Дубайгаас Тель-Авивыг чиглэн нисэж байсан Flydubai компанийн онгоцонд нэг нисгэгч нөгөө нисгэгчээ хутгалж, онгоцыг эзлэн авахыг завдсан хэрэг гарчээ.
Уг онгоц 174 хүнтэйгээр лхагва гарагт Дубайгаас хөөрснөөсөө хойш хоёр цагийн дараа ойролцоогоор 5200 метрийн өндрөө огцом алдсан байна. Улмаар онгоцонд байсан зорчигчид болон нисэх багийнхан халдагчийг барьж, онгоцны удирдлагыг буцаан авчээ. Онгоц Саудын Арабын Табук хотын нисэх онгоцны буудалд аюулгүй газардсан байна.
Халдлагын үеэр хутгалуулсан Энэтхэгийн иргэн, ахмад нисгэгч Смит Маччхар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Тэрээр хүнд гэмтсэн ч бүхээгийн хаалгыг нээж, зорчигчид халдагчийг барих боломж бүрдүүлсэн тул Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди түүнийг баатар хэмээн үнэлжээ.
Зорчигчдын нэг Янив Хаюны ярьснаар, халдагч онгоцыг удирдлагаас нь салгахыг оролдож байх үед тэрээр түүнийг боож тогтоон барьсан бөгөөд бусад зорчигчид туслан газарт дарж тогтоожээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху халдлагад Иран оролцсон эсэхийг хэлэхэд одоогоор эрт байна гэж мэдэгдсэн байна. Халдлага үйлдсэн этгээдийг Саудын Арабт баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны дараа Арабын Нэгдсэн Эмират руу шилжүүлэхээр төлөвлөжээ.