Open iToim app
Бүтээгч | 6 мин уншина

Тэмээчин өрхөд сард 3-9 саяын орлого оруулдаг Их говийн цагаан алт ‘Mongolian Camel’

Тэмээчин өрхөд сард 3-9 саяын орлого оруулдаг Их говийн цагаан алт ‘Mongolian Camel’
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 8
Их говийн цагаан алт хэмээн нэршсэн ингэний хоормогийг уламжлалт аргаар исгэж, нийслэлийн иргэд жилийн аль ч улиралд ойролцоох дэлгүүрээсээ эрүүл ахуйн шаардлага хангасан савлагаатай худалдан авах боломжийг ТЭСО группийн “Цагаан алт” төслийнхөн санаачилжээ.  ITOIM агентлаг эх орны брэнд төслийг дэмжих “Монгол хүний гараар бүтээв” булангийн энэ долоо хоногийн дугаарт “Mongolian Camel” буюу Ингэний хоормог брэндийг онцолж байна.
Өглөө саасан ингэний сүү орой гэхэд нийслэлд ирдэг
Хорвоод мэндлэх бяцхан үрээ шарлалтгүй, эрүүл саруул төрүүлэх, тулгар биетэй гэргийнхээ хаванг бууруулахыг хүссэн жирийн нэгэн монгол аав Өмнийн говиос нийслэл рүү байнга ингэний хоормог захиж авдаг байжээ. Алс нутгаас захиж авсан хоормог нь дахин ашиглаж буй хуванцар савтай ирдэг байсанд эрүүл ахуйн талаасаа байнга санаа зовдог байж. Энэ санаа зовсон асуудлыг шийдэх, цаашлаад олон, олон эх, хүүхдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулахаар сэтгэл шулууджээ. Тэрээр /иргэн Гантбат/ тэмээн сүргийн нутаг Өмнөговь аймагт олон удаа очиж, уулзалт судалгаа хийсэн байна. Улмаар ингэний хоормог исгэх анхдагч түүхий эд болох сүүг үйлдвэрт нийлүүлж, уламжлалт аргаар ингэний хоормог исгэх төслийг эхлүүлсэн энэ ажээ.
Гэвч төслийн багийнхан ойролцоогоор 1000 км-ийн цаанаас ингэний сүүг гашилгаж, ээдүүлэхгүйгээр тээвэрлэх асуудалтай тулгараад байжээ. Тухайн үед тус аймгийн Ханбогд сумын залуу малчид Оюу толгой компанийн төлөөллүүдтэй хурал, уулзалт хийж байхтай таарч, тэндээс сүү тээвэрлэх боломжийг олж харсан байна. Үүнээс хойш өглөө саасан ингэний сүүг онгоцоор тээвэрлэж, үдшийн бүрийд нийслэлд хүргэдэг болжээ.
undefined
Ингэний сүү нийлүүлэх эхний 12 айлыг Өмнөговь аймгийн Ханбогд сумаас сонгон, тэдэнтэй гэрээ хийсэн байна. Ингэний тоо толгой, цаг агаарын нөхцөлөөс хамаараад нэг айл өдөрт хамгийн ихдээ 60-70л, багадаа 30л сүү саадаг. Энэ зуны хувьд хур бороо багатай, айлууд отор нүүдэл их хийсэн учраас ингээ аравдугаар сараас сааж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 10 айлаас нийтдээ 400-500 л сүүг өдөртөө татан авч байгаа аж. Айлууд өвлийн цагт ингээ өглөө, оройдоо саадаг учраас ахиу хэмжээний сүү татан авах боломжтой болдог байна. Ингэний дэлэнгээс гарах сүү нь +30 хэмийн температуртай байдаг аж. Ийм хэмийн сүүг 20 минутын дотор +5 хэм болгон хөргөх аргыг төслийн багийн залуус сүвэгчилжээ. Дийлэнх малчдын хэрэглээ болсон амьжиргаа цагаан машинд дээрх хөргүүрийн тогоогоо суурилуулж, үлдээдэг. Машин асахад сүү хөрж эхэлнэ. Сүүгээ хөрсний дараа зориулалтын хүнсний саванд хийж, нарны эрчим хүчээр ажилладаг хөлдөөгчинд хөлдөөдөг. Хөлдөөлсөн сүүг өдөр бүр тусгай сүү тээвэрлэх ажилтан ирж, зориулалтын машинаар зөөн Ханбогд суманд хүргэдэг. Сумаас орой хот руу нислэгээр татан авдаг байна.  
