Хоёрхон жилийн өмнө буюу 2025 оны төсвийг батлахдаа УИХ төсөвтөө нэн даруй тодотгол хийх агуулга бүхий тогтоолыг хамт баталж байв. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ 2025 оны улсын төсвийн зарлагыг 26 их наяд 485 тэрбум төгрөгөөр эцэслэн баталсан бөгөөд мөн өдөр Төсвийн байнгын хороо 2025 оны төсвийн хууль батлахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолоор Засгийн газарт төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг өгч байсан юм. Харин төсвийг баталмагц буюу арваннэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Төсвийн тухай хуульд хориг тавьсан. Тухайн үеийн Сангийн сайд Б.Жавхлан хоригийн дараа алдагдалгүй төсөв батлахын тулд Засгийн газрын үйл ажиллагаанаас нэлээд танах шаардлагатай болж, 2025 онд хийхээр төлөвлөсөн 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтын тал нь хасагдана гэж мэдэгдэж байв. УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авч, 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нд хэрэгжиж эхлээгүй төсвөө дахин баталж байсан юм.
Тэгвэл УИХ 2027 оны төсөвт ч ийм тогтоол батлах нөхцөл байдал үүсэж магадгүй болов. Учир нь Засгийн газар 2027 оны төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн "Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай" хуулийн төслийг эргүүлэн татахаар болсноо өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ. Энэ бол Оюу толгойн ногдол ашгийг хуваарилах нэг удаагийн хууль байсан бөгөөд тус хөрөнгө оруулалтаар 52 төсөл санхүүжүүлэхээр төлөвлөж, УИХ хэлэлцэж байсан. Харин Засгийн газар уг хуулийн төслөө татаж авснаар ирэх оны төсвөөр хийх хөрөнгө оруулалт эрс багаж байна. Төсвийн төсөлд 2027 оны зарлагын 5.77 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд Оюу толгойн 2 их наядыг хасвал улсын төсвийн хөрөнгө оруулалт ойролцоогоор 3.8 их наяд төгрөг болж буурна.
Тиймээс УИХ-ын гишүүд, ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулж чадаагүй. Энэ нь гишүүдийн дургүйцлийг хүргэж, бүлэг, фракцаараа уулзалтууд хийгээд эхэлжээ. Учир нь төсвийн хөрөнгө оруулалт бол тойргийн гишүүдийн тойрогтоо бүтээн байгуулалт авчирдаг гол хэрэгсэл. Гэтэл Засгийн газар Оюу толгойн ногдол ашгаар хөрөнгө оруулалт хийнэ гэж оруулж ирээд, гуравдугаар хэлэлцүүлэг хүртэл явуулсны дараа хуулийн төслөө эргүүлэн татсан нь гишүүдийг тойргийн "шоконд" оруулжээ.