ТОЙМ: 2022 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна
Анализ | 6 мин уншина

ТОЙМ: 2022 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна

www.iToim.mnЭрдэнэбаатар ГАНЗОРИГ

Нийтэлсэн:   2022 оны 12 сарын 30

iToim.mn 2022 оны онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.

1. Төмөр зам тавилаа, нээлээ

undefined
2022 онд Монгол Улс экспортын шинэ гарц бүхий хоёр чиглэлийн төмөр замын нээлтийг хийлээ. Гурван жилийн өмнө эхлүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн Зүүнбаян-Ханги 226.9 км төмөр замыг тус тус ашиглалтад оруулав. Зүүнбаян-Хангийн төмөр замыг Монголчууд түүхэнд байгаагүй богино хугацаанд буюу найман сарын дотор барьсан нь онцлох үйл явдал байлаа. Цар тахлын дараах эдийн засгийн хямралтай үед төрөөс, төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй дотоодын боловсон хүчин, үндэсний компаниудын хүч хөдөлмөрөөр богино хугацаанд барьж, байгуулж чадсан юм.
Тавантолгой-Гашуунсухай чиглэлийн төмөр зам бол экспортын гол түүхий эд болох нүүрсийг уурхайгаас  нь тээвэрлэж, хамгийн бага зардлаар дэлхийн зах зээлд хүргэх чухал зам. Зүүнбаян-Хангийн төмөр зам нь Монгол Улсын гол төмөр замтай холбогдон өмнөд хөрш рүү гарч байгаа Замын-Үүдийн дараа орох экспортын хоёр дахь гарц юм.  Хоёулаа стратегийн өндөр ач холбогдолтой гэсэн үг. Эдгээр төмөр замууд БНХАУ-ын хилийн боомтуудтай холбогдсоноор тээврийн зардал багадаа хоёр дахин буурч, энэ хэрээр Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Ирэх онд экспортын гол төмөр замуудын холболтын цэгийг тохирох ажлууд хүлээгдэж байна.

2. “Давхар дээл”-ний улс төр ба засагтаа хүч нэмсэн гурав

undefined
2022 онд улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлаас "давхар дээл"-ний улс төрийг онцолж байна. Үндсэндээ эрх баригч МАН бодлогоо захиалж, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ болон Үндсэн хуулийн цэц тэдний хүслийг гүйцэлдүүлэв. ХҮН-ын хэсэг улстөрч, хуульчид Үндсэн хуульд заасан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалт  нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Цэцэд хандсан. Уг асуудал маргаан зургаан сар үргэлжилж, хүлээлт үүсгэснээр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас давхар дээлийг дөрвөөр хязгаарласан Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны шийдвэр нь тогтоол болон гардаг. Энэ тогтоолыг шууд дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ дагуу дараагийн улс төр өрнөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сардаа багтаж танхимаа шинэчлэн байгуулсан. Ингэхдээ 13 сайдаа давхар дээлтэй, 7 сайдаа дан дээлтэй байхаар сонгосон. УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг давхар хашсанаар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа түргэн шуурхай хэрэгжихэд чухал, "давхар дээлтэй сайд нар хүчтэй" гэж тодотгож байсан. Гэхдээ бодит байдал дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас дан дээлтэй хоёр, давхар дээлтэй нэг сайд нь 2022 онд илүү тодорч ажиллалаа. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 29-нд Засгийн газрын сайд нарыг шинээр томилохдоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг сонгосон нь хамгийн их анхаарал татсан. Энэ цагаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол тоглогч нь Д.Амарбаясгалан болов. Түүний цаашид хийх улс төр одоо ч анхаарлын төвд бий.
Энэ Засгийн газар эдийн засгийн олон сорилт, иргэдийн олон удаагийн жагсаал, цуглаантай нүүр тулж буй. Энэ бүгдтэй, Засгийн газрыг төлөөлж тэргүүн эгнээнд алхаж байгаа сайд бол Х.Нямбаатар. Тэрээр галтай сэдэв, асуудал бүрийн Ажлын хэсгийг ахалж, Засгийн газар, Ерөнхий сайдынхаа өмнө гал  хамгаалагчийн үүрэг гүйцэтгэв.
Харин чимээгүй хэрнээ Засгийн газрынхаа бодлого үйл ажиллагаанд хүч нэмж байгаа сайд бол Б.Батцэцэг. Б.Батцэцэг сайдын зөөлөн хүч нь Орос-Украины дайны нөлөөнөөс шалтгаалан олон улсад Монгол Улсын байр суурийг хамгаалах, хөрш орнууд болон гуравдагч хөршийн харилцаагаа тэнцвэржүүлэхэд чухал үүрэгтэй байлаа. Өнгөрч буй 2022 онд Монгол Улсад урд, хойд хөршийн Гадаад хэргийн сайд нар, БНХАУ-ын парламентын танхимын дарга, Японы Гадаад хэргийн сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг төрийн өндөр дээд хэмжээний айчлалууд хийсэн. Манай талаас ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар БНХАУ, Япон, Сингапур, Турк,  Герман зэрэг улсад төрийн дээд хэмжээний айлчлалууд хийв. Гадаад харилцаа талдаа Монгол Улсын нэр хүнд сайн байлаа.

3. Иргэд сэрэв, жагсав

undefined
Өнгөрч буй 2022 онд Төв талбайд иргэдийг хамарсан том хэмжээний хоёр жагсаал болов. Нэг нь дөрөвдүгээр сард “Ажлаа хий”, нөгөө нь сая арванхоёрдугаар сард “Хулгайчдын нэрсийг зарла” гэх уриа, шаардлагын хүрээнд боллоо. Эхний жагсаал хоёр өдөр үргэлжилсэн бол сүүлийн жагсаал 20 гаруй хоног үргэлжилж байна. Эл хоёр жагсаалын үндсэн зорилго эрх баригчдыг ажлаа хийхийг сануулж, өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаагийн эсрэг иргэд дуугарав, жагсав. Дээр, төр удирдаж байгаа хүмүүсийн хулгай луйвар, авлига гаарлаа, харин энгийн иргэд ажиллаад байхад амьдрал дордож байна, төлсөн татвар нь зөв зарцуулагдахгүй байна, өвчлөл, утаа, түгжрэл буурсангүй зэргээр бухимдан жагссан.
Иргэдийн жагсаал тодорхой үр дүн өгч, эрх баригчдад сануулга болсон. Дөрөвдүгээр сарын жагсаалын дараа Засгийн газар хэмнэлтийн хууль санаачилж, эрх барих дээд байгууллага баталсан. Төрийн захиргаа болон ТӨҮГ, ТӨХК-иуд орлогчгүй, дэд даргагүй, төрийн бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд шилжсэн. Төсвийн мөнгөөр гадаадад аялахгүй, баяр тэмдэглэхгүй, гар утасны төлбөрөө төлүүлэхгүй, албаны машин хөлөглөхгүй болов. Үнийн өсөлтийг сааруулах хүрээнд зарим импортын барааны татварыг цуцалсан. Саяын жагсаалын шаарлагын хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаллаа. Мөн “нүүрсний хулгай”-д холбогдсон гэх зарим албан тушаалтнуудын нэрийг зарлуулж, хууль хяналтын байгууллагууд хөдөлгөөнд оров.
Төв талбайд цугласан иргэдийн хандлагаас эрх баригчид нэгийг бодож хоёрыг тунгаасан гэж найдъя. Нийтийн органик жагсаалыг өөрсдийн улс төрд ашиглах хэсэг байсан ч  иргэд хэрсүү, бүхнийг ажиглаж байгааг мартах учиргүй, бас басамжилж боломгүй юм.

4. Доллар тэнгэрт, төгрөг газарт

undefined
Дэлхийн дахинд ноён доллар чангарав. Импортын өндөр хамааралтай Монгол Улсад энэ салхи хүчтэй мэдрэгдэв. Өнгөрч буй 2022 онд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 20 гаруй хувиар чангарч, нэг ам.доллар 3445 төгрөгт тэнцлээ. Энэ нь оны өмнөхөөс 600 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Ид бүтээн байгуулалтын сезон, дулааны улиралд ам.доллар хомсдож, банк санхүүгийн байгууллагууд өдрийн долларын арилжаанд лимит тогтоов. Иргэн, ААН-үүдэд өдөрт дээд тал нь 300 ам.долларын арилжаа хийх лимит тогтоосон. Гаднаас бараа үйлчилгээ авдаг иргэд, бизнес эрхлэгчид шинэ сорилттой нүүр тулсан. Хар зах дээр ч ханшийн өсөлтөөр тоглов. Өдөр, цаг, минутаар долларын ханш өссөн. Иргэд олон хоног дараалан банк орж хүссэн ам.долларынхаа барааг харна, харилцагчид данснаасаа өөрийнхөө хүссэнээр ам.доллар авч чадахгүй байдал гурван сар орчим үргэлжилсэн. Банкууд зургадугаар сараас хязгаарлалтаа зогсоож, хэвийн байдалд шилжсэн. Гэхдээ ам.долларын ханш буураагүй, чангарсаар буй. Энэ хэрээр төгрөгийн хөрвөх чадвар суларсаар байна.
Ирэх 2023 онд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлж, ам.доллар үргэлжлэн чангарах төлөвтэй. Хэрэв Монгол Улс ам.доллар орж ирэх урсгалаа нэмэгдүүлэхгүй бол ирэх онд ханшийн эрсдэл том сорилт болно.

5. Гомдолгүй бүртгэл, бүрэн хамрагдалт

undefined
Өнгөрсөн хавар сургууль цэцэрлэг амрахтай зэрэгцэн Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам “Намар цэцэрлэгийн сугалааг хална, бүх хүүхдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамруулдаг болно” гэж амлаж байв. Тэд амласнаа биелүүлсэн, чадсан. Улаанбаатар хотын хэмжээнд 2-5 настай 126312 хүүхдийг буюу хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулав.
Сугалаанд ёндоорч, аз ивээсэн нэгэн нь цэцэрлэгт хамрагдаж, азгүйдсэн нь цоожтой хаалганы цаана үлддэг байдлыг бүрэн халсан нь оны онцлох үйл явдал байв. Ингэхдээ, түрээсийн цэцэрлэг, гэр цэцэрлэг байгуулах, байр орон сууцны нэг давхрыг худалдан авах, хувийн болон улсын цэцэрлэгт нэмэлт элсэлт авах замаар гэртээ үлддэг байсан 34 мянган хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулж, шийдвэрлэсэн юм. Мөн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дэргэд салбар байгуулж, ачаалалтай бүсийн хувийн цэцэрлэгт хувьсах болон хоолны зардлыг нэмэгдүүлэн олгов.
www.iToim.mnЭрдэнэбаатар ГАНЗОРИГ

Нийтэлсэн:   2022 оны 12 сарын 30

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн