үргэлжлүүлнэ. Дэлхийн зах зээлд ажиллана гэдэг нь Монголоосоо ажиллана гэсэн үг биш бөгөөд толгой компаниа Сингапур руу шилжүүлж, цаашлаад Казахстан, Турк улсад өргөжинө. Олон улсад крипто зах зээлийн хууль, эрх зүйн орчин сайн бүрдсэн. Энэ утгаараа дээрх улсуудад зөвшөөрөл авахаар ажиллаж байна.
Дэлхий Монголыг уул уурхайгаар нь, тэр тусмаа алт, зэсээр нь маш сайн мэднэ. Олон улсын хэрэглэгчид Монголын крипто төсөлд хөрөнгө оруулъя гэхээр монголд байгаа компанийн үйл ажиллагаагаар баталгаажсан байдаг нь тэдэнд хол санагддаг. Харин олон улсын хэрэглэгчид бүгд алтанд итгэдэг. Тиймээс бид төслийнхөө үндсэн концепцийг алтаар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, бид Монголд уул уурхайн бизнес эрхлээд олборлосон алтаараа койноо баталгаажуулж, үнэ цэнтэй болгоно гэсэн үг юм.
Монголд уул уурхайн бизнесийн хөрөнгө оруулалтыг ярихаар цаана нь гаднын их хэмжээний хөрөнгөтэй хүн, компани эсвэл нэг том банк байгаад байдаг. Тэд уул уурхайн стандартын шаардлага тавьж, монголчууд олон улсын зах зээл дээр өөрсдөө хөрөнгө босгоход хүндрэл учруулдаг. Үүнийг уул уурхайн компаниуд бүгд мэднэ. Гэтэл уурхайн гол ашгийг ард нь байгаа гаднын хүмүүс хүртдэг. Монголчуудын одоогоор хийгээд байгаа хамгийн сайн гэрээ бол “Оюу Толгой”-н гэрээ. Монголын бүх л чадварлаг улстөрчид, эдийн засагчид байгуулсан. Гэтэл бид одоог хүртэл ашгийг нь хүртэж чадаагүй л байна.
Хувийн компаниудын гаднаас авч буй хөрөнгө оруулалт үүнээс ч дор. Маш их хэмжээний баялгийг нууцаар гаргаж, бодит ашгийг гаднынхан хүртээд байна. Яг баялгийн эзэн монголчууд бид татвар болон цалингийн хэлбэрээр багахан л мөнгө авч байгаа. Энэ нь уул уурхайн ашгийн 20 хүрэхгүй хувь шүү дээ.
-Тэгэхээр танай төсөл уул уурхайгаас олж буй ашгийг дотооддоо шингээж, иргэдээ баялагтаа эзэн нь байлгах зорилготой юм байна. Тийм үү?
-Тийм. Олон нийтээс хөрөнгө оруулалт босгоод иргэдээ баялгийнх нь эзэн болгоё. Крипто зах зээл нь улстөрчийн, төрийн байгууллага зэрэг гуравдагч этгээдийн оролцоогүйгээр жирийн иргэд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог.
Алт бол хүн төрөлхтөний түүхэнд цорын ганц жинхэнэ мөнгө, инфляцад өртөж ханш нь унахгүй. Харин алттай харьцаж буй валютын ханш л унадаг. Доллар хүртэл алтан баталгаатай учраас дэлхийн валют болж чадсан. Тиймээс алтанд хөрөнгө оруулбал өөрийнхөө хөрөнгийг инфляцаас хамгаалах боломжтой.
Нөгөө талаасаа крипто зах зээл өндөр өсөлттэй байна. 2021 оны гуравдугаар сарын байдлаар 1.8 их наяд ам.доллар байсан бол арваннэгдүгээр сарын байдлаар гурван их наяд ам.доллар хүрчээ. Олон улсын зах зээл дээр блокчэйнд суурилсан Ethereum, Bitcoin, BNB койн өндөр өсөлттэй байгаа. Үүний ардаас манайх шиг “Guaranteed” койн буюу ардаа ямар нэг бизнесийн үйл ажиллагаа, алт, мөнгөөр баталгаажсан токен, койнуудын үнэлгээ өндөр байна.
-Албаны байгууллагуудаас койн, токены арилжааг эрсдэлтэй гэж байнга сануулдаг шүү дээ. Арилжаанд иргэд ямар байдлаар оролцох ёстой юм бэ?
-Тийм. Ер нь хөрөнгийн зах зээл, форекс, крипто зах зээл бүгд эрсдэлтэй. Тэр байтугай жижиг хоолны газрын бизнес эрхлэх ч өндөр эрсдэлтэй шүү дээ. Иргэд байр, машинаа зараад койн, токены арилжаанд орох гээд байдаг. Тийм хүмүүс өөрөөсөө “Би байр, машинаа зараад хоолны газрын бизнес эрхлэх байсан уу” гэж асуух хэрэгтэй. Хүн ямар ч бизнес хийсэн эрсдэлд оруулж болохгүй хөрөнгө гэж бий. Амьжиргааны үндсэн хөрөнгөө эрсдэлд оруулж огт болохгүй.
Энэ хөрөнгийг би алдсан ч миний амьдрал хэвийн үргэлжилнэ шүү гэсэн бодолтой арилжаанд орох нь зүйтэй.
