Open iToim app

Л.Мягмарсүрэн: SPS системийн тусламжтайгаар ҮСХ дата мэдээллийг маш хурдан боловсруулж байна

Л.Мягмарсүрэн: SPS системийн тусламжтайгаар ҮСХ дата мэдээллийг маш хурдан боловсруулж байна
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 16
Үндэсний статистикийн хорооны мэдээлэл боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Статистикийн мэдээлэл боловсруулах – SPS” системийг GSBPM олон улсын стандартад нийцүүлэн Ай Ти Зон болон Новелсофт компанийн инженер техникийн болон хөгжүүлэлтийн баг, дата аналитикийн багтай хамтран хөгжүүлж, амжилттай нэвтрүүлээд байгаа билээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Мэдээлэл технологийн газрын дарга Л.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Үндэсний статистикийн хороо мэдээлэл боловсруулах SPS системийг нэвтрүүлсэн, яагаад энэхүү системийг нэвтрүүлэх болсон вэ?
-Статистикийн байгууллага нь хүн, ам, өрх, аж ахуйн нэгж байгууллага, сум, баг, хороо, төрийн яам, агентлагуудаас батлагдсан маягтын дагуу 7 хоног, сар, улирал, жилийн давтамжтай мэдээ тайлан авч боловсруулан, дүн шинжилгээ хийж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээ гаргадаг. 2021 оны байдлаар 400 гаран төрлийн мэдээ, тайлан, тооллого, судалгааг боловсруулж байна. Эдгээр нь өөр хоорондоо ялгаатай маягтаар буюу бидний цуглуулдаг мэдээ янз бүрийн өөр төрлүүд гэсэн үг. Зарим мэдээ нь 1 нүүр маягттай байхад хамгийн ихдээ 100 орчим хуудас судалгааны асуулга хүртэл байдаг. Дэлхийн бусад орны статистикийн байгууллагууд ч мөн адил олон төрлийн датаг боловсруулан ажилладаг. Иймээс дэлхийн чиг хандлага нь эдгээр олон төрлийн датаг хэрхэн цаг хугацаа, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, төсөв санхүү хэмнэсэн байдлаар хийх талаар олон жилийн өмнөөс хэлэлцэн ажиллаж уламжлалт статистикийн үйл ажиллагааг шинэчлэх үйл ажиллагааны стандартууд, загварууд гаргаж мөрдөж эхэлсэн. Мөн үүний адилаар үйл ажиллагаагаа загварчилснаар ерөнхий өгөгдөл боловсруулах систем, технологийг бий болгож эхэлсэн. Бид яг энэ зарчмаар өөрсдийн 50 орчим системүүдийг статистикийн ерөнхий үйл ажиллагааны зарчмаар нэгтгэн нэг том систем хийх талаар олон жил төлөвлөн энэ онд хийж нэвтрүүлж байна.
-Мэдээллийг нууцлал аюулгүй байдал хэрхэн хангагдсан байдаг вэ?
-Мэдээллийн нууцлалыг нэг систем хийснээр сайжирсан эсвэл муу гэж дүгнэх өрөөсгөл юм. Энэ нь өөрөө хууль дүрэм, хамгаалалт, зохицуулалтын төхөөрөмж, системүүд, түүнтэй уялдан ажиллах програм хангамж, өгөгдлийн сан, программын код, систем хэрэглэгчийн үйлдлүүд гээд маш өргөн асуудал. Бид эдгээр асуудлуудыг тодорхой түвшинд шийдсэн. Цаашдаа тасралтгүй гол анхаарах асуудал мөн.
-Энэхүү систем нь статистикийн тоон мэдээг өрх, ААНБ-аас цуглуулахаас эхлүүлээд Үндэсний статистикийн хорооны сайтад дүрсэлж үзүүлэх хүртэлх бүх дамжлагыг автоматжуулан, аль болох хүний оролцоог багасгаснаар онцлог гэж байсан. Энэхүү системийн онцлог юу вэ?
-Статистикийн мэдээлэл боловсруулна гэдэг нь дата цуглуулаад, цуглуулсан датагаа цэвэрлээд, цэгцлээд, дүн шинжилгээ хийгээд статистикийн мэдээлэл болгож байгаа. Үүнийг үйлдвэрийн дамжлага мэт ойлговол түүхий дата систем рүү оруулаад статистикийн дата үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Манай систем яг энэ байдлаар ажиллана. Систем нь янз бүрийн датаг нэгтгээд вэб сайтад гаргах хүртэлх үйлдлүүдийг хийнэ. Системийн дата архитектур, технологийн архитектур, ашигласан шийдлүүд ийм зориулалттай. Жишээ нь бид “Tableau” програмыг интеграц хийж ажиллуулж байгаа. Дата цэгцлэх, дата дүрслэх зориулалтаар голлон ашиглаж байна.
-Статистик тоон мэдээллийг боловсруулахад тодорхой хэмжээнд цаг хугацаа шаардагддаг байх. Мэдээлэл боловсруулах цаг хугацааны хувьд өөрчлөлт орсон уу?
-Мэдээж бүтэн дата урсгалыг системчилж байгаа учир өмнө нь гар ажиллагаатай, хүнээс хамааралтай байсан завсрын үйлдлүүд автоматаар хийгдэж тодорхой цаг хугацаа хэмнэгдэнэ. Системийг нэвтрүүлээд тодорхой хугацааны дараа бид бодит үр дүнгүүдээ харах болно.
-Мэдээлэл боловсруулах SPS системийг нэвтрүүлсний үр дүнд ямар байна гэж тооцоолж байгаа вэ?
-Статистикийн өгөгдлийн сан, боловсруулалт шинэ шатанд гарна. Хамгийн гол нь манай мэдээлэгчид, хэрэглэгчид үр дүнг нь мэдрэх болно. Жишээ нь бид ковидын үед өрхөөс, ААНБ-аас утсаар судалгаа авах боломжтой боллоо. 75331212 гэдэг манай мэдээлэл цуглуулах дуудлагын төвийн утас ажиллаж эхэлсэн. Мөн бид статистикийн мэдээллийн нэгдсэн сан буюу www.1212.mn сайтаа https://beta.1212.mn/mn хувилбарыг ажиллуулж эхэллээ. Эндээс манай хэрэглэгчид статистикийн мэдээллийг өгөгдөл дүрслэлийн дашбоард, графикуудаар ашиглах боломжтой болсон. Бид цаашид бүх төрлийн статистикийн мэдээллийг үе шаттайгаар шилжүүлэх болно.
-Цаашид мэдээлэл боловсруулалтыг илүү боловсронгуй, олон улсын төвшинд хүргэхийн тулд яах хэрэгтэй гэж харж байгаа вэ. Цаашдын зорилго юу вэ?
-Дэлхийн бусад орнууд төрийн байгууллагуудын өгөгдлийн санг статистикт бүрэн ашиглах чиглэлээр ажиллаж байгаа. Иймд төрийн бүх байгууллагын өгөгдлийн санг статистикт ашиглах мөн өгөгдлийн эрин үе ирсэн байгаа учир төрөл бүрийн их өгөгдлийг ашиглан статистикийн мэдээлэл боловсруулах чиглэлээр ажиллах болно.
/Илүү дэргэрэнгүй мэдээллийг доорх видеоноос хүлээн авч үзээрэй. /

-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн