Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг "Inspiring Asia" бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, олон улсад өрсөлдөх шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил “Community Empowerment” буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа үндэсний шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан нь энэ юм.
Энэ жилийн наадмын гол зорилго нь хүмүүс өөрсдийн гэрэлт ирээдүйг хамтын хүчээр хэрхэн бүтээж буйг харуулах явдал байв. Оролцогчид хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол, залуусын оролцоо, тэгш хүртээмж зэрэг сэдвээр нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ кино урлагаар дамжуулан харуулсан бөгөөд оюутан залуус, уран бүтээлчид, иргэний нийгэм, сошиал энтерпрайзын төлөөллүүд идэвхтэй оролцлоо.
Үндэсний шалгаруулалтад нийт 26 бүтээл ирснээс “Шилдэг бичил кино” болон “Шилдэг төсөл” ангилалд давхардсан тоогоор 9 бүтээл шалгарч, Монгол Улсаа төлөөлөн БНХАУ, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонг Конгийн шилдэг бүтээлүүдтэй олон улсын шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.