Балба-Төвөдийн Нувакот дүүрэгт хүчтэй үер буухаас ердөө 10 минутын өмнө сургуулийн захирал 900 сурагчийг нүүлгэн шилжүүлж, амь насыг нь аварсан байна. Трибхуван Тришули дунд сургуулийн захирал Ражендра Давади орон нутгийн цагаар 09:10 орчимд үерийн аюулын талаар дөрвөн удаагийн сэрэмжлүүлэг хүлээн авчээ. Тэрээр цаг алдалгүй хичээлийг зогсоож, сурагчдыг өндөрлөг газар руу гаргахын зэрэгцээ сургуулийн автобусуудыг буцаасан байна.
Удалгүй үерийн ус маш хурдтай нэмэгдэж, сургуулийн барилга болон ойролцоох дотуур байр шавар, нурангид дарагджээ. 16 настай сурагч Юниша Аматяа найзуудынхаа хамт үерийн ус ирэхээс ердөө хэдхэн секундын өмнө сургуулийн арын нарийн замаар өндөрлөг газар руу гарч амжсан гэж ярьсан байна. Тэрээр зарим сурагч аюулын цар хүрээг эхэндээ ойлгоогүй, харин нөхцөл байдал богино хугацаанд маш хурдан хүндэрсэн гэжээ.
Үерийн улмаас зам, тээврийн сүлжээ тасарч, сурагчид болон багш нар хоёр хоногийн турш гацсан байна. Улмаар аврах ажиллагаагаар тэднийг аюулгүй газарт хүргэж, заримыг нь нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлжээ.
Балбын хэмжээнд энэ удаагийн үер, хөрсний нуралтын улмаас наад зах нь 794 хүн амиа алдаж, 2426 хүн сураггүй болсон байна. Захирал Давади цаашид ийм гамшгийн үед иргэдийг шуурхай нүүлгэн шилжүүлэхийн тулд эрт сэрэмжлүүлэх систем, дуут дохио болон гамшгийн үеийн мэдээллийн тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Тэрээр “шийдвэрийг 10 минут хожим гаргасан бол сурагчид төдийгүй бид өөрсдөө өнөөдөр энд байхгүй байх байсан” хэмээн ярьжээ.