Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр нарийвчлалтай Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж, оношилгооны үйл ажиллагаанд нэвтрүүллээ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь дүрс оношилгооны салбарт шинэ шатны дэвшил авчирч, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшний оношилгооны үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.
Төхөөрөмжийг нэвтрүүлэх арга хэмжээний үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манай улсад ийм өндөр хүчин чадалтай аппарат анх удаа суурилагдаж байна. Өмнө нь 64 зүслэгт аппаратаар зүрхний титэм судасны шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулдаг байсан бол шинэ төхөөрөмжөөр ердөө хэдхэн секундэд хийх боломжтой боллоо. Энэ нь гадаад улсыг зорин оношилгоо хийлгэх шаардлагыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.
Шинэ төхөөрөмж нь зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт алгоритмууд нь хөдөлгөөн болон амьсгалын улмаас үүсдэг дүрсний алдагдлыг бууруулж, судасны бүтэц, эмгэг өөрчлөлтийг илүү тод, өндөр нарийвчлалтай дүрслэх боломжийг бүрдүүлж байна.