Улиасны унгирал бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар Чингэлтэй дүүргийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Адъяанямаас тодрууллаа.
–Чингэлтэй дүүргийн тохижилт, цэвэрлэгээний ажилд хүн хүч, техник хэрэгслийн хүрэлцээ хэр байгаа вэ?
–Манай дүүргийн хувьд хүн хүч, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай байгаа. Тохижилт, цэвэрлэгээний чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд стандарт, дүрэмд заасан машин техникээр бүрэн хангагдсан тул үйл ажиллагаанд хүндрэл гараагүй.
–Энэ зун ямар томоохон тохижилтын ажлууд хийх вэ?
–Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр албан даалгавар болон дүүргийн ажлын хэсгийн төлөвлөгөөний хүрээнд иргэдээс ирсэн санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. 1-24 дүгээр хороодоос ирсэн тохижилт, дэд бүтэц, аюултай кабель шугамтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа.
Одоогоор дүүргийн хэмжээнд 1200 ам метр талбайд тохижилтын засвар шинэчлэлийн ажил хийгдэж байна. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар Цэцэг төвийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замын тохижилтын ажил эхэлсэн.
-Жил бүрийн энэ үед улиас модны унгирал буюу иргэдийн нэрлэдгээр улиасны хөвөн агаарт дэгддэг. Үүнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
–Манай дүүрэгт ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан гурван гэрээт байгууллага ажилладаг. Эдгээр байгууллага мод сөөгийг хэлбэржүүлэх, усжуулах, тайрах ажлыг тогтмол хийж байна. Мөн улиас модны унгирал ихээр дэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх тайралтын ажлуудыг зохион байгуулсан. Түүнчлэн улиас мод унгиралаа цацахаас өмнө оройн цагаар, иргэдийн хөл хөдөлгөөн багатай үед хоёр техник ашиглан эм улиас модод даралттай ус шүршиж, унгирал тархахаас сэргийлэх арга хэмжээ авч байна.
–Ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мод, бут сөөг тарих ажил энэ жил хэр хэмжээнд хийгдсэн бэ?
–Тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд 17 мянган ширхэг мод, бут сөөг тарьсан. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 13 мянга орчим мод тарьсан. Ингээд нийтдээ 30 мянга орчим мод, бут сөөг тарих ажил зохион байгууллаа.
–Ухаалаг хогийн савны талаар мэдээлэл өгөөч?
–Өнгөрсөн онд дүүргийн төсвийн хөрөнгөөр 50 ширхэг ухаалаг хогийн сав суурилуулсан. Эдгээр сав нь газар доор байрладаг, битүүмжлэл сайтай, үнэр бага гардаг. Мөн чиптэй учир айл өрхийн хог хаягдлын мэдээлэл болон хог дүүрсэн мэдээллийг автоматаар дамжуулдаг. Энэ жил дахин 24 ширхэг ухаалаг хогийн сав суурилуулахаар төсөвт тусгасан.
–Чингэлтэй дүүрэгт явган хүний замын ажилтай холбоотой иргэдийн гомдол хэр их ирдэг вэ?
–Өдөр бүр ирдэг. Ялангуяа бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор санал, хүсэлт нэмэгддэг. Бид ажлын хэсгээрээ дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг 3-7 хоногийн дотор шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.
–Тохижилт үйлчилгээний ажилчдын цалин өмнөх түвшиндээ хэвээр байгаа юу?
–Тийм. Өмнө нь батлагдсан цалингийн зохицуулалт хэвээр мөрдөгдөж байгаа.
–Энэ зун хэрэгжүүлэх өөр онцлох ажил бий юу?
–Өнгөрсөн жил туршилтаар хэрэгжүүлсэн “Ногоон булан” төслийг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ жил гэр хорооллын дөрвөн байршилд байгуулахаар тендерийн ажил үргэлжилж байна. Мөн гэрэлтүүлэг муутай бүсүүдийн нөхцөлийг сайжруулах, цахилгааны хомсдолтой айл өрхүүдийг дэмжих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.