undefined
Тэмээчин өрх сард 3-10 хүртэлх сая төгрөгийн цалин авдаг
Төслийн багийнхан эрүүл, аюулгүй савлагаатай ингэний хоормогийг нийслэлийн иргэдэд илүү ойроос хүргэдэг болохын зэрэгцээ нутгийн 10 гаруй өрхийг тогтвортой орлоготой болгожээ. Тухайлбал, сүүний гарц сайн үе буюу өвлийн сард нэг айл хамгийн багадаа 3.2 сая, хамгийн ихдээ 9.7 сая төгрөг авдаг байна. Үүрийн гэгээ татахаас үдшийн бүрий хүртэл зогсолтгүй ажиллах тэмээчин айл тогтмол орлоготой болж, үр хүүхдийнхээ боловсролд зарцуулах, тэднийгээ гадаад дотоодод явуулах хуримтлал үүсгэж эхэлжээ.
Бид сүү нийлүүлэгч Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ц.Нэргүйтэй утсаар холбогдсон юм. Тэрээр “Энэ жилийн хавар цаг тааруухан байсан учраас намраас ингээ сааж эхэлсэн. Ер нь зун, намар сүүний гарц сайн байдаг учраас өдөрт нэг удаа саахад хангалттай. Харин өвөл арваннэгдүгээр сараас бууцандаа буугаад өглөө, орой саадаг тулдаа сүүний нийлүүлэлт боломжийн байдаг. Манайх өмнө нь ингэнийхээ сүүгээ хурааж байгаад сумын төвийн дэлгүүрүүдэд зараад мөнгөө бэлнээр нь авдаг байсан. Сүүнийхээ мөнгийг өдөрт нь бэлнээр аваад байхаар бензин тос, хоол унданд явчихдаг юм билээ. Харин сүүгээ үйлдвэрт нийлүүлж эхлээд цалингаа сарын сүүлээр авахад овоо үр өгөөжтэй байна. Тухайлбал, хоол унд, бензин тос, хүүхдийн сургалтын төлбөрийг төлөөд хуримтлал үүсгэх боломжой болсон” хэмээн ярив.

Монгол Улсаас анх удаа ингэний хоормог экспортлохыг зорин ажиллаж байна

undefined
Мөн “Mongolian Camel” брэндийг санаалагч, ТЭСО группийн Эко кластер ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбаттай ярилцсан юм.
-Тэмээчин айлын гэртээ исгэсэн ингэний хоормог, танай үйлдвэрийн ингэний хоормогт чанарын ямар ялгаа байдаг вэ?
-Ялгаа гарахгүй гэж хэлнэ. Учир нь, анхан шатны бүтээгдэхүүн буюу ингэний сүүг нь авчраад уламжлалт аргаар өөрийнх нь хөрөнгөөр исгэж байгаа юм.
-Ингэний хоормогт хүний биед тустай ашигт бактер, амин хүчил хамгийн ихээр агуулдаг гэдэг. Энэ ашигт бактерийн агууламж өөрчлөгддөггүй гэж ойлгож болох уу?
-Үндсэн түүхий эд нь буюу ингэний сүүн дээр ямар нэг химийн нэмэлт бодис хийдэггүй. Харин малчдаас ирсэн сүүг ариутгаад хөрөнгөө хийж исгэдэг. Ханбогд суманд сүү нийлүүлэгч айлуудын гадаа байгаа хөргөлтийн машин, бетон сав, тухайн айлын ахуйтай холилддоггүй тусдаа байдаг. Мөн хөлдөөсөн сүү болгоноос дээж авч химийн үзүүлэлтийг шинжилдэг учраас эрүүл, аюулгүй. Малчдын гар дээрэс сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авахад ихэвчлэн хуучин ундаа, усны хуванцар саванд хийж борлуулдаг шүү дээ. Тухайн хуванцар сав нь хоёр удаа ашиглагдаж байгаагаас гадна яаж угааж, ариутгадаг эсэх нь эргэлзээтэй байдаг. Иймээс манай компани хоормогоо шилэн саванд савладаг.
-Хоормогийг лайм жимстэй холих нь үндсэн агуулгыг нь өөрчлөх юм шиг санагддаг?
-Лайм жимс нэмж өгснөөр сахар агуулахгүй болж байгаа юм. Исгэлэн биш чихэрлэг амттай зүйлийг таашаадаг хүмүүст сонголт өгөх зорилгоор лайм жимсийг нэмсэн. Ингэснээр ингэний хоормогт ямар нэг өөрчлөлт орохгүй. Хүмүүс таргандаа жимс, самар хийж иддэгтэй адил гэсэн үг.
-Монгол ингэний хооормогийн онцлог нь юу байна вэ?
-Гаднын зарим улсад хүнд хагалгааны дараа ингэний сүүг хэрэглэдэг. Дэлхий дээр хамгийн олон хоёр бөхтэй тэмээтэй хоёрхон улсын нэг манай улс. Монголд тэмээ маллаж буй айлууд одоогоор тэмээндээ ямар нэг бордоо, тэжээл өгдөггүй. Тэмээд нь зөвхөн бэлчээрт явж, говийн хөрснөөс тэмцэж гарч буй бударгана, харгана, заг зэргийг түүж иддэгээрээ онцлогтой. Энэ хэрээр ашиг тустай, амин дэм, шимт тэжээл ихтэй шүү дээ.
-Америк зэрэг орнуудад ингэний хоормогийг алттай зүйрлэдэг. Ингэж зүйрлэх хэмжээний хүний биед ач тустай, эрэлт хэрэгцээтэй юм билээ.  Гэсэн хэдий ч Монгол Улс малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнээ экспортлох боломж одоогоор байхгүй нь харамсалтай?
-Манай улсад малын өвчлөл их байдагтай холбоотойгоор малын гаралтай сүү, сүүн бүтээгдхүүн экспортлох хориотой. Гэсэн хэдий ч Монгол Улсаас анх удаа ингэний хоормог экспортлохыг зорин ажиллаж байна. Одоогийн байдлаар Хятадын талын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн шатандаа явж байна.
Ингэний хоормог ууснаар дархлаа дэмжих, уушиг болон хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, гэдэсний ашигт бактер нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь антибиотик эмчилгээий хорыг гадагшлуулахад маш сайн аж. Тухайлбал, хүүхэд тань ханиад томуу хүрээд антибиотик хэрэглэвэл дараа нь ингэний хоормог ууж хорыг гадагшлуулах нь чухал гэсэн үг юм. Ингэний хоормогийг хэрхэн зөв уух талаар Уламжлалт анагаах ухааны их эмч Б.Энхцэцэгийн зөвлөснийг хүргэж байна.
Ингэний хоормогийг намраас улирлаас хэрэглэнэ. Учир нь зуны улиралд бусад цагаан идээгээ түлхүү хэрэглэх нь зүйтэй. Ингэний хоормогийг хүүхэд уухад:
  • 1-3 насны хүүхдэд өдөр 50мл өдөрт 2,3 удаа  5 хоног
  • 3-5 настай хүүхэд 70мл 2,3 удаа 5-7 хоног
  • 6-10 настай хүүхэд 70-100 мл өдөрт 3 удаа 5-7 хоног
  • 11-15 настай хүүхэд 100 мл өдөрт 3 удаа 7 хоног бүлээнээр уулгаад завсарлана. Завсарлах хугацаа улирлаас хамаараад харилцан адилгүй. Өвөл, хаврын цаг 7-21 хоног завсарлана. Харин насанд хүрсэн хүн өдөрт 150 мл-ээр өдөрт 2 удаа бүлээнээр ууж болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн