Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг буулгаж, сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлээд байна. Барилгын ажилтай холбоотойгоор тус сургуулийн сурагчид төдийгүй ойр орчмын хүүхдүүдийн тоглож, спортоор хичээллэдэг байсан талбай байхгүй болжээ.
141 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбай нь зөвхөн сургуулийн сурагчдад бус, тухайн хорооны хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг цөөн нийтийн талбайн нэг байжээ. Хичээлийн дараа болон амралтын өдрүүдэд хөлбөмбөг тоглож, чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан хүүхдүүд талбайгаа буулгасанд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
Хүүхдүүдийн төлөөлөл: Энэ хөлбөмбөгийн талбайг нурааж байгаа нь муухай байна. Ойр орчимд байдаг хамгийн аюулгүй, тохилог талбай байсан. Энд зөвхөн манай сургуулийнхан биш, энэ хавийн олон хүүхэд ирж тоглодог байсан. Хичээлээсээ тараад энд ирж тоглодог байсан ч одоо тоглох газаргүй болчихлоо гэсэн юм.
Нөгөө талаар сургуулийн өргөтгөлийн барилга барих шаардлага үүссэн нь сурагчдын суралцах орчныг сайжруулах зорилготой ажил юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн амын өсөлт, сурагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор олон сургууль хүчин чадлаасаа давсан ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд нэмэлт хичээлийн байр, анги танхим барих хэрэгцээ бий болсон. Иймээс 141 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн ч хүүхдүүдийн спортоор хичээллэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчны асуудал мөн зэрэгцэн хөндөгдөж байна.
Хүүхэд өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийх нь бие бялдар, сэтгэл зүйн хөгжилд чухал нөлөөтэй. Харин аюулгүй, хүртээмжтэй тоглоомын болон спортын талбай хүрэлцээгүй тохиолдолд хүүхдүүд автомашины зогсоол, орон сууцны дундах зам талбай зэрэг эрсдэлтэй орчинд тоглох тохиолдол нэмэгддэг. Иймээс сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ бүтээн байгуулалт хийхдээ хүүхдүүдийн спортоор хичээллэх талбайг орлуулах, эсвэл шинэчлэх асуудлыг хамтад нь шийдвэрлэх нь чухал юм.
Одоогоор 141 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн буулгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өргөтгөлийн ажил дууссаны дараа спортын талбайг ямар хэлбэрээр шийдэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Харин хүүхдүүдийн хувьд хамгийн чухал хүсэлт нь “аюулгүй, чөлөөтэй тоглох шинэ талбай” гэдгийг хэлж байв.