Одон орон судлаачид дэлхийгээс 280 гэрлийн жилийн зайд орших, ногоовтор өнгөөр гэрэлтдэг цагаан "одой" одыг анх удаа илрүүллээ.WD J1330+6435 хэмээн нэрлэсэн уг одны ер бусын өнгө нь түүний агаар мандал дахь химийн элементүүд болон асар өндөр нягтралтай холбоотой болохыг судлаачид тогтоосон байна. Судалгааг Их Британийн Уорвикийн их сургуулийн астрофизикч Марк Холландс илрүүлсэн бөгөөд үр дүнг RAS Techniques and Instruments сэтгүүлд нийтэлжээ. Од яагаад ногоон өнгөтэй харагддаг вэ?Ихэнх одны өнгө температураас нь хамаардаг. Харьцангуй сэрүүн одод улбар шар, Нар зэрэг одод цагаан, илүү халуун одод цэнхэрдүү өнгөтэй харагддаг. Харин цагаан "одой" одны хувьд химийн найрлага нь өнгөнд нь онцгой нөлөө үзүүлж болдог байна. Цагаан "одой" од гэдэг нь түлшээ шавхаж, гаднах давхаргуудаа алдсан бага болон дунд масстай одны үлдсэн цөм юм. Ийм од ойролцоогоор дэлхийн хэмжээтэй боловч асар их масстай, маш өндөр нягтралтай байдаг.Судлаачид WD J1330+6435 одны гадаргуу дээр гаригийн чулуурхаг үлдэгдэл хуримтлагдсанаас натри, кальци, литий зэрэг элементүүд бий болсныг тогтоожээ. Ялангуяа натрийн атомууд одны эргэн тойрон дахь гелийн атомуудтай хүчтэй харилцан үйлчилснээр гэрлийн шар, улбар шар, улаан долгионыг илүү өргөн хүрээнд шингээдэг байна. Үүний үр дүнд од ногоовтор өнгөтэй харагддаг аж.