Open iToim app
Бүтээгч | 6 мин уншина

Сурвалжлага: Монгол залуусын 1.3 км-ийн гүнд бүтээж буй ‘шинэ хот’-оор аяллаа

Сурвалжлага: Монгол залуусын 1.3 км-ийн гүнд бүтээж буй ‘шинэ хот’-оор аяллаа
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 31
Хэвлэл мэдээлэл болон МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш нарын хамт өнгөрсөн даваа гаригт Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцах боломж олдов. Цар тахал гарснаас хойш анх удаа олон хүнтэй томилолтод явж байгаа болохоор энгийн үе шиг санагдав. Оюу толгойн уурхайд ч цар тахал гарснаас хойш 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй баг  зочилж буй нь энэ аж.
Оюу толгойн гүний уурхайн мэргэжилтэн, "монголчууд эх орондоо ийм том бүтээн байгуулалт хийж, тэрэнд нь гар бие оролцож, түүх бүтээлцэж байна. Хожим миний үр хүүхэд, ач зээ нар маань “Миний аав, миний өвөө үүнийг бүтээхэд оролцсон юм” хэмээн бахархан ярина даа гэж бодон чин сэтгэлээсээ ажлаа хийдэг. Миний хамтрагчид ч ингэж бодож, бахархалтайгаар ажиллацгаадаг" гэсэн юм. Газрын гадаргаас доош 1300 метр /1.3 км/ буугаад үнэхээр дээрх мэргэжилтний хэлснээр бахархах, айх мэдрэмж хамгийн ихээр төрсөн юм.
undefined
Гүний уурхайд нэвтрэхээс өмнө мэргэжилтнүүд аюулгүй ажиллагааны зааварчилгааг нэр бүрчлэн танилцуулж, хувцас хэрэглэлээр хангалаа. Тусгай малгай, бээлий, чийдэн, хамгаалах шил, угаарын хий мэдрэгч, тусгай маск, амь хамгаалагчаар тоноглов. Газрын гүнд агааржуулалт муу, бүгчим тул гэнэтийн эрсдэлээс сэргийлж амь хамгаалагчийг хүн бүр биедээ байнга авч явах учиртай гэж хөтөч хэлэв. Тэрхэн зуур гэнэт толгой жаахан өвдөөд байгаагаа анзаарч, доошоо ороод даралт ихсэхвий, амьсгал давчдахвий гэсэн жаахан айдас төрснөө нуух юун. Ингээд 1.5-2 кг бүхий амь хамгаалагчийн төхөөрөмжийг бүсэндээ сайтар бэхэлж, гүн рүү орлоо. 60 тонны даацтай, нэг удаа 300 хүн тээвэрлэх хүчин чадал бүхий лифтээр доош буув. Энэхүү лифтээр 1.3 км-ийн гүн рүү буухад хоёр минут 30 секунд зарцуулах бөгөөд 11 метр секундын хурдтай доошлох үед бие арзайх мэдрэмж төрсөн. Босоо ам II гэж нэрлэж буй уг лифтээр хүн, техник хэрэгсэл тээвэрлэхээс гадна гүний уурхай ашиглалтад орохоор бүтээгдэхүүнээ тээвэрлэх зориулалттай юм байна. Лифтнээс гүн рүү буухад хонгил бүхий тунель нь өндөр дээвэртэй /бараг 7-10 давхар барилгатай тэнцэх байх/ байшинд ороод ирсэн юм шиг санагдав. Тунелийн бүх гадаргууг бетоноор хучиж, цементэлж тэгшилсэн замаар алхаад гүнээр аялуулах гурван жижиг оврын автобусанд хуваагдан суулаа.

Оюу толгойнхон Улаанбаатараас Дархан орох дайны урт тунелийг Дарханы замынхаас ч хурдтай байгуулж байна

undefined
1.3 км-ийн гүнд 203 км урт тунель буюу хонгил барихаас өнөөдрийн байдлаар 100 орчим км-ийг барьж байгуулаад байгаа аж. Энгийнээр хэлбэл, энэхүү тунель нь Улаанбаатараас Дархан орох дайны урттай бүтээн байгуулалт юм. Газрын гадарга дээр бид Дарханы замаа барьж чадахгүй хоёр сонгууль дамнан ярьсаар л байгаа бол Оюу толгойнхон Улаанбаатараас Дархан орох дайны урт тунелийг Дарханы замынхаас ч хурдтай байгуулж байна. Тэгээд 1.3 км-ийн гүнд шүү дээ. Нэг урсгалтай урт тунелиэр том, жижиг оврын машинууд маш өндөр хяналт, зохицуулалттай явна. Олон зөрлөг бүхий уулзвар, 100 гаруй арктай /ам/, бүдэг гэрэлтэй урт тунелиэр явахаар дээрээс нурчихвий дээ гэсэн айдас мөн л төрнө. Гэхдээ хөтчийн хэлснээр бол 1.3 км-ийн гүнд хөндийлж ухсан тунелийн бэхлэгээ сайн, бүрэн инженерчлэгдсэн, 300 гаруй хяналтын төхөөрөмж суурилуулсан учраас үүсэх эрсдэлийг урьдчилж хянах бүрэн боломжтой гэсэн юм. Тунелийн бүх гадаргыг цементэлсэн учраас тоос шороо босох нь харьцангуй бага юм.
Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь гүнд бий. Ил уурхайгаас жилд дунджаар 700 мянган тонн баяжмал экспортолж, тэрбум ам.долларын орлого олж байгаа бол гүний уурхай ашиглалтад орсноор хэмжээ гурван дахин өснө. Дээр нь баяжмал агуулагдах эрдэс буюу зэс, алт, мөнгөний агууламж өндөр. Энэ хэрээр Монгол Улсад төлөх татвар хураамж нэмэгдэж, ДНБ үлэмж өсөх хүлээлт бий.  Өөрөөр хэлбэл, ирээдүйн 50, 100 жил Монголыг тэжээх “сааль”-ийг авахаар 1.3 км-ийн гүнд монгол залуус саваа бэлтгэж байна.  Гүний уурхайд 24 цаг тасралтгүй бүтээн байгуулалт өрнөх бөгөөд хоёр ээлжээр 12 цаг ажиллана. Нэг ээлжиндээ 900 гаруй хүн ажилладаг байна. Газрын гүнд монгол залуусын бүтээн босгосон гурван "аварга" бүтээн байгуулалтыг энэ хэсэгт онцолье.
1.  Undurcut буюу огтлох малталт
undefined
-Энэ бол гүний уурхайн амин сүнс нь. Хойд Хюго буюу Оюу толгойн баялгийн 80 хувь байх буюу 1.3 км-ийн гүн дэх хүдрийг тэслэх гол цэг юм. Гол цэгийг огтлуулж, хөндлөн малталж доороос нь тэслэх аргыг блокчлон олборлох арга гэж нэрлэж буй. Оюу толгойнхон огтлох малталтаа эхлүүлэх техникийн бэлэн байдлаа 100 хувь хангаж дуусчээ. Одоо ТУЗ, хөрөнгө оруулагчид эхлэх шийдвэр гаргавал хүдрийг тэслэхэд бэлэн болсныг мэргэжилтнүүд хэлэв.
Огтлох цэгээс хүдрийг доороос нь өрөмдөж тэслэхэд дээр байгуулсан 120 орчим хөндлөн хонгилын аман дээр хүдэр бууж ирнэ. Ингээд буусан хүдрийг том оврын авто машинаар тасралтгүй анхдагч бутлуур руу зөөнө.
2. Анхдагч бутлуурын хэсэг
undefined
-Анхдагч бутлуур бол гүний уурхайн хамгийн том бүтээн байгуулалтын нэг. Улсын их дэлгүүртэй тэнцэх хэмжээтэй талбайг хамарсан, дээшээ 6-7, доошоо 9-10 давхар барилга барьсантай тэнцэх нүсэр байгуулалт. Анхдагч бутлуур нь 300 тонны жинтэй конус голтой бөгөөд овор ихтэй хүдрийг атгасан гар шиг хэмжээтэй болтол тээрэмдэж, дараагийн хэсэгт шилжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Гүний уурхайд хоёр анхдагч бутлуур барих бөгөөд эхнийх нь ашиглалтад оржээ. Энэ нь өдөрт 28 мянган тонн хүдрийг бутлах хүчин чадалтай аж. Хоёр дахь бутлуур ашиглалтад орсноор өдөрт 95 мянган тонн хүдэр гаргах боломжтой болох ажээ.
3. Туузан дамжуулагч
undefined
-Анхдагч бултуураар жижиглэсэн хүдрийг туузан дамжуулагчаар тээвэрлэн газрын гадаргад хүргэх үүрэгтэй. Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ. Гадаргаас гүн рүү өндөр хүчдэл татаж, энэхүү туузан дамжуулагч тасралтгүй ажиллах нөхцөл бүрджээ. Эхний ээлжинд анхдагч бултуураар жижиглэсэн хүдрийг 1.4 км урт, 1.6 мерийн өргөнтэй налуу конвейераар дамжуулж, босоо ам II-т хүргэх ажил дууссан байна. Босоо амаар тээвэрлэн гадаргын конвейераар дамжуулан баяжуулах үйлдвэрт хүдэр шилжиж, баяжмал болох юм. Цаашдаа 1.3 км-ийн гүнээс шууд туузан дамжуулагчаараа явсаар байгаад гадаргын дамжуулагчтай нийлдэг болох юм байна.
Эдгээр болон бусад бүтээн байгуулалтыг Монголдоо дэд бүтэц, угсралтаараа тэргүүлэх "М-Си-Эс Проперти", “М Си Эс Интернэйшнл”, “GCR Mongolia" компаниуд Оюу толгой компанийн захиалгаар гүйцэтгэж байгаа аж. Гүнд ажиллаж буй 4000 орчим хүний 90 гаруй хувь монгол залуус байв.
undefined
 “Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондероос зарим асуултад хариулт авлаа.
-Гүний уурхайн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл, Монгол Улсын макро эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд өдөрт 95 мянган тонн хүдэр олборлоно. Одоо ил уурхайгаас олборлож төлж байгаа татвар, хураамж  энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Гүний уурхайгаас олборлож байгаа хүдрийн биетэд агуулагдах эрсдийн агууламж ил уурхайнхтай харьцуулахад гурав дахин өндөр байна гэж тооцож байгаа. Үүнийг дагасан эдийн засгийн өсөлтүүд бий болно гэж харж байна.
-Гүний уурхай 2023 оны эхний улиралд ашиглалтад орох хугацааг зарласан. Тэр хүртэл ямар ажлууд хийгдэх вэ?
-Материал тээвэрлэдэг систем-1-ийн бүтээн байгуулалт 100 хувь дууссан. Одоо улсын комисс хүлээн авах ажил явагдаж байна. Undurcut буюу огтлох малталт хийх бүтээн байгуулалт, техникийн нөхцөлүүд ерөнхийдөө хангагдсан. Одоо огтлох малтлалтыг эхлүүлэх зөвшөөрлийн ажлууд хүлээгдэж байгаа. Энэ нь техникийн бус, компанийн ТУЗ-ийн түвшинд шийдэх асуудлууд юм. Хэрвээ огтлох малталтыг эхлүүлэх шийдвэр албан ёсоор гаргавал ажил эхлэхэд бэлэн. Огтлох малталт эхэлснээс найман сарын дараа анхны хүдрээ буулгаж авах боломж бүрдэнэ. Тиймээс хэзээ огтлох малталт эхлүүлэх шийдвэр гарна, түүнээс нь хүдрээ олборлож эхлэх хугацаа хамаарна.
-Гүний уурхайг ашиглалтад оруулахад нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа шүү дээ. Хэдий хэмжээний зардлаар ямар ажлууд хийгдэх вэ?
-Гүнийн уурхайн нийт бүтээн байгуулалтын явцыг дүгнээд харвал 80 орчим хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтуудаа бүрэн дуусгаж, өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох хэмжээнд хүрэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай. Үлдсэн зарим ажлыг олборлолт эхэлний дараа зэрэг гүйцэтгээд явах боломжтой. Хувь нийлүүлэгчдийн хооронд хийж буй хэлэлцээ амжилттай өрнөж, нэмэлт санхүүжилт батлагдвал төслөө бүрэн дуусгах боломжтой болно.
Энэхүү сурвалжлагаар Оюу толгойн гэрээ, хөрөнгө оруулагчдыг тойрсон олон маргаантай асуудлыг түр орхиж, 1.3 км-ийн гүнд монгол залуусын бүтээсэн "шинэ хот"-ыг харуулахыг зорив. Энэ нүсэр технологи, бүтээн байгуулалтыг үзсэний дараа монгол залуусаараа бахархсан.  Мэдээж хөрөнгө оруулагчдын хооронд хийж буй хэлэлцээ, төслийн санхүүжилт хэтэрсэн асуудлыг ярилцаж шийдэх нь зүйн хэрэг. Харин эдгээр асуудал тойрсон маргаанаар тэнд, 1.3 км-ийн гүнд монгол залуусын босгосон бүтээн байгуулалтыг үгүйсгэж боломгүй л санагдав. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн