АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон улсын сургуулийн Зүү, төөнө заслын тэнхимийн багш Ю.Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрээр 2012 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгсөж, түүнээс хойш 15 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.
-Уламжлалт анагаах ухааныг өнөөдөр ямар өвчин, эмгэгийн үед хамгийн үр дүнтэй эмчилгээний арга гэж үзэж байгаа вэ?
-Хүмүүс уламжлалт анагаах ухааныг зөвхөн тодорхой төрлийн өвчнийг л эмчилдэг гэж ойлгох нь элбэг байдаг. Тэр дундаа зүү эмчилгээ гэхээр мэдрэлийн өвчинд л сайн, нүүр саажихад эсвэл нуруу өвдөхөд л хийдэг гэсэн төсөөлөлтэй байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ уламжлалт анагаах ухаан, тэр дундаа зүү эмчилгээ нь зөвхөн мэдрэлийн өвчнөөр хязгаарлагдахгүй, маш өргөн хүрээний өвчин эмгэгийг оношилж, эмчлэх боломжтой. Сүүлийн жилүүдэд хүмүүс энэ талаар илүү сайн ойлголттой болж, уламжлалт анагаах ухаан, зүү эмчилгээний ач холбогдлыг мэддэг болсон байх гэж бодож байна.
-Иргэд уламжлалт эмчилгээ хийлгэхдээ эмчийн зөвлөгөөгүйгээр эм, тан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдол байдаг. Энэ нь ямар эрсдэлтэй вэ?
-Хүмүүс ургамлын гаралтай, байгалийн гаралтай эм болохоор ямар ч гаж нөлөөгүй гэж ойлгох нь бий. Гэхдээ энэ бол буруу ойлголт. Уламжлалт эм, тан нь олон төрлийн түүхий эдээс бүрддэг. Тиймээс аливаа эмийг хэрэглэхийн өмнө аюулгүй байдлыг нь судалж, хурц хорон чанарыг нь тогтоосны үндсэн дээр эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг.
Тиймээс энэ надад сайн байх гэж өөрөө таамаглан эм, тан уух нь зохимжгүй. Уламжлалт эмийг заавал мэргэжлийн эмчид үзүүлж, өвчний үе шат, биеийн онцлогт тохируулан зөв тунгаар хэрэглэх ёстой. Жишээлбэл, уламжлалт анагаах ухаанд ханиадыг тагшуур гэдэг бөгөөд энэ өвчин нь халуун, хүйтэн гэсэн мөн чанартай байдаг. Үүнээс шалтгаалаад хэрэглэх тан нь ч өөр байдаг. Хэрэв тухайн оношид тохироогүй тан хэрэглэвэл өвчин улам хүндрэх эрсдэлтэй.
Мөн уламжлалт эмийн нэр хүртэл найрлагынх нь тухай мэдээллийг агуулж байдаг. Тухайлбал, мана дөрөв гэдэг нь дөрвөн төрлийн эмийн ургамал, түүхий эдээс бүрдсэн гэсэн утгатай. Харин норов долоо гэдэг нь долоон төрлийн түүхий эд орсныг илэрхийлдэг. Иймээс тухайн найрлаганд орсон ямар нэгэн түүхий эдэд харшилтай бол уг танг хэрэглэхгүй, ижил үйлчилгээтэй өөр тан, эмийг сонгон хэрэглэх шаардлагатай байдаг.
-Уламжлалт эмчилгээ болон орчин үеийн эмчилгээг зэрэг хийлгэж болох уу. Ямар тохиолдолд эмчилгээний аргууд хоорондоо сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Энэ тохиолдолд хамгийн түрүүнд тухайн хүний хэрэглэж байгаа эмэн дээр уламжлалт эм, эмчилгээг хавсаргах боломжтой эсэх, ямар нэгэн эсрэг заалт байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Мөн ижил төстэй үйлчилгээтэй эмчилгээний аргуудыг давхардуулан хэрэглэх шаардлагагүй. Ерөнхийдөө уламжлалт болон орчин үеийн эмчилгээ хоорондоо зохимж сайтай байдаг ч зарим тохиолдолд зайлшгүй баримтлах эсрэг заалтууд бий.
Тухайлбал, Монголд элэгний В, С вирусийн халдвар харьцангуй түгээмэл байдаг. Ийм өвчтөн вирусийн эсрэг европ эмчилгээ хийлгэж байгаа бол уламжлалт эмийг давхар хэрэглэхийг бид зөвлөдөггүй. Иймээс вирусийн эсрэг эмчилгээний үед уламжлалт эмийг давхар уухгүй байхыг зөвлөдөг.
Мөн халуун, хүйтэн рашаан, шавар зэрэг уламжлалт эмчилгээний аргуудад ч тодорхой эсрэг заалт бий. Жишээлбэл, элэгний хурц үрэвсэлтэй хүнд халуун рашаан эмчилгээ хийхийг зөвлөдөггүй. Түүнчлэн зүрх судасны өвчтэй хүмүүст халуун рашаанд орох нь эрсдэл дагуулж болзошгүй учраас ийм төрлийн эмчилгээг санал болгох боломжгүй юм.
-Уламжлалт эмчилгээний эм, тан, эмийн түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хэрхэн хянадаг вэ?
-Сүүлийн жилүүдэд нэгтгэмэл анагаах ухаан буюу уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны аргыг хослуулан өвчнийг оношлох, эмчлэх чиглэлээр судалгаа, шинжилгээ эрчимтэй хөгжиж байна. Бидний хэрэглэж байгаа уламжлалт эм, тангууд ч мөн адил зохиомлоор бий болсон зүйл биш. Эдгээр нь уламжлалт анагаах ухааны эх сурвалж, судар бичигт тэмдэглэгдэн ирсэн жорууд бөгөөд өнөөдөр орчин үеийн шинжлэх ухааны аргаар дахин судлагдаж, үнэхээр эмчилгээний үр нөлөөтэй эсэхийг олон шатны судалгаагаар баталгаажуулж байна.
Манай улсад уламжлалт эмийг стандартын шаардлага хангасан үйлдвэрүүд үйлдвэрлэдэг. Мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд тогтмол судалгаа хийж, гадаадын эрдэмтэдтэй хамтарсан төслүүдийг ч хэрэгжүүлдэг.
Жишээлбэл, миний докторын судалгааны ажил Жүрү-5 хэмээх чихрийн шижингийн эсрэг уламжлалт эмийн талаар байсан. Судалгаагаа бүрэн дуусгаж, үр дүнгээ гаргасан бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлж байгаа. Энэ нь уламжлалт сударт бичигдсэн мэдээллийг зүгээр нэг таамаг төдий хүлээн зөвшөөрөх бус, орчин үеийн шинжлэх ухааны аргаар баталгаажуулж байгаа юм. Судалгааны явцад тухайн эмд ямар биологийн идэвхт бодис агуулагддаг, тэдгээр нь цусан дахь сахарын хэмжээг бууруулах, өөх тосыг багасгах, биеийн жинг бууруулах зэрэг ямар үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоосон.
Манай судалгааны нэг онцлог нь эмнэлзүйн туршилтыг хүнийг хамруулан хийсэн явдал юм. Үүнээс өмнө уламжлалт эмийн аюулгүй байдал, үр нөлөөг амьтан дээр туршиж, чихрийн шижингийн өвчний загвар үүсгэн эмчилгээний тун, үйлчлэлийг нарийвчлан судалсан. Эдгээр үр дүн хангалттай баталгаажсаны дараа хүнийг хамруулсан эмнэлзүйн судалгааг хийсэн.
Судалгааны үр дүнгээс харахад Жүрү-5 уламжлалт эм нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, илүүдэл жинг багасгах, цусний өтгөрөлт, бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх боломжтой нь тогтоогдсон. Энэ нь уг эмийг цаашид хэрэглэгчдийн гарт хүргэх боломжтойг харуулж байгаа юм. Одоогоор эмийн хэрэглээний зөвшөөрөлтэй холбоотой төсөлд шалгарч, шаардлагатай ажлууд эхлээд байна. Тиймээс тун удахгүй энэхүү эм хэрэглэгчдийн хүртээл болно гэж найдаж байна. Манай улсад чихрийн шижин өвчний тархалт 2000 оноос хойш 2-3 дахин өссөн. Иймээс энэхүү судалгаа нь зөвхөн эмчилгээнд төдийгүй уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ч бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
-Зүү төөнө заслын чиглэлээр сүүлд хийсэн судалгааны үр дүнгээсээ бидэнд хуваалцана уу?
-Хамгийн сүүлд хийгдсэн судалгаануудын нэг нь зүүний сүвд утас суулгах эмчилгээний талаар байсан. Энэ нь таргалалтын үед хэрэглэдэг эмчилгээ бөгөөд Өвөр Монголоос ирсэн нэг оюутан манай сургуульд энэ чиглэлээр магистрын судалгаагаа амжилттай хамгаалсан. Үүнээс гадна нүүрний мэдрэлийн саажилт, нурууны өвдөлт зэрэг өвчний үед зүү эмчилгээ ямар үр нөлөө үзүүлж байгааг судалсан олон ажил хийгдсэн.
Сүүлийн жилүүдэд хүмүүсийн зүү эмчилгээ хийлгэх сонирхол мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Ялангуяа косметик зүү эмчилгээг сонирхох хүн олширсон. Ер нь зүү эмчилгээ нь хүний биеийн тодорхой цэгүүдэд зүү хатгаж эмчилгээ хийх зарчимтай бөгөөд биеийн зүү, гарын зүү, чихний зүү, хуйхны зүү зэрэг олон төрөлтэй.
Эдгээрээс хамгийн эрчимтэй хөгжиж буй аргуудын нэг нь зүүний сүвд утас суулгах эмчилгээ юм. Энэ арга анх 1960-аад онд Хятадад хөгжиж эхэлсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилд улам боловсронгуй болж байна. Энэхүү эмчилгээнд тусгай зориулалтын уусдаг коллаген утсыг зориулалтын зүүгээр булчинд суулгаж үлдээдэг. Утас нь тодорхой хугацааны дараа биед аажмаар шимэгдэж, удаан хугацаанд эмчилгээний үйлчлэл үзүүлдэг. Харин энгийн зүү эмчилгээний үед зүүг 20-30 минут орчим байлгаад авдаг учраас үйлчилгээ нь тухайн хугацаанд явагддаг. Гэхдээ энэ эмчилгээг зүүний эмч болгон хийх боломжгүй. Тусгайлан нарийн мэргэшиж, зохих сургалт, дадлага эзэмшсэн эмч хийх ёстой. Хэрэв мэргэжлийн бус хүн хийвэл тодорхой эрсдэл үүсэх магадлалтай. Мөн энгийн зүү эмчилгээтэй харьцуулахад өртөг нь өндөр бөгөөд ихэвчлэн 14 хоногт нэг удаа хийдэг.
Бид энэ аргаар таргалалтын чиглэлээр судалгаа хийхэд үр дүн сайн гарсан. Судалгаанд Монгол, Хятадын оролцогчид хамрагдсан бөгөөд хооллолтын хэв маяг нь харилцан адилгүй байсан. Гэхдээ турах эмчилгээний үндэс нь ямар ч тохиолдолд зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн байдаг. Үүн дээр нэмээд ямар эмчилгээ хавсаргахыг шийддэг.
Судалгааны явцад оролцогчдын жин буурсан нь ажиглагдсан. Гэхдээ жин хассан эсэхээс илүү юуг хассан бэ гэдэг нь хамгийн чухал. Жишээлбэл, 80 кг жинтэй хүн 75 кг болсон бол таван килограмм хассан гэсэн үг. Харин тэр таван килограммын ихэнх нь өөх байсан уу, эсвэл булчин байсан уу гэдэг нь эмчилгээний үр дүнг тодорхойлдог. Хүн жингээ хасахдаа булчингаа биш, өөхөө хасах нь хамгийн зөв үр дүн юм. Тиймээс зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнийг эмчилгээтэй хослуулах нь маш чухал. Ерөнхийдөө жин хасалтын дийлэнх хэсэг нь өөхний бууралт байж, булчингийн алдагдал харьцангуй бага байх нь зөв жин хасалт гэж үздэг. Мөн богино хугацаанд хэт их жин хасах нь бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Харин зургаан сарын хугацаанд өөрийн эхний жингийнхээ ойролцоогоор 10 хувийг хасах нь хамгийн эрүүл, тогтвортой жин хасалт бөгөөд буцаад жин нэмэх магадлал ч харьцангуй бага байдаг. Тиймээс жин хасах зорилгоор зүү эмчилгээ хийлгэхээс айх хэрэггүй. Хамгийн гол нь мэргэжлийн, нарийн мэргэшсэн эмчид хандаж, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнтэй хослуулан эмчилгээ хийлгэвэл үр дүн нь илүү сайн байдаг.
-Өвчтөн уламжлалт эмчилгээ хийлгэх эмчилгээний байгууллагаа сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Хэрэв таны биед ямар нэгэн зовиур илэрч, уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хандахаар шийдсэн бол хамгийн түрүүнд мэргэжлийн их эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч оношоо зөв тогтоосны дараа ямар эмчилгээ танд тохирохыг шийднэ.
Мөн эмчилгээ, үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрддөг эмнэлгийг сонгох нь маш чухал. Учир нь зүү эмчилгээ, хануур, шивүүр зэрэг цус гаргах эмчилгээний үед халдварын эрсдэл яригддаг. Тиймээс эмчилгээний аюулгүй байдлыг хангаж, ариутгал, халдвар хамгааллын стандартыг чанд мөрддөг байгууллагад хандахыг зөвлөе.
Түүнчлэн бумба, хутга, алт, мөнгөн зүү зэрэг дахин ашиглах боломжтой эмчилгээний хэрэгслүүдийг стандартын дагуу бүрэн ариутгаж, халдваргүйжүүлсний дараа дахин хэрэглэдэг. Иймээс эмчилгээ хийлгэхдээ тухайн эмнэлгийн ариутгал, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч үйлчлүүлэх нь чухал юм.
-Зуны улиралд эмнэлэгт хандах өвчтөнүүдийн тоо, шинж чанар өөр улиралтай харьцуулахад ямар байдаг вэ?
-Миний ажиглаж байгаагаар зуны улиралд нуруу нь татсан зовиуртай хүмүүс их ирдэг. Манайхан нуруу татчихлаа гэж ярьдаг шүү дээ. Энэ нь ихэвчлэн амралтын улиралтай холбоотой байдаг. Монголд дулаан, таатай улирал харьцангуй богино үргэлжилдэг учраас хүмүүс агаар салхинд гарч, уул хаданд аялж, амарч зугаалдаг.
Ингэхдээ нимгэн, нойтон хувцастай удаан явах, халууцсан үедээ гэнэт хүйтэн усанд орох, эсвэл орой шүүдэр буусны дараа хүйтэн газар удаан суух, нуруугаараа салхи авч даарах зэрэг нь булчин шөрмөс чангарах, нуруу татах зовиур үүсэхэд нөлөөлдөг. Ийм шалтгаантай хүмүүс зуны улиралд их ирдэг нь ажиглагддаг.
Харин хоол боловсруулах эрхтний эмгэгийн хувьд зуны улиралд хүмүүс хорхог, боодог зэрэг өөх тос ихтэй хоол түлхүү идэж, айраг уух, зарим нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь элбэг байдаг. Үүнээс шалтгаалан нойр булчирхай болон хоол боловсруулах замын өвчин, эмгэгийн улмаас эмнэлэгт хандах хүмүүсийн тоо ч нэмэгддэг.
-Зуны улиралд уламжлалт анагаах ухаанд “Шар” махбодын эмгэг идэвхжих хандлагатай гэж үздэг. Үүний цаад шалтгаан, онцлогийг тайлбарлаж өгнө үү?
-Энэ нь уламжлалт анагаах ухааны үндсэн онол болох хий, шар, бадганы махбодын ойлголттой холбоотой. Уламжлалт анагаах ухаанд жилийг дөрвөн улирал бус, тэнцлийн үеийг нь хамруулан зургаан улиралд хуваадаг бөгөөд улирал бүр хүний махбодод өөр өөрөөр нөлөөлдөг гэж үздэг.
Тухайлбал, зуны улирал нь махбодын онцлогт тодорхой хэмжээгээр нөлөөлөх үе байдаг. Гэхдээ аль ч улиралд хамгийн чухал нь хооллолтын зөв дадлыг хэвшүүлэх явдал юм. Уламжлалт анагаах ухаанд шар махбод ихсэх нь зөвхөн улирлаас бус, тухайн хүний хооллолтын хэв маяг, амьдралын дадал, хүрээлэн буй орчны нөлөөлөлтэй холбоотой гэж үздэг.
-Зуны улиралд хамгийн тохиромжтой гэж үздэг идээ ундаа юу вэ, мөн ямар хүнснээс зайлсхийхийг зөвлөдөг вэ?
-Манай өвөг дээдсийн уламжлалт хооллолтыг харахад зуны улиралд улаан махны хэрэглээ мэдэгдэхүйц багасаж, харин борц, цагаан идээ зэрэг хөнгөн, шингэц сайтай хүнсийг түлхүү хэрэглэдэг байсан. Өөрөөр хэлбэл, зуны улиралд ходоод гэдсээ амрааж, хөнгөн хооллох дадлыг баримталж иржээ.
Харин өнөө үед хүмүүсийн хооллолт улам хүндэрч, өөх тос ихтэй хүнс хэтрүүлэн хэрэглэх болсон нь өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байна. Өмнө үед хүмүүс хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнгийн улмаас эрүүл мэндээрээ хохирох нь түгээмэл байсан бол өнөөдөр хоол тэжээлийн илүүдэл, буруу хооллолтоос үүдэлтэй өвчлөл зонхилох болсон.
Уламжлалт анагаах ухааны үзлээр зуны улиралд цаг агаар дулаарч, хөлс ихээр ялгардаг учраас хүний биеийн илч гадагшилдаг гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор дотоод илч харьцангуй суларч, хоол боловсруулах үйл ажиллагаа ч тодорхой хэмжээгээр буурдаг. Тиймээс энэ үед биед амархан шингэх, хөнгөн хоол хүнс хэрэглэх нь илүү тохиромжтой юм.
Харин өвлийн улиралд гадаа хүйтэрснээр биеийн илч дотогш төвлөрч, хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхждэг гэж уламжлалт анагаах ухаанд тайлбарладаг. Иймээс энэ үеийг жингээ зөв зохистой бууруулахад илүү тохиромжтой цаг гэж үздэг.
Тиймээс зуны улиралд биеийн илч гадагшилж, дотоод илч харьцангуй багассан байдаг учраас цагаан идээ, борц зэрэг шингэц сайтай, хөнгөн хоол хүнсийг түлхүү хэрэглэж, хэт тослог, хүнд хоолноос зайлсхийх нь эрүүл мэндэд тустай.
-Идэх цагийн дэглэмийн талаар ямар зөвлөмж байдаг вэ?
-Хооллох цагийн дэглэмийн тухайд уламжлалт анагаах ухаан хүний ходоодны багтаамж, хоол боловсруулах үйл ажиллагаатай уялдуулан тайлбарладаг. Хүний хоёр алганы хэмжээг нийлүүлсэнтэй ойролцоо хэмжээ нь тухайн хүний ходоодны багтаамж гэж үздэг. Үүнийг дөрөв хуваавал тал хувийг нь хоол, дөрөвний нэгийг нь шингэн зүйл эзэлж, үлдсэн дөрөвний нэгийг хоосон орхиж байж хоол боловсруулалт хэвийн явагддаг гэж тайлбарладаг. Тиймээс хэт цадтал идэхийг зөвлөдөггүй. Мөн уламжлалт анагаах ухаанд өдрийн цагийг хий, шар, бадганы цаг гэж ангилдаг бөгөөд хооллолтоо эдгээртэй уялдуулан зохицуулахыг чухалчилдаг. Эрхтэн тогтолцоо бүрийн үйл ажиллагаа идэвхтэй болон харьцангуй сул үе гэж байдаг учраас үүнтэй нийцүүлэн хооллох нь зөв гэж үздэг.
Өглөө эрт болон оройн цагийг хийн цаг, өдрийн үеийг шарын цаг, үдээс хойших үеийг бадганы цаг гэж үздэг. Тухайлбал, өглөөний цагт цөсний үйл ажиллагаа хамгийн идэвхтэй байдаг. Хэрэв өглөөний цайгаа алгасвал цөс бүрэн агшиж чаддаггүй. Харин цөс хэвийн агшиж байвал хоол боловсруулалт сайн явагдаж, идсэн хоол тэжээлээ зөв шингээх нөхцөл бүрддэг. Энэ нь бодисын солилцоог хэвийн байлгаж, илүүдэл жингийн эрсдэлийг бууруулахад ч ач холбогдолтой. Мөн өглөөний цайндаа юу хэрэглэх нь чухал. Тодорхой хэмжээний эрүүл өөх тос агуулсан хүнс хэрэглэхэд цөс агших үйл ажиллагаа идэвхждэг. Цөс тогтмол, бүрэн агшиж байвал цөс өтгөрөх эрсдэл багасдаг.
-Зуны улиралд унтаж сэрэх цагийн дэглэм хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ?
-Манай өвөг дээдэс эрт унтаж, өглөө эрт босохыг үргэлж захидаг байсан нь хүний биеийн хэвийн хэмнэл, өсөлт хөгжилтэй холбоотой гэж үздэг. Ялангуяа хүүхдээ өндөр болгож, бие бялдрын хөгжлийг нь дэмжихийг хүсдэг бол хангалттай, чанартай нойр маш чухал.
Орчин үеийн шинжлэх ухаанаар ч үүнийг баталсан байдаг. Хүүхэд оройн 22:00 цаг гэхэд унтсан байвал өнчин тархинаас ялгардаг өсөлтийн дааврын идэвхжил хамгийн өндөр байдаг. Энэ даавар нь биеийн өсөлт, хөгжлийг дэмждэг. Өсөлтийн даавар 22:00 цагийн орчим хамгийн ихээр ялгарч, шөнө өнгөрөх тусам аажмаар буурсаар үүрийн цагт ялгаралт нь эрс багасдаг. Тиймээс хүүхэд хангалттай хугацаанд, гүн бөгөөд чанартай нойр авч чадвал өсөлт хөгжилд нь эерэгээр нөлөөлдөг.
Харин өглөө эрт босохын ач холбогдлыг уламжлалт анагаах ухаанд хий махбодын онолтой холбон тайлбарладаг. Өглөөний хийн цагт сэрж, өдөр тутмын үйл ажиллагаагаа эхлүүлэх нь биеийн эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, эрүүл мэндэд тустай гэж үздэг.
-Зуны улиралд эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэдэд өгөх хамгийн чухал зөвлөмж юу вэ?
-Одоо бол дулаахан, нартай, байгаль дэлхийтэй ойр байх хамгийн таатай үе юм. Тиймээс энэ улирлыг ашиглаад агаар салхинд сайн гарч, бие махбодоо сэргээх нь хамгийн зөв. Ялангуяа хотод амьдардаг хүмүүс өвлийн турш утаатай орчинд, зузаан хувцастай, хөдөлгөөн багатай байдаг шүү дээ. Тиймээс зуны улирал бол биеэ чийрэгжүүлж, эрүүл мэндээ дэмжих хамгийн тохиромжтой үе юм. Хүүхдийн хувьд ч, насанд хүрэгчдийн хувьд ч адилхан энэ улиралд биеэ чийрэгжүүлэх боломж хамгийн их байдаг. Түрүүн хэлсэнчлэн Монголчуудын дунд элэг, цөсний өвчлөл, мөн элэгний В, С вирусийн халдвар харьцангуй өндөр байдаг. Ийм үед манай ард түмэнд хамгийн ойр, уламжлалт эмчилгээний нэг нь гүүний саам эмчилгээ юм.
Жишээлбэл, хүүхдийн хувьд гүүний саам, эсвэл айргийг арьсанд нь түрхээд өдрийн хурц нарнаас зайлсхийж, 09:00-11:00 цагийн хооронд наранд байлгах уламжлалт арга байдаг. Энэ нь хүүхдийн биеийг чийрэгжүүлж, уламжлалт анагаах ухааны ойлголтоор уушгийг төлжүүлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, уушгины үйл ажиллагааг дэмжиж, хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулдаг гэсэн ойлголт юм. Мөн энэ үед нарны гэрлийн нөлөөгөөр Д аминдэмийн нийлэгжилт идэвхждэг гэж үздэг. Ялангуяа сульдаа өвчтэй хүүхдэд ийм эмчилгээ эерэг нөлөө үзүүлдэг. Зарим тохиолдолд элсээр эмчилгээ хавсарган хийснээр хөл майга болох, хавирганы хэлбэр өөрчлөгдөх зэрэг бага насны зарим өөрчлөлтийг засахад дэмжлэг болдог гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Харин насанд хүрэгчдийн хувьд гүүний саамыг уух эмчилгээ өргөн хэрэглэгддэг. Зуны улиралд гүүний зэлэн дээрээс шинэхэн саамыг тодорхой дэглэмийн дагуу 10-14 хоног уух нь элэг, цөсний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс улирлын онцлогийг зөв ашиглаж, монгол ахуй, уламжлалт мэдлэгтэй уялдуулан ийм төрлийн эмчилгээ хийх нь бие махбодыг сэргээх, эрүүл мэндээ дэмжихэд тустай арга юм.