Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

'Эрэгтэй хүн уйлж болохгүй, тэвч' гэх хандлагын золиос: Амиа хорлогчдын 80 хувь нь эрэгтэйчүүд байна

'Эрэгтэй хүн уйлж болохгүй, тэвч' гэх хандлагын золиос: Амиа хорлогчдын 80 хувь нь эрэгтэйчүүд байна
‘Эр хүн уйлах ёсгүй,  хатуу, чанга байх ёстой, чи бол эрэгтэй хүн, тэвч!’ гэх үгийг бидний ихэнх нь багаасаа сонсож өссөн. Нээрээ л уйлж болохгүй юм байна, би чинь эрэгтэй хүн. Хатуужилтай байх ёстой зэргээр өөрсдийн мэдрэмжээ дотогшоо хадгалж, илэрхийлэхгүй байсаар нийгэмдээ бие хүн болж төлөвших нь ‘энгийн’ үзэгдэл юм. Тэгвэл энэ энгийн үзэгдэл биднийг амиа хорлолтод хөтөлж байгаа юм биш биз!
Тодруулбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар Монголд 2016-2020 онд 2243 хүн ямар нэг байдлаар амиа хорложээ. Тэгвэл амиа хорлосон эдгээр хүмүүсийн ная гаруй хувь нь буюу 1910 нь эрэгтэйчүүд байгаа нь анхаарал татаж байна. Насны ангиллаар авч үзвэл гол төлөв идэр залуу буюу 20-39 насныхан байгаа юм.
undefined
Хамгийн сүүлийн буюу 2020 оны статистик мэдээллийг дурдвал, 20-24 насны  27, 25-29 насны 71, 30-34 насны 58, 35-39 насны 53 эрэгтэй хүн амиа хорлосон байна. Бид дээрх статистик мэдээлэлд үндэслэн эрэгтэй хүмүүст сэтгэл зүйн эрүүл мэнд хэр чухал байдаг, асуудлаа хэнтэй, хэрхэн ярилцан шийдвэрлэдэг, сэтгэл хөдлөлөө хэр их илэрхийлдэг зэргээр асуулт асуусан юм. Ингэхэд:
undefined
Иргэн 1: Сэтгэл зүйн эрүүл мэнд мэдээж чухал байлгүй яах вэ. Тайван сэтгэл зүйтэй, уур уцааргүй байж тухайн хүн эрүүл байна. Манай нийгэмд "эрэгтэй хүн уйлж болохгүй" гэх хандлага түгээмэл байдаг. Харин миний хувьд үүний эсрэг байдаг. Бид эмэгтэй хүнээс ялгаагүй бие физиологитой. Иймд баярласан, гунигласан үеэ нулимсаараа илэрхийлэн гадагшлуулж байх хэрэгтэй. Би хамгийн сүүлд уржигдар найзуудтайгаа кино үзэж байхдаа уйлсан. Миний хувьд эр хүн гэдэг шийдвэр гаргаж чаддаг, түүндээ бат зогсдог хүнийг хэлнэ.
Иргэн 2: Эрүүл мэндийн байгууллагаас хүний сэтгэл зүйтэй холбоотой өвчин эмгэг үүсэх боломжтой гэх мэдээлэл сонсож байсан. Иймд сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилдаг. Хүн л юм чинь сэтгэл нь хөдөлж уйлж болно. Уйлах нь зөв. Би өөрт тулгарах асуудлаас шалтгаалан ойр дотнын хүмүүстэйгээ ярилцах эсэхээ шийддэг. Гэвч өөрийгөө анзаарч байхад ихэнх тохиолдолд дотроо бусадтай ярилцахаас илүү дотроо хадгалах үе их санагддаг.
Иргэн 3: Миний хувьд сэтгэл хөдлөлөө тэвчих, өөрөө өөртэйгөө ярилцах үе цөөнгүй байдаг. Гэхдээ ингэлээ гээд өөрийгөө уйлж болохгүй хэмээн тулгаж, хүчилдэггүй. Эрэгтэй хүнд ч бас уйлах, дуулах үе байдаг. Надад асуудал гарвал заримыг нь хүнтэй хуваалцаж ярина, харин заримыг нь өөртөө хадгалж үлдээдэг.
Багадаа гэр бүл, ойрын төрлөөсөө ‘Уйлж болохгүй, эр хүн юм байж’ гэх үгийг олон удаа сонсож байсан. Гэхдээ энэ надад огтхон ч хүнд тусаж байгаагүй. Миний бодлоор эрэгтэй хүн гэдэг өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ үнэнч хүнийг хэлнэ.
Иргэн 4: Багадаа ах эгч нар болон энд тэнд таарсан өвөө, эмээ нараас ‘Уйлж болохгүй, хатуу, тэвчээртэй байх ёстой’ гэх үгийг ер нь л сонсож өссөн дөө. Энэ нь магадгүй бидний уламжлалт сэтгэхүй, ёс заншилтай холбоотой байх.
Би эрэгтэй хүн уйлж болно, мэдрэмжээ илэрхийлж болон гэж боддог. Би долоо хоногийн өмнө найзуудтайгаа ярилцаж байхдаа уйлж байсан юм байна.
Иргэн 5: Ихэнх хүмүүс эрэгтэй хүн уйлж болохгүй гэж боддог. Энэ магадгүй бидний байгалиас заяасан өгөгдөлтэй ч холбоотой байх. Бага байхдаа эр хүн байж уйлж болохгүй, тэвчээртэй бай гэж олон сонсож байлаа. Энэ үг одоо надад миний хандлага болоод үлдсэн юм шиг санагддаг. Цаашлаад сэтгэл зүйд минь ч нөлөөлж байсан. Миний хувьд тэр бүр хүн бүхэнтэй яриад байдаггүй, дотогшоо төрлийн хүн. Асуудлаа аль болох өөрөө шийдэхийг эрмэлздэг” хэмээн асуултад хариулсан юм.
