Перугийн Засгийн газар тус улсад долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалыг намжаах зорилгоор лхагва гаригт улсын хэмжээнд Онц байдал зарлалаа.
Перу улсын парламент өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Педро Кастиллог хууль тогтоох дээд байгууллагыг хууль бусаар тараахыг завдсан гэх үндэслэлээр итгэл үзүүлж, огцруулсан. Улмаар түүнийг огцруулсан даруйд төрийн эрх мэдлийг хууль бусаар булаахыг завдсан гэх үндэслэлээр баривчилсан юм.
Уг үйл явдлын дараагаар тус улсын хэмжээнд эсэргүүцлийн жагсаал өрнөж, хурцадмал байдалд шилжсэн. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр жагсагчид автозамуудыг хааж, төрийн барилга байгууламжуудад халдан, галдан шатааж, нисэх онгоцны буудлууд руу дайран орсон. Мөн долоо хоногийн турш үргэлжилсэн үймээний үеэр жагсагчид болон цагдаа нарын дунд мөргөлдөөн гарч, найман энгийн иргэн нас баржээ. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр нас барсан иргэдийн дийлэнх нь өсвөр насны залуус байсан бөгөөд тэдний зургаа нь цагдаа нарт буудуулж нас барсан байна.
Тэгвэл Перугийн Засгийн газар үймээн самууныг намжаах зорилгоор лхагва гаригт улсын хэмжээнд Онц байдал зарлалаа. Ингэснээр цагдаа, хүчний байгууллагад тусгай эрх олгож, улсын хэмжээнд хяналт тогтоосон бөгөөд иргэдийн цуглах, зорчих эрх хязгаарлагдаж байгаа юм.
Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр хоёрт орох Перу улсад олон жилийн турш шударга бус баялгийн хувиарлалт, авлигаас үйдэлтэй улс төрийн хямрал үргэлжилсээр ирсэн.
Зүүний үзэлт, популист улстөрч гэж тодорхойлогддог Педро Кастилло нь 2021 оны долдугаар сард Перу улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Жирийн тариачин айлаас гаралтай, бага ангийн багш, үйлдвэрчний эвлэлийн тэргүүн байсан тэрээр тус улсад нүүрлэсэн төрийн авлигыг үндсээр нь цэвэрлэх амлалт өгч байв. Гэвч өнгөрсөн долдугаар сард Педро Кастилло болон түүний ойрын хүрээллийн хүмүүс томоохон авлигын хэрэгт холбогдож, шалгагдаж эхэлснээр тус улс дахь өнөөгийн улс төрийн тогтворгүй байдал бий болсон билээ. Перугийн парламент өнгөрсөн хугацаанд түүнд хоёр ч удаа итгэл үзүүлж, огцруулах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн.
Перугийн прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт огцорч, саатуулагдаад байгаа Педро Кастиллог төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахаар хуйвалдсан гэх хэргээр 18 сар үргэлжлүүлсэн хорих хүсэлт хүргүүлээд байна.
Эх сурвалж: Reuters, The Guardian