Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Ч.Өнөрбаяр: Эрх баригчдын аливаа асуудлыг хүч түрэн шийддэг байдал нэг л өдөр өөрсдийнх нь толгой дээр бууна

Ч.Өнөрбаяр: Эрх баригчдын аливаа асуудлыг хүч түрэн шийддэг байдал нэг л өдөр өөрсдийнх нь толгой дээр бууна
Нийтэлсэн 14 цагийн өмнө
Ардчилсан намын бүлгийн гишүүд 4:11 мэдээллийн цагаар улс оронд үүсээд байгаа түлш шатахуун болон эдийн засагтай холбоотой асуудал мөн орон нутагт үүсээд байгаа улс төрийн зорилготой зарим асуудлууд дээр мэдээлэл өглөө. 
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Эрх баригчдын хувьд хүн нь солигдлоо гээд арга барил нь өөрчлөгддөггүй юм байна. Иргэдийн сонгох эрхийг хууль, эрх зүйн аргаар эсвэл янз бүрийн бусармаг аргаар булаадаг буруу жишиг цаашид ч үргэлжилсээр байх нь. Өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Ардчилсан нам цөөнх болсон аймгуудын нэг болох Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хууль зүйн үндэслэлгүйгээр огцрууллаа. Энэ асуудлаар намынхаа хуульчидтай хамтран шүүхэд хандахаар бэлтгэж байна. Ерөнхий сайдын гаргасан захирамжийг хууль бус гэж үзэж байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх болно.
Улс төрийн хүрээнд сөрөг хүчнээ улс төрийн зорилгоор намнадаг, улс төрийн ан хийдэг энэ арга барилаа эрх баригчид одоо болих хэрэгтэй. Сөрөг хүчнээ хүчгүйдүүлэхийн тулд хууль бус, буруу арга хэрэглэдэг байдлаа одоо зогсоох ёстой. Харин жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүс чинь өөрсдийнх нь Засгийн газрын дотор байна. Иргэдэд худал мэдээлэл өгч байгаа сайд нар байна. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж амлаж байсан нь хаана байна. Шатахууны нөөц хангалттай, олон хоногийн нөөцтэй гэж ярьж байсан нь яасан бэ. Эцэст нь тэдний өгч байгаа мэдээллийн ихэнх нь бодит байдалтай нийцэхгүй байна. Бүр сүүлдээ сайд нар нь өөрсдөө иргэдтэйгээ нүүр тулж чадахаа болиод, агентлагийн дарга нараа өмнөө гаргадаг болсон. 
Өмнө нь өгч байсан амлалтуудаа хэзээ биелүүлэх юм бэ Ерөнхий сайд аа. Хариуцлага тооцох ёстой хүмүүс нь эдгээр амлалтаа хэрэгжүүлээгүй, иргэдийг төөрөгдүүлсэн албан тушаалтнууд болохоос биш, сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор намнадаг энэ байдал огт биш. Энэ бол буруу жишиг юм. Тиймээс Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг ч намын зүгээс хөндөнө. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлдээ арай эрт орчихсон юм биш үү гэж харагдаж байна. Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд л амьдардаг биш. Иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэж, бодит үр дүн гаргадаг байх хэрэгтэй. Энэ тал дээр одоогийн улс төрийн нөхцөл байдалд ямар ч ирээдүйтэй зүйл хараглдахгүй байна. Аливаа асуудлыг хүч түрэн шийддэг, хүчээр тулгадаг энэ арга барил чинь нэг өдөр та нарын толгой дээр бууна. Иргэд өнөөдөр буруу зөвийг ялгаж, үнэн худлыг дүгнэдэг болсон гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй.
undefined
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэж байна. Өнөөдөр МАН-д эрх мэдэл багадаагүй. Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн дийлэнхийг МАН удирдаж байна. Гэтэл цөөн хэдэн Ардчилсан нам удирдаж байгаа аймгуудыг оролдож, Засаг дарга нарыг нь огцруулан, хэвийн ажиллах боломжгүй болгож байна. Ардчилсан намыг битгий басаарай. Мөн ард иргэдийг ч басах хэрэггүй. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар шүлхийн дэгдэлтийн үед өдөр, шөнөгүй ажилласан хүн. Түүнд хувь хүнийх нь хувьд хариуцлага тооцох үндэслэл болохуйц асуудал байхгүй.
Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бүтэц, орон тоо болон захиргааны зохион байгуулалтын асуудал дээр алдаа гаргасан гэх үндэслэлээр Засаг даргыг нь огцруулж байгаа нь урьд өмнө гарч байгаагүй хэрэг юм. Үүгээр ч зогсохгүй, Тамгын газрын даргад зөвхөн бүтэц, орон тоотой холбоотой захиргааны шинжтэй асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр улайрч байна. Энэ бүхэн улс төрийн захиалгатай ажил юм. 
undefined
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Ерөнхий сайд хэнд хариуцлага тооцох ёстойгоо мэдэхгүй байна. Миний хувьд Дундговь аймагт болсон асуудлыг онцолж хэлмээр байна. Дундговь аймгийн жилийн төсөв 90 тэрбум төгрөг байсан. Гэтэл аудитын байгууллагын дүгнэлтээр уг төсвийн 41 тэрбум төгрөгийн зарцуулалтад хариуцлагагүй хандсан, төсвийн хулгай орсон байна гэх дүгнэлт гарсан байна. Ийм нөхцөлд хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой хүн нь Дундговь аймгийн Засаг дарга байх ёстой. Гэтэл эсрэгээрээ ажлаа хийж, үүргээ гүйцэтгэж яваа Баян-Өлгий аймгийн Засаг даргыг огцруулж байгаа нь байгаа оноогүй, шударга бус шийдвэр гэж үзэж байна.
Мөн Дундговь аймагт хэрэгжүүлж байгаа хог шатаах үйлдвэрийн төсөлтэй холбоотой асуудал ч бий. Энэ төсөлд 8.6 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Тендерийг хуульд заасан хугацаанд нь зарлаагүй, улмаар сонгон шалгаруулалтын журмыг мөрдөлгүйгээр дур мэдэн нэг компаныг сонгосон гэх асуудал яригдаж байна. Гаднаа бол Дундговь аймаг хог шатаах үйлдвэртэй болж байна гэж сайхан сурталчилдаг. Гэтэл бодит байдал дээр тухайн үйлдвэрийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн