"10 саяын" бичлэгт холбогдсон гэх Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн бямба гарагт олон нийтийн сүлжээнд “madina.dina08” нэртэй Instagram хаягаар төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой, 10 сая төгрөгийн мөнгөн гүйлгээний тухай агуулга бүхий дүрс бичлэг, мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээллийг Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон гэсэн мэдээлэл мөн гарсан юм. Үүнтэй холбоотойгоор М.Онон өөрийгөө тухайн бичлэг дээрх хүн биш гэдгийг мэдэгдэж, гэртээ орж, гарч буй камерын бичлэгээр үүнийг нотлох боломжтой гэлээ. Мөн өөрийн нэр төрийг сэргээлэгэхээр, хуулийн байгууллагад хандана гэлээ. Тэрээр “Би төмөр замын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа. Энэ бичлэг дээр гарч байгаа хүнтэй өөрийгөө яаж ч харсан адилхан гэж бодохгүй байна. Би амьдралдаа хэзээ ч ийм унжгар үстэй байж үзээгүй, надад ийм сахал, үс ч байхгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна.Яг ямар зорилгоор намайг ингэж харлуулж байгааг ойлгохгүй байгаа. Магадгүй манай салбарын хэн нэгэн над руу ингэж дайрч байгаа юм болов уу гэж бодож байгаа ч яг хэн, ямар шалтгаанаар ийм зүйл хийж байгааг мэдэхгүй байна.