Эдгээр хариултаас манай нийгэм ‘Эрэгтэй’ хүнийг сэтгэл зүйн хувьд хэр их хаалттай, ил гаргахыг хориглодог нь харагдаж байгаа юм. Бид цааш эрэгтэй хүний сэтгэл зүй, амиа хорлолтын энэ үед хэрхэн энэ бодлыг арилгах талаар сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцсан юм.
undefined
-Эрэгтэй хүн амиа хорлох явдал сүүлийн үед ихэссэн байна. Энэ юутай холбоотой вэ?
-Амьдралд тулгамдсан асуудал хуримтлагдаж, дотроо маш их эсэргүүцэлтэй тулгарсны үндсэнд үүнээс ангижрахын тулд хүний ухамсаргүйгээр хийх үйлдлийг амиа хорлолт гэнэ. Яагаад эрчүүдийн амиа хорлолт их байна вэ гэвэл эрэгтэй хүн байгалиасаа аливаа зүйлийг уучлах дургүй, үхтлээ үүнтэй тэмцэх боловч бусдаас тусламж гуйж болохгүй гэх өгөгдөлтэй хүмүүс байдаг. Мөн шийдвэр ггаргах, үйлдэл хийдээ маш хурдан байдаг. Энэ нь нөлөөлдөг.
Нөгөөтэйгүүр, манай эрчүүдийн сэтгэл зүйчид хандах соёл, ухамсар маш бага байна. Эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлог буюу тулгарсан асуудлаа бусдад ярих, тусламж авах зэрэг ойлголт маш бага байна. Өөрөө шийднэ хэмээн бусадтай хуваалцахгүй, ярилцахгүй явсаар мухардаж, улмаар архинд орох, сэтгэл гутралд орох зэрэг асуудал үүсч байна. Энэ ч мөн цааш даамжирсаар өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тэг болох үед амиа хорлох явдал гарч байгаа юм. 
Эмэгтэй хүний хувьд хэдэн цагаар ч хамаагүй найзтайгаа ярилцан доторх сэтгэлээ ярьж тайвширдаг. Сэтгэл зүйн энэ онцлог мөн нөлөөлж байна.
-Түүнчлэн манай нийгэмд ихэнх эцэг эхчүүд ‘Эр хүн байж уйлж болохгүй, тэвч’ гэж хүүхдэдээ хэлдэг. Энэ нь тухайн хүүхэд өсч, торних явцад сэтгэлийн байдлаа бусдад ярих, нээлттэй байх энэ ойлголтыг  багасгаж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Ихэнх хүмүүс ‘Эрэгтэй хүн уйлдаггүй. Бусдаас тусламж гуйж болохгүй, ялагдаж болохгүй’ гэж хурцалдаг. Энэ хэвшмэл болсон ойлголт нь хөвгүүдэд сэтгэлээ илэрхийлж болохгүй, өөрөөрөө байж болохгүй, сул дорой байж болохгүй гэх бодлыг багаас нь тархинд нь суулгаж өгдөг. Гэтэл ирээдүйд тэр хүүхдийн амьдралд нь олон зүйл тохиолдоно. Тухайн хүүхэд их сургууль, ажил албанд орно, амьдрал зохионо. Магадгүй өсвөр насандаа хүсч байсан зүйлс нь биелэхгүй тохиолдол байна. Энэ үед стресс, сэтгэл гутрал давамгайлна. Бусадтай ярилцах гэвч зарим тохиолдолд багаас нь тархинд нь сууж өгсөн тэрхүү бодол нь хаах юм.
Иймд эцэг эхчүүд эрэгтэй хүүхэд хүмүүжүүлэхдээ юуг хүсэж байгаа, ямар гомдол айдас тулгарч байна зэргээр асуудлаа өөрөө илэрхийлэх энэ зүйлийг нь нээж өгөх хэрэгтэй. Хүүхдэдээ ердөө чанартай 15-20 минутыг гарган дараах асуултыг асуугаарай.
-Өнөөдөр чиний сэтгэл санаа ямар байна вэ?
-Чамд тулгарч байгаа асуудал, зовоож буй зүйлс байгаа юу?
-Баярлуулсан, талархсан зүйл байгаа юу?
-Тааламжтай санагдсан, талархууштай зүйл байгаа юу’ зэрэг асуултыг асуух хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд тантай нээлттэй ярилцах болно. Хэрэв ингэж чадахгүй бол мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандаарай.
-Тэгвэл өсвөр насны болон бусад хүмүүст ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Эмээ нар уйлбал сэтгэл хөнгөрнө, уйлах хэрэгтэй шүү’ хэмээн охиддоо их хэлдэг. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл юм. Сэтгэл судлалд зовлонгоо 80 дахин яривал сэтгэл зүйн ямар ч дарамтаас ангижирна гэсэн байдаг. Сэтгэл зүйч дээр ирээд хүмүүс яагаад тайвшраад байдаг вэ гэхээр сэтгэл зүйч тухайн хүний амьдралынх нь талаар нээлттэй ярилцаж, бүх асуудлыг нь сонсдог. Хүн бүх асуудлаа ярьж байх энэ үедээ тайвширч, бодит асуудлаа олж хардаг. Иймд өсвөр насныхан болон бусад эрчүүддээ зөвлөхөд бусадтай асуудлаа ярилц, сонс, хэн нэгнээс тусламж авахыг эрмэлзэж байгаарай. Энэ төрлийн харилцаа их чухал юм шүү гэдгийг зөвлөмөөр байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн