Open iToim app
Улс төр | 4 мин уншина

О.Мягмарсүрэн: Д.Сарангэрэл гишүүнийг хүний эрхэд халдсан гэж үзэж, Цэцэд хандсан

О.Мягмарсүрэн: Д.Сарангэрэл гишүүнийг хүний эрхэд  халдсан гэж үзэж, Цэцэд хандсан
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 6
Иргэн Э.Түвшинбаяр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.  Тэрээр төрийн эрх бүхий албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Засгийн газар бус гагцхүү Үндсэн хуулийн цэц дүгнэх ёстой гэж үзэж байна. Иргэн Э.Түвшинбаярт өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болсон аж.  
Уг асуудлаар “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнтэй ярилцлаа.  
-Иргэн Э.Түвшинбаяр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсан байна. Эхний ээлжид энэ талаар товч мэдээлэл өгч болох уу? 
-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахад ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл илтгэл танилцуулсан. Энэ үеэрээ Монгол Улсын хүн амын багагүй хэсэг болох 1520 өрхийг “Улны айл” гэж хэлсэн. Энэхүү үгтэй холбогдуулан түүнийг УИХ-ын гишүүн болохдоо өргөсөн тангаргаасаа няцсан байна гэж үзэж Цэцэд хандсан юм. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлд УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол Цэц дүгнэлт гаргана гэсэн заалттай. Харин мэдээллийг нь иргэдээс Цэцэд гаргадаг. Энэхүү эрхийг дагуу иргэн Э.Түвшинбаяр гаргасан юм. 
-Засгийн газрын гишүүн ч, УИХ-ын гишүүн ч Үндсэн хуулиа сахин биелүүлэх тангарагтай. Засгийн газраас ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж огцруулсан. Харин УИХ-аас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа учир та бүхнийг Цэцэд хандсан гэж ойлгож байна. Зөв үү? 
-Тэгж хэлж болно. Засгийн газраас сайд Д.Сарангэрэлийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж огцруулсан. УИХ ч бай, Засгийн газар ч бай эрх бүхий албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дүгнэдэг байгууллага биш. Гагцхүү Үндсэн хуулийн цэц л Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэнэ. Үнэхээр Үндсэн хууль зөрчсөн байвал дүгнэлт гаргаж, УИХ-д танилцуулна. УИХ энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх хуультай. 
Биднийн үзэж буйгаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сайдын суудлаасаа огцроод, гишүүний суудалдаа үлдэх нь зохимжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл, 1520 өрх, нэг өрхөд дор хаяж хоёр хүн байдаг гэж тооцвол хэдэн хүнийг ялгаварлан гадуурхсан нь харагдаж байна. “Улны айл” гэж хэлсэн үг, тухайн үеийн биеийн хэлэмж, үйл байдал нь 1520 өрхийн иргэнийг нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан. Энэ Үндсэн хуульд тод томруунаар заасан хүний эрхэд халдсан гэж үзэж, Цэцэд хандсан.  
-Та бүхэн мэдээллээ хэзээ гаргасан бэ. Цаашид процесс хэрхэн үргэлжлэх вэ? 
-Бид 2022 оны аравдугар сарын 4-нд Цэцэд мэдээллээ өгсөн. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу Цэц маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэж, 14 хоногт мэдээлэл гаргасан иргэнд хариу өгнө. Хэрвээ маргаан үүсгэсэн тохиолдолд цаашид процесс үргэлжлээд явна.  
-Цэц маргаан үүсгэж, цаашлаад Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал яригдана? 
-УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө “Ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэж хэлдэг. Нийт иргэний эрх ашгийг эрхэмлэнэ гэдэг нь иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчихгүй, тэр эрхийг нь эрхэмлэж ажиллана гэсэн агуулгатай. Тодорхой хэсэг өрхийг “Улны айл” хэмээн хэлж байгаа нь тэр иргэдийг ялгаварлан гадуурхаж буй үйлдэл билээ.  Тиймээс УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан учир Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсан. Бидний гаргасан мэдээллийн гол агуулга энэ л дээ. 
undefined
-Цэц маргаан үүсгэхгүй бол яах вэ? 
-Сайд асан Д.Сарангэрэлийн хэлсэн “Улны айл” гэдэг үг олон нийтийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн. Өөрөө ч мэдээлэл хийж уучлалт гуйсан.”Улны айл” гэсэн үйл баримт нь олон нийтэд аль хэдийнээ илэрхий болсон шүү дээ.  
Нэг талаар бид Цэцийн гишүүний бүрэн эрхэд халдсан зүйл ярьж болохгүй. Иргэний гаргасан мэдээлэлд маргаан үүсгэх үү, үгүй юү гэдэг нь хуулиараа Цэцийн гишүүнд олгогдсон бүрэн эрх. Тиймээс үүнд нь халдаж ярих нь буруу юм.  
Нөгөө талдаа Үндсэн хууль зөрчсөн гэх баримтууд нь олон нийтэд нээлттэй хэвээр байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэх шалтгаан байхгүй болов уу л гэж бодож байна.  
-Иргэн хүн УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт гаргуулах Цэцэд хандаж байгаа нь иргэний хяналт улам нэмэгдэж байгааг харуулж байна. Хэрвээ Цэц асуудлаар маргаан үүсгэж, зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, цаашлаад гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдвал нийгэмд иргэний хяналтын сайн жишиг тогтох болов уу? 
-Таны хэлж байгаатай санал нэг байна. Хэрэв УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан байна, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарвал дараа дараагийн ийм асуудалд сайн жишиг болж үлдэнэ. Бидний хүсээд байдаг иргэдийн хянах эрх баталгаатай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.  
-Төгсгөлд нь асуухад, Та бүхэн тухайн улстөрчид хувийн өш хонзонгоор хандах ч юм уу, өөрсдийн эрх ашгийг бодсон хандлага байхгүй гэдгээ баталгаатай хэлж чадах уу? 
-Бидэнд улс төрийн ч юм уу, ашиг сонирхлын сэдэл байхгүй. Гагцхүү шударга ёсны зарчим үйлчлэх ёстой гэж харсан учраас ажиллаж байна. УИХ-ын гишүүн болохдоо иргэдийнхээ саналыг авч, ард түмнээсээ сонгогдоод "Ард түмний элч" байна, Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөчихөөд эргээд иргэдээ ялгаварлан гадуурхаж болохгүй. Хариуцлагатай хандах ёстой. Ийм л асуудалд дуу хоолойгоо хүргэе гэж Э.Түвшинбаяр болон бидний хэдэн өмгөөлөгчид нэгдэн ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.  
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн