Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 4–11-нд Азербайжаны нийслэл Баку хотод зохион байгуулагдана. Тэмцээн холимог баг болон эрэгтэй, эмэгтэй 14 жингийн ангилалаар болно.
Энэ удаагийн ДАШТ-нд таван тивийн 58 орны 387 жүдоч одоогоор бүртгүүлээд байгаа бөгөөд үүнээс 207 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй тамирчин байна. Олон улсын жүдо бөхийн холбооны мэдээллээр Монгол Улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин буюу нийт 18 жүдочийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бүртгүүлжээ.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд -60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, -66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, -73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, -81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү, Ж.Анударь, -52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, -57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам, -63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, +78 кг-д Д.Номинзул нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Бакугийн ДАШТ нь жүдо бөхийн хамгийн өндөр түвшний тэмцээнүүдийн нэг учраас дэлхийн чансааны тэргүүлэгчид болон олимп, дэлхийн аваргууд оролцоно. Одоогийн бүртгэлээр 58 орны 387 жүдоч нэрээ өгөөд байгаа бөгөөд тэмцээн эхлэх хүртэл тамирчидын тоо нэмэгдэнэ.