АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын импортын олон төрлийн бараанд 50 хувийн гаалийн тариф ногдууллаа. Тэрээр энэ шийдвэрээ АНУ-ын автомашин, сүү, сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаанд Канад шударга бус ханддагийн хариу арга хэмжээ гэж тайлбарлав.
Шинэ тариф 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд АНУ, Канадын худалдааны зөрчлийг улам хурцатгаж байна. Цагаан ордон энэхүү арга хэмжээ нь Америкийн бизнесийг хамгаалахад чиглэсэн гэж мэдэгдэв.
Тариф нь дарс, хоккейн таяг зэрэг өргөн хэрэглээний бараа, үйлдвэрийн цемент зэрэг бүтээгдэхүүнд үйлчлэх бол эрчим хүч, калийн бордоо, чухал ашигт малтмал, загас зэрэг Канадын гол экспортын бүтээгдэхүүнүүдийг чөлөөлжээ. Мөн Канад, АНУ, Мексикийн USMCA чөлөөт худалдааны хэлэлцээрт хамрагддаг бараанд ч шинэ тариф адилхан үйлчлэх юм.
Энэ нь өмнө нь хэрэгжиж байсан худалдааны хориг, тарифууд дээр нэмэгдэж буй арга хэмжээ юм. Одоогоор АНУ Канадын ган, хөнгөн цагаан, зэсэд 15-50 хувийн, модон материалд 35 хувийн, автомашины АНУ-д үйлдвэрлээгүй эд ангид 25 хувийн тариф ногдуулж байгаа бол Канад ч Америкийн ган, хөнгөн цагаан, автомашины зарим импортод 25 хувийн хариу тариф мөрдүүлж байна.
Трамп өмнө нь Канадын ой хээрийн түймрийн утааг шалтгаан болгон тариф нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан ч энэ удаагийн зарлигт түймрийн талаар огт дурдаагүй байна. Харин автомашин, сүү, сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаатай холбоотой удаан үргэлжилсэн худалдааны маргааныг үндэслэл болгосон нь хоёр улсын худалдааны хэлэлцээ мухардалд орсныг илтгэжээ.
АНУ Канадын автомашины импортын татвар, сүүний импортын квотын тогтолцоо, мөн Канадын мужуудын Америкийн согтууруулах ундаанд тавьсан бойкотоос шалтгаалан Канад худалдаанд ялгаварлан хандаж байна гэж үзэж байгаа юм.
Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх Трампын онцгой байдлын тухай хуульд тулгуурлан тогтоосон тарифуудыг хүчингүй болгосон. Харин энэ удаагийн 50 хувийн тарифыг 1930 оны Гаалийн тарифын тухай хуулийн 338 дугаар зүйл, өөрөөр хэлбэл худалдаан дахь ялгаварлан гадуурхалтыг зохицуулдаг заалтад үндэслэн хэрэгжүүлжээ.
Канадын Худалдааны танхимын ерөнхийлөгч Кэндэнс Лэйнг уг шийдвэрийг "харамсалтай" хэмээн тодорхойлж, шинэ тариф хүчин төгөлдөр болохоос өмнөх 30 хоногт хоёр талын хэлэлцээнд бодит ахиц гаргахыг уриаллаа.