Хүмүүс маш их мөнгөтэй болсны дараа хөрөнгө оруулах хэрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэтэл өдөр тутамдаа энгийн хэрэглээнээсээ тогтмол хөрөнгө оруулах нь хамгийн зөв. Нэг удаа зугаа цэнгэлд зарцуулах байсан мөнгөөрөө ч хөрөнгө оруулж болно. Крипто зах зээл шинэ учраас маш хурдан хөгжиж байна. Бага ч болтугай мөнгөөр хөрөнгө оруулбал хэдэн жилийн дараа олон дахин өсөх боломжтой.
-Уул уурхайн ямар нэг төсөл ярихад цаана нь заавал нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн асуудал дагадаг. Танайх үүнд хэрхэн анхаарах вэ?
-Монголд уул уурхайн нөхөн сэргээлт хийгддэггүй учир нь дандаа гаднын хөрөнгө оруулагчтай компани байдагтай хоолбоотой. Гаднын хөрөнгө оруулагчид богино хугацаанд баялгаа, ашгаа аваад явах бодолтой. Нөгөө талаар энэ асуудал дээр хуулийн цоорхой бий. Угтаа бол жил болгон уул уурхай эхлэхэд ашгаас нь нөхөн сэргээлтийн фонд босгож, татвар авч байх учиртай юм.
Харин монгол уурхайнууд муу хэлүүлдэг ч гэсэн нөхөн сэргээлтээ маш сайн хийдэг. Яагаад гэвэл бид Монголдоо үлдэх хүмүүс учраас хариуцлагатай хандах ёстой. Манай төсөл нийгмийн хариуцлага гэсэн хэсэгтээ уул уурхайн үйл ажиллагаа нь байгальд ээлтэй байна гээд тусгачихсан.
-Та бүхэн олон улсын зах зээлд гаръя гэж байна. Яагаад Сингапур, Казахстан, Турк улсыг сонгосон юм бэ?
-Казахстан, Турк бол монголчуудтай адил нүүдэлчин соёлтой байсан болохоор бидэнтэй их ойрхон. Компаниуд дэлхийн зах зээлд ажиллая гэхээр шууд том том зах зээлтэй улс руу гаръя гээд байдаг. Гэтэл бидэнтэй хамгийн ойр, боломжийн зах зээлтэй улс бол Казахстан, Турк, Сингапур. Энэ улсуудад ашигт малтмал, тэр тусмаа алтыг маш өндрөөр үнэлдэг. Тиймээс үйл ажиллагаагаа ингэж тэлэхээр шийдсэн.
Төлөвлөгөөний дагуу 2022 оны хоёрдугаар улирал гэхэд 2-3 гаднын зах зээл дээр ажиллана. Энэ амжилттай болвол манай койны үнэ цэнэ өөрөөр яригдана. Тиймээс Монголд богино хугацаанд арилжаа хийе гэсэн хүмүүс байгаа бол манайхыг битгий сонгоорой гэж хэлмээр байна. Бид урт хугацаанд бодитоор өснө гэж төлөвлөж байгаа. Зургаан сараас хоёр жил буюу дунд хугацаандаа хөрөнгөө өсгөх хүмүүс хамтарч ажиллавал зохимжтой. Энэ хугацаанд олон улсын зах зээл дээр хамт гарч, хамт урагшилъя гэж уриалмаар байна.
Богино хугацаанд өндөр хэмжээний ашиг хүлээж байгаа бол “Уучлаарай” гэж хэлье. Бид тэгж хөөсөрч чадахгүй. Бодит бизнес хэзээ ч хөөсөрдөггүй.
-Ярианыхаа эхэнд танай төслийн хоёр орд байгаа гэж байсан. Үүнийг тодруулбал?
-Тийм, эхний ээлжид хоёр орд дээр түшиглэж үйл ажиллагаагаа эрхэлнэ. Нэг нь Сүхбаатар аймагт байдаг алт болон мөнгөний уурхай. Гурван тонн алт, 200 тонн цэвэр мөнгөний нөөцтэй. Энэ нь лицензийн 20 хувийн тогтоогдсон нөөц. Үлдсэн 80 хувьд нь хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Нөгөө нь Дундговь аймагт байдаг алт, зэсний уурхай. Дээрээс нь кобальт, платинум илэрсэн.
-Та бүхний төсөл манай улсад ямар үр өгөөжтэй, ашигтай юм бэ?
-Үндэсний криптовалют сайн хөгжих нь гаднаас хөрөнгө оруулалт татах боломж юм. Крипто зах зээлийн ашгийг нэг хүртчихсэн хүн гардаггүй. Авах монгол криптовалют байхгүй бол гаднын криптовалют авч эхэлнэ. Тэгэхээр бид гадагшаа доллараа урсгах уу, гаднаас доллар татах уу гэдэг маш том ялгаатай.
Мөн бидний төсөл бол уул уурхайн салбарын том дэвшил, цоо шинэ хөрөнгө оруулалтын урсгал. Монголын дотоодын уурхайн компаниуд хөрөнгө оруулалтаа татаад уул уурхайн бизнесээ эрхэлж, нөхөн сэргээлтээ хийх боломжтой.
Тус төслийн "White Paper"-тэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.