Гаалийн ерөнхий газраас шатахууны импорт, гаалийн хяналт шалгалт болон энэ оны эхний долоон сарын хугацаанд илрүүлсэн зөрчил, алба хаагчдад авсан сахилгын арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, хорио цээрийн газрын дарга Б.Сүхбаатар “Хил гаалиар нэвтэрч байгаа түлш, шатахууны импортыг тасалдуулахгүй байх үүднээс шуурхай горимоор хяналт, бүрдүүлэлтийг хийж байна. Хилээр түлш, шатахуун орж ирсэн тохиолдолд гаалийн лаборторийн шинжилгээнд оруулахгүйгээр шууд олголт хийж байгаа. Гэхдээ энэ нь тухайн түлш, шатахуунд хяналт тавихгүй гэсэн үг биш. ААН-ын агуулах, саванд буусны дараагаас бүрдүүлэлтийн дараах шалгалтын зорилгоор чанарын хяналтыг Гаалийн байгууллагаас хийнэ. Мөн хилээр шатахуун оруулж ирж буй ААН-д хялбаршуулсан мэдүүлгээ шуурхай гаргаж өгсөн тохиолдолд юүлэлт, шилжүүлэлтийн зөвшөөрлийг олгоно. Наймдугаар сарын 1-ээс хойш түлш, шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлт тасрахгүй явагдаж байна. Энэ сарын 1-12-ны хооронд нийт 66.3 мянган тонн түлш шатахуун улсын хилээр нэвтэрснээс 92 хувь нь Сүхбаатар боомтоор буюу ОХУ-аас орж ирсэн. Засгийн газрын тогтоолын дагуу хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөлгүй ААН-үүдийн зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас шуурхай олгохоор зохицуулсан" гэлээ.Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амар “Энэ оны эхний долоон сарын байдлаар гаалийн байгууллагаас нийт 2.314 зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.5 хувиар өссөн. Түүнчлэн иргэд чихрийн шижингийн үед хэрэглэдэг тураах зориулалттай тарилгыг арилжааны чанартайгаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд энэ оны эхний долоон сарын хугацаанд уг төрлийн 40 удаагийн зөрчил илрүүлж, 1.300 орчим тариурыг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.