Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн "Цэмбэгэр Улаанбаатар" давалгааг албан ёсоор эхлүүллээ. Өнөөдөр 500 гаруй сайн дурын залуус Олимпийн гүүрний явган хүний зам, дугуйн замыг хамтдаа угааж, цэвэрлэлээ. Давалгаа энэ зуны турш үргэлжлэх юм.
Volunteer Mongolia-ийн сайн дурын залуус нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага бүрийг өөрсдийн гаднах талбайгаа угааж, цэвэрлэхийг уриаллаа.
"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаа гэж юу вэ
Аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн оффис, үйлчилгээний газрын гаднах болон ойр орчмын 50 метр доторх явган хүний зам, нийтийн талбайгаа угааж цэвэрлэн, хотын соёлыг түгээх уриалга юм.
Аж ахуйн нэгж, байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 63 дугаар тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр хэсгийн эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг "Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг залуус уриалж байна.
Залуус тус давалгааны хүрээнд дараах байршлуудыг хамруулахаар зорьж байна
Үйлчилгээний газрууд: Дэлгүүр, ресторан, кафе, зочид буудлын гадна талбай
Оффисын барилгууд: Бизнес төв, албан байгууллагуудын гадна орон зай
Орон сууцны хорооллууд: Хотхон дундын талбай, тоглоомын талбай
Нийтийн эзэмшлийн талбай: Иргэд олноор цугладаг гудамж, талбай
"Цэмбэгэр Улаанбаатар" давалгаанд хэрхэн нэгдэх вэ
Танай байгууллага хотынхоо өнгө үзэмжид хувь нэмэр оруулахад бэлэн үү. Дараах 3 алхмаар давалгаанд нэгдээрэй.
1. Цэвэрлэгээ хийх: Байгууллагынхаа ойр орчмын 50 метр талбай, явган хүний замыг угааж цэвэрлэх
2. Баталгаажуулах: Цэвэрлэгээ хийж буй явц болон үр дүнгийн зураг, видеог баримтжуулах
3. Пост оруулах: Өөрийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд #ЦэмбэгэрУБ болон #БидНэгдлээ хаштагтайгаар нийтэлж, бусад аж ахуйн нэгжүүдийг уриалах
"Цэмбэгэр Улаанбаатар" давалгааны албан ёсны цахим хуудас
Фэйсбүүк хуудас: I Love UB
Инстаграм хаяг: I Love UB
Илүү цэмбэгэр, илүү соёлтой хотын төлөө нэгдэцгээе!