Монгол Улс 1995 оноос нүүрс олборлож, экспортолж эхэлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл Монгол Улс 336.4 сая тонн нүүрс экспортолсноос 296 сая тонн нь Тавантолгойн бүлэг ордоос гарсан байна. Илүү тодруулбал, 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдаж, Тавантолгойн ордыг ашигласнаас хойших сүүлийн арав гаруй жилд Монголын нүүрсний экспорт үлэмж нэмэгджээ. Энэ хэрээр “Эрдэнэс Тавантолгой” компани томорч, улстөрчдийн шахаа, үе үеийн Засгийн газар, сайд дарга нарын "кассын машин" болж хувирсан. Хэрвээ энэ компанийг улс төрөөс хараат бус, олон улсын дүрэм журмаар нь ажиллуулсан бол олон жилийн нүүрсний хулгай, алдагдсан боломжийн тухай өнөөдөр бид яриад суухгүй байлаа.
Сүүлийн 10 жилд "Эрдэнэс Тавантолгой"-д улстөр, бизнест нөлөө бүхий эрхмүүд шахаа хийж, хулгай луйвар бугшсан нь “нүүрсний хулгай”-н хэргээс тод харагдаж байна. Үе, үеийн удирдлагууд нь улстөрчидтэй үгсэн хуйвалдан өндөр үнээр бараа үйлчилгээ худалдан авч, дундын ашгаасаа гадаад, дотоодгүй тансаг зэрэглэлийн хорооллууд барьжээ. Заримтай нь Монголын баялгийг маш бага үнээр барьцаалж гэрээлсэн нь зах зухаасаа илрэв.
Засгийн газраас нууцын зэрэглэлд байсан 9 оффтейк гэрээг ил болгосны долоо нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой байна. Энэ долоон гэрээний гурав нь төмөр замын төсөл бөгөөд бариагүй төмөр замаар нүүрсийг нь тээвэрлэнэ гээд урьдчлаад их хэмжээний мөнгө гаргуулаад авсан. Мөн өнөөдрийн зах зээлийн үнээс хэт багаар нүүрсийг нь аваад цаашаа өндөр үнээр дамлан зарж байна. Ийм гэрээг "Эрдэнэс Тавантолгой" компани “Бодь интернэшнл” ХХК-тай хийсэн. Энэ гэрээг ҮАБЗ-ийн түвшинд ярьж шийдээд нууцалсныг ил болгов. Монголчуудын эрх ашиг бус хэсэг хүн хулгайгаа далдлах гэж нуужээ. Жишээ нь, нууц гэрээний гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-д захиалагч "Эрдэнэс Тавантолгой" ХК Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан төмөр замын санхүүжилтийг нүүрсээр барагдуулахдаа үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэж гэрээлсэн. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг зах зээлийн үнээс 5-13 хувиар бага үнээр тооцож, тонныг нь дунджаар 60 ам.доллар байхаар тохирчээ. Гэтэл нүүрсээр санхүүжилтийг барагдуулах “Бодь интернэшнл”-ийн гэрээнээс төр 63.5 сая ам.доллар буюу 187.7 тэрбум шууд хохирол амссан байна. Санхүүжилт авсан сар бүрээр нь нүүрсний зах зээлийн үнийг харьцуулахад ийм хэмжээний орлогыг төр алджээ. Энэ нь зөвхөн төслийн гүйцэтгэгчийн гаргасан санхүүжилтийг нүүрсээр барагдуулахтай холбоотой асуудал. Цаана нь төмөр замын төслүүдийн зах зээлийн өртөг, ТЭЗҮ хэр бодит байсан эсэхийг дүгнэх, шалгах асуудлууд бий.
Хэрвээ "Эрдэнэс-Тавантолгой" ХК “Бодь интернэшнл”-тэй хийсэн нүүрсний үнэ хөнгөлөх, нийлүүлэх гэрээгээ цуцалбал өмнө нийлүүлсэн нүүрсний 20 хувьтай тэнцэх торгууль төлнө. Мөн талууд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгэгчийг бүрэн хохиролгүй болгох заалттай. Өөрөөр хэлбэл, хэдий Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төмөр замын төслийг санхүүжүүлсэн оффтейк гэрээнүүдийг ил болгосон ч өмнөх алдаатай гэрээг цуцлах, засах боломжгүй гэсэн үг. Гэрээг цуцалбал бүр л илүү алдагдалд орох, илүү төлөх гэрээний нөхцөлтэй. Тэгэхээр Засгийн газар хүссэн, хүсээгүй “Бодь интернэшнл”-тэй хэлэлцээрт орж таарна. Нэн түрүүнд зах зээлийн үнээс 5-13 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрсээ зарахаар гэрээлснээ эргэн харах, хэт давуу байдал үүсгэсэн гэрээгээ өөрчлөх хүсэлтийг тавьж, хэлэлцээрийн ширээний ард суухаас өөр гарцгүй юм.