Кембрижийг орон нутагт хүргэх Н.Учралын төлөвлөгөөКембрижийг орон нутагт хүргэх Н.Учралын төлөвлөгөө
Н.Учралын Засгийн газар боловсролын салбарт “байшин босгох”-оос арай өөр зүйл хийнэ гэдгээ зарлалаа. Монгол Улс боловсролын тогтолцоондоо өөрчлөлт шинэчлэлт хийх гэж оролдох бүртээ фэйлдэж, үр дүнд нь тогтолцооны тоглоом болсон хэсэг хүүхдүүд хохирч үлддэг буруу бодлоготой явж ирсэн. 1984 онд төрсөн хүүхдүүд найман настайдаа анх хичээлд ороход босоо монгол бичгээр анхны А үсгийг нь зааж байв.
Гэтэл энэ туршилт бүтэлгүйтэж, үр дүнд нь крилл бичгээрээ буруу, зөрүү бичдэг нэг үе бэлтгэгдэж үлдсэн түүх бий. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хэчнээн ч удаа боловсролын хөтөлбөрөөрөө оролдов. Хэдэн ч удаа сурах бичгээ солив. Хамгийн сүүлд зургаан настнуудыг хичээлд оруулах юм уу, оруулахгүй юм уу, хөдөөгийн малчдын зургаан настнууд онлайнаар сурах юм уу, сурахгүй юм уу гэдэг маргаан ид өрнөж байна. Их дээд сургууль ч ялгаагүй дээ. Хэлний хэдэн эрдэмтэд нь хэдэн үгээ зөв, буруу бичсэн тухай маргалдаж, МУИС, МУБИС дотроо хүртэл үгийн зөв, буруу бичлэгийн тухай маргалдахаас өөр шинэчлэл гэхээр зүйл хийгдсэнгүй.
Биднийг хүүхэд байхад бичиж байсан ихэнх үг өөрчлөгдөж, шинэчлэгдсэн нь дэлхийн боловсролтой дүйцэхүйц шинэчлэл гэхээс илүү хэлний хэдэн эрдэмтдийн л зодооны сэдэв асуудал гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй дээ. Бага ангийн боловсрол ч ялгаагүй шинэчлэл өөрчлөлт нь хэл ам, хэрүүл тэмцлийн сэдэв болсоор байна. Гэтэл боловсролын тогтолцоогоо анхааръя, хүүхдийнхээ ирээдүйд анхааръя гэхээр хэдэн сургууль, цэцэрлэг нэмж барьсан тоо өмнөө барьдаг өнгөрсөн үеийн алдааг залуу Ерөнхий сайд давтахгүй гэв. Браво, Н.Учрал аа.
Ерөнхий сайд Н.Учралын санал болгож буй боловсролын шинэчлэл өөрчлөлтөөр,
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй 2 сургууль, 1 төрөлжсөн ахлах сургууль
-300 ортой 15 дотуур байр
-100 мянган сурагч Гүүглийн компьютер, 100 сургууль лаборатори сургууль
-100 уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургуулийг бий болгохоо танилцууллаа.
Кембриж шинэ сэдэв биш...
Тэр тусмаа Ерөнхий сайд Н.Учралын хувьд энэ цоо шинээр сэтгэж олоод ярьж буй сэдэв биш. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2020 онд УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар Ерөнхий боловсролын 40 сургуулийг Кембрижийн боловсролын хөтөлбөрөөр хичээллүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах санал гаргаснаар нийгэмд хэрүүлийн алим “шидэж” байлаа. 2010 оноос Монгол Улс энэ хөтөлбөрийг 3 сургуульд туршиж, 2018 оноос бүрэн шилжих хөтөлбөр санал болгосон ч дашийн шог болоод дууссан. Эсэргүүцсэн гишүүд “Хэрэгжүүлсэн гурван сургуулийн чинь хоёр нь өнөөдрийг хүртэл барилгагүй байна. Нэмээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ гэхэд зардал нь 50 тэрбум гараад алга болно. Тэгж тансаглаж байх мөнгө боловсролын салбарт алга” хэмээн тас зөрсөн юм билээ. Нэг талаас харвал хэлсэн шүүмжлэл нь үнэн л дээ. Кембриж хөтөлбөрийн стандарт нь асар өндөр бөгөөд нэг ангид хамгийн ихдээ 20-30 хүүхэд суралцах стандарттай. Сурах бичиг нь биднийхээс тэс өөр. Гэтэл 2020 оны нөхцөлд 30 хүүхэд байтугай 3 ээлжээр хичээллээд ч нэг ангид 60-уулаа багтахгүй байсан үед энэ бол мөрөөдөл төдий байв. Өнөөдөр харин цаг үе өөрчлөгдөв. Монгол Улсын эдийн засаг тэлж, төсөв ч тэр хэрээр томорч байна. Том төслүүд урагшилж, Оюу толгойн ногдол ашгийн тухай чих дэлсэж, ТӨК-иудын ашгийг цаасан дээрх мега төсөлд биш Монголын ирээдүй, тэднийг бэлтгэж буй багшлах боловсон хүчний цалин, нийгмийн халамж, ур чадварт зарцуулахаар төсөв болгон боогдож байна. Хот, хөдөөгийн ялгааг арилгах, хамгийн чухал нь дэлхийн боловсрол руу дөтлөх Кембрижийн хөтөлбөрийг бүс болгонд хоёр сургууль буюу 12, төрөлжсөн ахлах сургуулийг бүс бүрд 1 буюу зургааг байгуулах Ерөнхий сайдын бодлого хол биш ойрхон сонсогдож эхэллээ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ сайн боловсрол олгохын тулд нийслэл рүү нүүдэллэж байгааг зогсооно. Хамгийн чухал нь дэлхийн боловсролын стандарт дэргэд ирэх нь ээ.
Энэхүү хөтөлбөрийг туршсан 16 жилийн хугацаанд гарсан онцлох үр дүн нь сурлагын амжилт энгийн дунд сургуулийн сурагчдаас давж гарсан, олон улсын шалгалтад өндөр оноо авдаг болсон зэрэг давуу тал бөгөөд үүнийг илүү олон сургуульд хэрэгжүүлэх тусмаа Монгол Улс алс ирээдүйдээ вакцин хортой гэдэгт итгэдэг, дэлхийн тэрбумтнууд Монголд ирж хүүхэд идэж байгаа гэж боддог, могой шэйрлэж, хүж худалдаад авчихвал мөнгөтэй болно гэж найддаг “боловсрол”-той хар массаасаа салж чадах билээ. Дэлхийн боловсролыг гэрт ойртуулж, бүр аймаг, суманд нь авчрах энэхүү бодлогоо 300 ортой 15 дотуур байр барих төсөлтэйгөө уялдуулан хэрэгжүүлснээр малчны хотноос зуу, зуун залуус дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж, Ховдоос Харвард руу гэх мэт явцгүй пиар хойно үлдэх билээ. Боловсрол бол хүн бүхний адил тэгш хүртэх ёстой мэдлэг болохоос давуу тал бүрдүүлж, түүгээрээ пиардаж, оноо авах зүйл биш. Үүнийг л ажил хэрэг болгох гэж зургаан жил зүтгэсэн Н.Учрал санасандаа хүрэхэд ойртож ирэв.
Нүүрс түлдэг пийшинтэй сургуульд AI ярих нь утгагүй
Ерөнхий сайдын танилцуулсан эдгээр шинэчлэлүүд тус, тусдаа ажил мэт харагдавч багцлаад харвал боловсрол болон сурах орчны стандартыг цогцоор харж буй багц ажил болжээ. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч тэнд сайн багш, чанартай сурах бичиг байхгүй бол үр дүн гарахгүй. Яг л 16 жилийн алдаагаа дахиад давтана. 300 ортой 15 дотуур байранд стандарт, дүрэм журам, тав тухтай орчин бүрдэхгүй бол хүүхэд зорьж ирж амьдрахгүй.
100 мянга байтугай зургаан компьютер тараасан ч багш, сурагч ашиглаж чадахгүй бол үнэ цэнгүй. Лаборатори сургууль байгуулсан ч сургалтын арга зүйгээ өөрчлөхгүй бол дахиад л 10 жилийн дараа тэр чинь сайн, муу байсан гэж хэрэлдсээр, нөгөөх нь агуулах төдий сав болж хувирах суух биз. Сургалтын систем+сурах бичиг +боловсон хүчний чадавх+суралцах орчин энэ бүгд хамтаараа стандарт бас дахин стандартад нийцэж байж л үр дүн гарна. Боловсролын салбарт танилцуулж буй шинэчлэл нь цахим шилжилт, хиймэл оюун ухааныг нутагшуулах 100 мянган сурагч гүүглийн компьютер, 100 сургууль лаборатори сургууль, 100 уурын зуухгүй эрчим хүчний хэмнэлттэй ногоон сургууль гэсэн цогц системээр хэрэгжих нь ээ.
Компьютер тэвэрсэн багш, сурагч жаалууд уурын зуухтай эс бөгөөс мод, нүүрс түлдэг пийшинтэйгээ даараад сууж байвал үүнийг шинэчлэл гэж нэрлэхгүй. Хүүхдүүд хамгийн багадаа зургаа, түүнээс дээш цагийг анги танхимдаа өнгөрүүлдэг. Гэтэл энэ орчныг нь тав тухтай, эко, эрүүл болгоогүй атлаа танд AI ярьж суух нь утгагүй. Англиар арван үг бичиж чадахгүй, холбож сураагүй багштай сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүн гарахгүй. Товчхондоо, эрчим хүчний хэмнэлтийг тухайн сургуульд бий болгож, эрчим хүчнээс хэмнэсэн мөнгөөрөө багшлах боловсон хүчнээ сургаж, чадавхжуулж, суралцагсад нь мэдээлэл хайх, боловсруулах, бүтээл хийхдээ хиймэл оюун ухаан ашиглаж сурах, цахим сургалтаар дамжуулан мэдлэг авах чадвартай ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх энэ бүх тогтолцоо цогцоор хэрэгжиж байж л бодитоор шинэчлэл болно гэдгийг олж харсан нь олзуурхууштай.
Эцэст нь дүгнэхэд, олон улсын “PISA” судалгааны байгууллагын гаргасан дүгнэлтээр монгол хүүхдүүд математикийн мэдлэгээр 2-3 жил, унших мэдлэгээр 5 жилийн хоцрогдолтой явна. Дэлхийн боловсрол биднээс 5 жилийн өмнө явж байна. Орон нутгийн хүүхдүүд хотын сурагчдаас хоёр жилээр хоцрогдож байгаа. Ерөнхий сайдын танилцуулсан энэхүү шинэчлэл, өөрчлөлтийн цогц бодлогыг сургууль барих төсөл бус чанарт шинэ стандарт тогтоох гарц гэж дүгнэе. Шинэчлэл цогцоор хэрэгжсэний дараа хэдэн сургуульд хэрэгжүүлсэн тоогоор нь биш хэчнээн сурагч, яаж дэлхийн боловсролд дөт замаар очив гэдэг үр дүн нь өөрөө ярина гэж хүлээж сууя.