Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Н.Номтойбаяр танилцууллаа.
Тэрээр “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, орон нутгийн Засаг дарга нарт тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Энэ жил зарим бүс нутагт зуншлага сайхан байгаа бол зарим газарт хуурайшилт ихтэй байна. Тиймээс нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн шийдвэр гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 58.9 сая толгой мал тоологдоод байна. Ойрын хугацаанд төл бойжилтын дараа 78 сая толгой малтай болох төлөвтэй байна. Гэхдээ энэ нь өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүрэн хангаж, эрсдэлийг зөв тооцон ажилласны үндсэн дээр боломжтой юм. Мал аж ахуй бол манай улсын хөдөө аж ахуйн салбарын гол суурь учраас энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.
Эрчим хүч, дулааны хангамжийн хувьд ч анхаарах асуудал олон байна. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар дулаан, эрчим хүчний салбарын объектуудын 50 орчим хувь нь бүрэн бэлэн байдалд шилжсэн байна. Харин 40 гаруй хувь нь ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдсэн. Улсын хэмжээнд эрчим хүч, дулааны салбарын бодит бэлэн байдал 48 хувьтай байна.
Мөн нүүрсний олборлолт, ханган нийлүүлэлтийн хэвийн ажиллагааг хангах, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн. Хамгийн чухал асуудлын нэг нь шатахуун, түлшний хангалт, нийлүүлэлт, хадгалалт, нөөц бүрдүүлэлт юм. Энэ чиглэлээр гаргасан шийдвэрүүд өнөөдрөөс албажиж, хэрэгжиж эхэлж байна.
Миний бие Улсын онцгой комиссын даргын хувьд Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгах үүрэг хүлээсэн. Тиймээс өнөөдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу 21 аймагт ажиллаж, Засгийн газрын шийдвэрүүд бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгана. Мөн Засгийн газраас наймдугаар сарын 1-нээс хойш баяр наадам, төвлөрсөн арга хэмжээг зохион байгуулахгүй байх үүргийг өгсөн. Зөвхөн Баян-Өлгий, Ховд аймагт өмнө нь гарсан шүлхий өвчний улмаас хойшлогдсон баяр наадмыг наймдугаар сарын 1, 2-нд зохион байгуулахаар болсон. Үүнээс цааш ямар нэгэн баяр наадам, төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй. Үүнийг хатуу анхааруулж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад маш олон хүн хүч хөдөлмөрөө зориуллаа. Зохион байгуулах ажлын хүрээнд нийт 242 хүн ажилласан. Соёл урлагийн 14 арга хэмжээнд хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж, соёл урлагийн 40 гаруй байгууллагын нийт 13 мянга орчим хүн оролцсон. Мөн цагдаагийн байгууллагын 5500 орчим алба хаагч, хот тохижилт, үйлчилгээний 2000 ажилтан өдөр, шөнөгүй ажилласан. Баяр наадмыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан нийт 20 мянга гаруй хүнд талархал илэрхийлье.
Дэлхийн адууны өдөр болон тэгш ой тохиосон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад нийт 9.3 тэрбум төгрөгийн зардал гарсан. Харин 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн. Санхүүгийн тайлан энэ сарын 23-ны өдөр гэхэд бэлэн болж, Улсын аудитын байгууллага хяналт шалгалтаа хийж, дүгнэлтээ танилцуулна.
Бөхийн допингийн асуудал жил бүр анхаарал татдаг. Энэ жилийн онцлог нь өндөр цолтой бөхчүүдээс урьдчилан допингийн шинжилгээ авч эхэлсэн явдал байлаа. Улсын цол хүртсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Харин аймгийн цолтой нэг бөхөөс урьдчилсан байдлаар допинг илэрсэн.
Мөн хурдан морины сэрвээний өндрийн хэмжилттэй холбоотой маргааныг цаашид гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн. Сурын харвааны төрлөөр ямар нэгэн маргаан, асуудал гараагүй. Баяр наадмын үеэр дэд бүтцийн асуудал нэлээд хөндөгдсөн. Тиймээс Засгийн газар ирэх жилийн баяр наадмыг угтан Хүй долоон худагт шинэ цогцолбор байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо.
Мөн төрийн бүх шатны худалдан авалтад стандартын шаардлагыг хатуу мөрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлнэ. Стандартад нийцээгүй барилга байгууламж, бүтээн байгуулалтыг төр хүлээн авахгүй, санхүүжилт олгохгүй бөгөөд шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авна.
Нийслэлийн гэр хорооллын бүсийн тодорхой хэсгийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх шийдвэр гарлаа
Ингэснээр тухайн бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөр, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон бусад эрх зүйн дэмжлэгээр хангаж, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Энэ чиглэлийн шинэчилсэн эрх зүйн орчныг Засгийн газар Улсын Их Хуралд өргөн барина.
Төгсгөлд нь усны ослын талаар анхааруулъя. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд усны ослын улмаас 464 хүн, үүнээс 105 хүүхэд амь насаа алдсан байна. Нийт тохиолдлын 31 хувь нь усанд сэлж байх үедээ осолдсон бол 15 хувь нь автомашин, техник хэрэгсэлтэй холбоотой, 11 хувь нь хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, мөн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй байна. Харин 3 хувь нь хийлдэг гудас, завинаас унаснаас, 3 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага мөрдөөгүйгээс шалтгаалжээ. Усны ослын тохиолдол өнгөрсөн онтой харьцуулахад 22 хувиар өссөн бөгөөд улсын хэмжээнд эрсдэлтэй 399 хар цэг бүртгэлтэй байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарахыг уриалж байна" гэлээ.