Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын төлөвийг гаргажээ. Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ажиглагдах магадлалтай. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд эрс хүйтэрнэ.
Арваннэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8°С, бусад нутгаар -8...-12°C хүйтэн. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дулаан байна.