Дорноговь аймгийн Мандах сумын нутаг, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын 111 км дахь өртөөнөөс салаалж, хилийн Ханги боомт хүртэл барих 226 км төмөр замын ажлыг энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр эхлүүлсэн. Энэхүү төмөр зам нь эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болно гэдгийг мэргэжлийнхэн онцолсон.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс төмөр замыг зургаан сарын хугацаанд барих чиглэлийг гүйцэтгэгч талуудад үүрэг болгосон. Тэгвэл уг бүтээн байгуулалтын ажил эхлээд гурван сар болж байна. Бүтээн байгуулалт ямар шатанд явж байгаа талаар бид Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнээс тодрууллаа.
ЗТХЯ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам өнөөдрийн байдлаар 20.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Одоогоор доод бүтцийн ажил буюу газар шорооны ажил, гүүр, ус өнгөрүүлэх хоолой, эрчим хүчний ажлууд явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 65, нүүрийн ажил 20, ус өнгөрүүлэх хоолойн ажил 35, эрчим хүчний ажил 42 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа” гэлээ.
Хангийн төмөр замын концесс нь барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй буюу 20 жилийн дараа төрд шилжүүлнэ. Концесс эзэмшигчээр “Монголиан транс лайн”, “Монголиан транс” ложистик компанийн нэгдэл шалгарсан. Иймд бид мөн “Монголиантрас Лайн ХХК Ерөнхий захирал Б.Баяржаргалаас тодруулга авсан юм.
-Зүүнбаян Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт одоогоор хэдэн хувьтай явж байна вэ. Одоогоор бүтээн байгуулалтын хүрээнд юуг хийн ажиллаж байна?
-Одоогийн байдлаар далан буюу доод үеийн ажил 90 орчим хувьтай явж байна. Энэ долоо хоногоос дээд үеийн угсралтын ажлыг эхлүүлээд явж байна. БНХАУ-аас импортын бараа, ачааг татан авахад хүндрэлтэй байгаа хэдий ч бүх боломжоороо ажиллаж байна.
-Хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэж чадсан болов уу. Хэрхэн шийдэхээр болсон бэ?
-Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээс гаргаад явж байна.
-Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хүндрэлтэй зүйлс гарч байна уу?
-Цар тахалтай холбоотой Монголд үйлдвэрлэх боломжгүй БНХАУ-аас болон бусад орнуудаас нийлүүлэх зам төмөр болон төмөр тусгай бэхэлгээ зэрэг ачаанууд хил дээр саатаж байгаа нь бүтээн байгуулалтын ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа.
-Төлөвлөсөн хугацаанд буюу аравдугаар сар гэхэд ашиглалтад орох боломжтой байна уу?
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг гурван үе шаттай барьж, ашиглалтад оруулах бөгөөд энэ жилийн IV улиралд багтаан I үе шатны төмөр замын өртөө зөрлөг, болон бусад холбогдох байгууламжуудыг барьж ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна” гэсэн юм.
Төмөр замын ажилд одоогоор 2700 орчим хүн, 1300 техник хэрэгслийн хамт ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний жанжин штабын дөрвөн анги гэрээгээр ажиллаж байгаа гэдгийг мэдээлсэн юм. Хэрвээ энэ бүтээн байгуулалтыг зургаан сарын дотор хийж чадвал монголчууд бүх төмөр замаа өөрсдөө барьж байгуулах боломжтой гэдгийг дэлхийд тод харуулна. Монголд бизнес хийх, хөрөнгө оруулах талдаа том мессэжийг өгнө хэмээн эрхэм сайд, Засгийн газрын тэргүүн хэлж байсан билээ