Дэлхийн хамгийн алдартай спорт болох хөлбөмбөг нь зөвхөн тоглолтоороо бус түүхэн амжилт, дээд амжилтуудаараа ч олны анхаарлыг татсаар ирсэн. Энэхүү спорттой холбоотой зарим сонирхолтой тоо баримтыг хүргэе.
2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүхэндээ хамгийн өргөн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс хамтран зохион байгуулах тус тэмцээнд анх удаа 48 шигшээ баг оролцож, нийт 104 тоглолт болно. Өмнөх дэлхийн аваргуудад 32 баг оролцож, 64 тоглолт явагддаг байсан.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны тооцооллоор дэлхий даяар 250 сая гаруй хүн хөлбөмбөг тоглодог бөгөөд 200 гаруй улс, нутаг дэвсгэрт энэ спортын албан ёсны холбоо үйл ажиллагаа явуулдаг байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын нэг. 2022 оны дэлхийн аваргын финалын тоглолтыг дэлхий даяар 1.5 тэрбум хүн үзсэн гэх тооцоо бий.
Дэлхийн аваргын түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн улс бол Бразил юм. Тэд 1958, 1962, 1970, 1994, 2002 онуудад аваргын цом өргөж, нийт таван удаа дэлхийн аварга болсон амжилтаараа бусад бүх улсыг тэргүүлдэг.
Аргентины супер од Лионель Месси дэлхийн аваргын тэмцээнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч билээ. Тэрбээр ДАШТ-ий тайзнаа 26 тоглолт хийж, 2022 онд Аргентины шигшээ багийг дэлхийн аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ.
Дэлхийн аваргын түүхэнд хамгийн олон улаан хуудас гарсан тоглолт 2006 онд болсон. Португал болон Нидерландын шигшээ багуудын тоглолтод нийт дөрвөн улаан, 16 шар хуудас гарч, уг тоглолтыг хожим “Нюрнбергийн тулаан” хэмээн нэрлэх болсон юм.
Бразилын домогт довтлогч Пеле ердөө 17 настайдаа дэлхийн аварга болж байв. Шведэд болсон 1958 оны дэлхийн аваргаар Пеле хүү 17 насандаа гайхамшиг бүтээж байв. Түүний зарим амжилтыг одоог хэр нь 60 жилийн дараа ч эвдээгүй байгаа нь гайхамшигтай. Пеле шигшээ тоглолтод талбай эзэн Шведийн шигшээ багийн эсрэг 2 гоол оруулсан нь дэлхийн аваргын шигшээ түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болон тэмдэглэгджээ. Мөн тэрээр дэлхийн аваргын түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тамирчнаар нэрлэгддэг юм.
Хөлбөмбөгийн талбай дээр хамгийн олон үзэгч цугласан тоглолтын нэг 1950 оны дэлхийн аваргын шигшээ шатны Бразил–Уругвайн тоглолт байв. Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэхэд 170 мянга гаруй хүн цугларсан гэж тэмдэглэгдсэн байдаг.
Дэлхийн аваргын нэг тэмцээнд хамгийн олон гоол оруулсан рекордыг Францын довтлогч Жюст Фонтен эзэмшдэг. Тэрбээр 1958 оны дэлхийн аваргаар зургаан тоглолтод оролцож, нийт 13 гоол оруулсан байдаг. Энэхүү амжилтыг 68 жилийн хугацаанд хэн ч эвдэж чадаагүй байна.
Дэлхийн аваргын түүхэнд хамгийн хурдан гоолыг Туркийн хөлбөмбөгчин Хакан Шүкүр оруулжээ. Тэрбээр 2002 оны дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх тоглолтод БНСУ-ын хаалганд ердөө 11 секундийн дараа гоол оруулсан нь өнөөг хүртэл эвдэгдээгүй рекорд хэвээр байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн дэх хамгийн ахмад гоол оруулагч бол Рожер Милла юм. Камеруны домог Рожер Милла 1994 оны ДАШТ-д Оросын эсрэг тоглолтод 42 нас 39 хоногтойдоо гоолдож, өнөөг хүртэл эвдэгдээгүй рекорд тогтоосон. Тэрээр өөрийн 1990 онд тогтоосон ахмад гоол оруулагчийн дээд амжилтаа дахин шинэчилсэн тэр юм. Рожер Милла 1990 оны ДАШТ-д 38 настайдаа 4 гоол оруулж, Камеруныг Африк тивээс анх удаа шөвгийн наймд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байдаг.
ДАШТ-ий хамгийн ахмад гоол оруулагчид:
1. Рожер Милла — 42 нас 39 хоног
Криштиану Роналдо — 41 нас 132 хоног
Португалын шигшээ багийн Пепе — 39 нас 283 хоног
4. Гуннар Грэн — 37 нас 236 хоног
5. Куаутемок Бланко — 37 нас 151 хоног
Дэлхий аваргад хамгийн олон удаа таарч, өрсөлдөж байсан шигшээ багууд
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд зарим шигшээ багууд хоорондоо олон удаа учраа таарч, онцгой өрсөлдөөнийг бий болгожээ. Тэдгээрээс хамгийн олон давтагдсан хоёр тулаан нь Бразил–Швед болон Аргентин–Германын шигшээ багуудын учраанууд юм.Бразил, Шведийн шигшээ багууд ДАШТ-ий түүхэнд нийт долоон удаа таарч тоглосон нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогддог. Тэдний хамгийн алдартай тоглолт 1958 оны ДАШТ-ий финалд болсон бөгөөд талбайн эзэн Шведийг Бразил 5:2-ын харьцаагаар буулган авч, түүхэн дэх анхны дэлхийн аваргын цомоо өргөсөн билээ. Тус тоглолтод 17 настай Пеле гялалзсан тоглолт үзүүлж, дэлхийн хөлбөмбөгийн шинэ од төрснийг зарласан юм. Харин Аргентин, Германы шигшээ багууд мөн ДАШТ-д долоон удаа тулсан бөгөөд энэ нь тэмцээний хамгийн ширүүн өрсөлдөөнүүдийн нэгээр нэрлэгддэг. Тэд финалын шатанд гурван удаа таарч байсан бөгөөд 1986 онд Аргентин, 1990 болон 2014 онд Герман дэлхийн аварга болж байжээ.