Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгийг тив алгасах баллистик пуужинд суурилуулан хөөргөх туршилт амжилттай болсон талаарх мэдэгдлээ төрийн мэдээллийн суваг KCNA-аар дөнгөж сая хийлээ.
Мэдэгдэлд, "Энэ удаагийн туршилт цөмийн хүчин чадлыг дуусгах эцсийн зорилгод хүрэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон" гэж хэлэв.
Өнгөрсөн долдугаар сард тэдний хөөргөсөн баллистик пуужинг шинжээчид АНУ-ын томоохон хотуудад хүрэх хүч чадалтай гэж дүгнэж байсан юм.
Хятадын газар хөдлөлтийг хянах газар Хойд Солонгосын зүүн хойд нутагт орших цөмийн туршилтын талбайн ойролцоогоос үүсэлтэй 6.3 магнитудын чичиргээг бүртгэж авснаа мэдээлсэн бөгөөд эхний чичиргээнээс хойш найман минутын дараа 4.6 магнитудын хүчтэй хоёр дахь чичиргээ бүртгэгджээ.
АНУ-ын Газар хөдлөлтийн шинжээчид дээрх чичиргээг бүртгэж авснаа мөн мэдээлсэн. Тэд эхлээд 5.6 магнитудын хүчтэй чичиргээ газрын гадаргаас 10 км-ын гүнд мэдрэгдсэн тухай мэдээлсэн бол дараа нь 6.3 магнитудын чичиргээ 0 км-ын гүнд үүссэн гэсэн юм.
Хойд Солонгос дөнгөж сая /Улаанбаатарын цагаар 11.30 цагт/ зургаа дахь цөмийн туршилтаа хийсэн болохыг Японы батлан хамгаалах яам болон Японы Засгийн газар батлан хэллээ.
Хойд Солонгосоос илрүүлсэн томоохон газар хөдлөлт нь тус улсын зургадугаар цөмийн туршилт байсан гэж Японы зүгээс хэлэв.
АНУ-ын Газар хөдлөлтийн мэргэжилтнүүдийн хэлснээр, тус улсын зүүн хойд хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь дэлбэрэлт болсонтой хамааралтай байж болзошгүй гэжээ.
Өмнөд Солонгосын албаныхны мэдэгдэж байгаагаар, энэ газар хөдлөлт Килжу мужид болсон бөгөөд Хойд Пугёнгигийн цөмийн туршилтын талбайд болсон гэж мэдээлж байна.
Өнөө өглөө Хойд Солонгос устөрөгчийн цөмийн бөмбөгтэй болсноо дэлхий нийтэд мэдэгдэж, дэлгэн харуулсан бөгөөд уг бөмбөгийг баллистик пуужинд суурилуулж болох талаар мэдэгдсэн юм. Энэхүү мэдээллийн дараа шинжээчид Хойд Солонгос зургаа дахь цөмийн бөмбөгийн туршилтаа хийхэд тун ойрхон байна гэж сануулсан.
Японы Батлан хамгаалахын яамын зүгээс агаар мандалд цацраг идэвхт бодисын урсгал явагдаж байгаа эсэхийг шинжлэн нягтлах ажилдаа орсон байна.
Хойд Солонгосын засаг захиргаа орон нутгийн цагаар 15:00 цагт "тусгай мэдэгдэл" хийх болно гэж мэдээллээ.