Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятадын 23 мужийн 600 мянган гахай мялзан өвчнөөр өвчилжээ

Хятадын 23 мужийн 600 мянган гахай мялзан өвчнөөр өвчилжээ
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 16
Африкаас гаралтай гахайн мялзан өвчин Монгол Улсад орж ирээд байна.  Тус халдварт өвчин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн БНХАУ-ын Ляонин мужийн гахай үржүүлгийн газруудаар тархаж эхэлсэн юм. Одоогоор БНХАУ зүүн хойд зүгийн Цзилинь болон Өвөр Монголын Хянган аймаг, Хэнань, Аньхой, Чжэцзян, Цзянсу, Юньнань мужид гарснаас гадна Цзилиньд зэрлэг бодон гахайнаас анх удаа илэрсэн байна. Хятад улс нь дэлхийн хамгийн том гахайн мах импортлогч бөгөөд сүүлийн дөрвөн сарын дотор 23 мужийн 600 мянган гахайг устгалд оруулаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан гахайн махны хоёр дахь том импортлогч болох Канадын гахайн ферм эрхлэгчид, БНХАУ-аас орж ирэх, импортын бараа болон аялагчдад хөл хорио тогтоохыг шаардаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр Канадын Засгийн газар болон фермерүүд нэг л халдвар авсан тохиолдолд анагаах боломжгүй энэ өвчнөөс сэргийлэх бүх арга хэмжээ авч байгаа гэв. Канад улсын хувьд нэг жилд гахайн махны импортоос дөрвөн тэрбум ам.доллар олдог бөгөөд импортын махны 70 хувийг дангаараа эзэлдэг байна.
Уг өвчнөөр тэжээвэр гахай төдийгүй зэрлэг гахай өвчилж 90-100 хувь үхлээр төгсдөг тул манай улсад өвчлөл бүртгэгдвэл ховорд тооцогдох болсон зэрлэг гахай хорогдож устах аюулд хүргэх эрсдэлтэй. Дэлхийд БНХАУ, ОХУ, Польш, Молдав, Израиль, Латви, Украин, Герман, Румын, Бельги зэрэг улсын гахайн аж ахуйн дунд өвчлөл бүртгэгдсэн. Одоогоор өвөрмөц эмчилгээ байхгүй, өвчлөл бүртгэгдсэн аж ахуйн гахайг бүрэн устгаж эрүүлжүүлэх ажлыг хийж байгаа юм байна.
Тус өвчин хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайн дунд халдварладаг. Хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй аж.
Одоогоор Монгол Улсын хувьд Дундговь, Булган, Орхон, Төв зэрэг аймгуудад мал амьтны гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, 1000 орчим гахай устгалд оруулсны 250 нь Орхон аймагт гарчээ.
Эх сурвалж: Xinhua, thefencepost.com
 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн