Сурвалжилга: Ковидоос гадна хоруу чанар өндөртэй А хүрээний вирусийн халдвар ихэсчээСурвалжилга: Ковидоос гадна хоруу чанар өндөртэй А хүрээний вирусийн халдвар ихэсчээ
Нийтэлсэн 2026 оны 11 сарын 4
Өдрийн 15:00 цагийн үед Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн үүдээр ороход хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн эцэг эхчүүдийн хөл хөдөлгөөн их байлаа. Ар, араасаа хүүхдээ тэврэн орж ирэх эцэг эхчүүдийн цуваа тасарсангүй. Үүдний хэсэгт хүлээх 10 гаруй хүүхдийн дунд нярай ч цөөнгүй харагдана. Тэдний дийлэнх нь тав хүртэлх насныхан бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ өндөр халуурч, цээж нь өвдөж, ханиалгаж байгааг хэлж байлаа. Энэ долоо хоногоос нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачаалал эрс өссөн байна.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2249 хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе арваннэгдүгээр сарын 19-24-ний хооронд тохиож байжээ. Өөрөөр хэлбэл, өвчлөл цаашид нэмэгдэх эрсдэлтэй энэ үед хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах асуудал чухал байгаа юм.
ЭХЭМҮТ-д өдөрт 300-450 орчим хүүхэд үзүүлж, амралтын өдрүүдэд энэ тоо 500-д хүрч байна
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Д.Дүүрэнбилэг: Манай ЭХЭМҮТ-ийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл их тохиолдож байна. Хүүхдүүд өндөр халуурах, ханиалгах, хамар битүүрэх, нус гоожих, хоолонд дургүй болох, ядарч сульдах зэрэг зовуурьтай ирж байгаа. Одоогоор томуугийн А болон B хүрээний вирусийн халдвар давамгай илэрч байна.
Манай эмнэлэгт өдөрт 300-450 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна. Харин амралтын өдрүүдэд энэ тоо 500 хүрч байгаа. Хүүхэд бүрийн эмнэлзүйн шинж тэмдэг харилцан адилгүй илэрдэг. Томуугийн вирусийн халдварын үед ч өөр өөр онцлог шинж тэмдэг ажиглагдаж байна. Үзлэгийн явцад COVID-19 буюу улирлын коронавируст халдвар, томуугийн А болон Б хүрээний вирусийн халдвар дийлэнх тохиолдолд илэрч байгаа. Шаардлагатай гэж үзсэн хүүхдүүдэд түргэвчилсэн шинжилгээ хийж, хариуг нь газар дээр нь гарган өгч байна.
Шинжилгээнд хамруулах шаардлагатай хүүхдүүдэд 39-өөс дээш, зарим тохиолдолд 40-41 хэм хүртэл өндөр халуурах, халууралт хоорондын хугацаа богиносох, халуун бууруулах эм хэрэглэсэн ч дахин ойр ойрхон халуурах шинж илэрч байгаа. Мөн хүүхэд унжгар, хоолондоо дургүй, ядарч сульдсан байдалтай байвал эдгээр шинж тэмдгийг харгалзан түргэвчилсэн шинжилгээ хийж байна.
Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаа энэ үед халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн дархлааг дэмжихэд эцэг, эхийн анхаарал, асаргаа чухал байна. Томуугийн вирус агаар дуслын замаар дамждаг тул хүн амын нягтаршил ихтэй газар, ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд бие биеэсээ халдвар авах эрсдэл өндөр байдаг.
Иймд амны хаалтыг тогтмол хэрэглэх, гараа сайтар угаах, өглөө гэрээсээ гарах болон орой гэртээ ирэх үед хүүхдийн хоолойг зайлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр тутмын зуршил болгох хэрэгтэй. Мөн хүүхдийг цаг агаарын нөхцөлд тохируулан дулаан хувцаслаж, шингэн зүйл сайн уулган, хангалттай унтуулж амраах нь чухал. Эдгээр зөв асаргаа, дэглэм нь хүүхдийн биеийн эсэргүүцлийг дэмжиж, өвчилсөн үед нь бие махбодыг нөхөн сэргээхэд чухал үүрэгтэй юм.
Томуугийн эсрэг вакцин нь хүүхдийг халдвараас тодорхой хэмжээнд хамгаалахаас гадна вирусийн халдвар авсан тохиолдолд өвчнийг хүндрүүлэх эрсдэлийг бууруулахад тусалдаг. Тиймээс бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлаа султай хүмүүс болон ахмад настнуудыг томуугийн эсрэг вакцинд хамруулах нь чухал юм.
Одоогийн байдлаар 0-5 насны хүүхдүүдийн дунд өвчлөл харьцангуй өндөр байгаа бөгөөд коронавируст халдварын тохиолдол илэрч байгаа ч томуугийн А хүрээний вирус давамгайлж байна. Томуугийн А хүрээний вирусийн халдварын үед хүүхэд өндөр халуурах, халуун нь эмийн нөлөөгөөр түр буурсан ч дахин нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Иймд хүүхдийн халууралт, биеийн байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй юм.
Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд үзүүлэх өдрийн эмчилгээний багцын санхүүжилтийг энэ жил хоёр дахин нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон. Уг багцад хүүхдийн биеийн байдал, өвчний онцлогт тохируулан эмчийн үзлэг, оношилгооны үндсэн дээр шаардлагатай эм, эмчилгээг багтааж, 5-7 хоногийн хугацаанд хэрэглэхээр олгож байна. Гэвч иргэдийн дунд өдрийн эмчилгээний багцтай холбоотой зарим буруу ойлголт байна. Тухайлбал, бүх хүүхдэд ижил төрлийн эмийн багц өгдөг гэж ойлгох нь бий. Гэтэл эмч хүүхэд бүрийг үзэж, оношилсны дараа өвчний шинж тэмдэг, биеийн байдалд нь тохируулан эмчилгээг сонгож, шаардлагатай эмийг багцлан олгодог. Мөн зарим иргэн 100 мянган төгрөгийн санхүүжилтийг эмийн оронд бэлнээр авмаар байна гэдэг ч уг санхүүжилтийг мөнгөн хэлбэрээр олгох боломжгүй юм. Харин тухайн хүүхдэд шаардлагатай 5-7 хоногийн эм, эмчилгээг багцлан авах боломжтой.
Түүнчлэн 100 мянган төгрөг нь нэг өдрийн эмчилгээний зардал бөгөөд эмчилгээний хугацаа таван өдөр үргэлжилбэл төлбөр нэмэгдэнэ гэсэн ойлголт ч байна. Энэ нь мөн ташаа ойлголт бөгөөд 100 мянган төгрөгийн санхүүжилтэд нийт 5-7 хоногийн эмчилгээний багц багтаж байгаа юм. Үүнээс гадна шаардлагатай тохиолдолд гэрээр очиж үзлэг хийх, утлага зэрэг нэмэлт эмчилгээг мөн хамруулжээ. Эцэг эхчүүдийн хувьд уг үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байгаа юм. Учир нь өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчид үзүүлэн оношлуулсны дараа шаардлагатай эм, эмчилгээг нэг дор багцаар нь авах боломжтой болсон нь цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай. Өмнө нь эмчийн бичиж өгсөн эмийг авахын тулд эмийн сангаар хайж явах, зарим тохиолдолд тухайн эм олдохгүй байх хүндрэл гардаг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр шаардлагатай эм, эмчилгээгээ нэг дор авч байгаадаа баяртай байгаагаа эцэг эхчүүд хуваалцсан юм. Өнгөрсөн онд нийт 17 мянган хүүхэд өдрийн эмчилгээний багцад хамрагдсан бөгөөд тэдгээрийн 94 хувь нь өвчний хүндрэл үүсэхээс өмнө буюу хөнгөн үед нь эмчилгээ авч, хүндрэлгүй эдгэрсэн байна.