Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Иргэд цахилгаан зарцуулалтаа хянаснаар 20-40 хүртэл хувиар бууруулах боломжтой

Иргэд цахилгаан зарцуулалтаа хянаснаар 20-40 хүртэл хувиар бууруулах боломжтой
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 8
“Эрчим хүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд эрчим хүчний салбарт нэвтэрч буй дэвшилтэт техник, технологи, цахим үйлчилгээ, ногоон эрчим хүчний шийдлүүдийг танилцуулж, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл хүргэх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өдөрлөгт оролцож үг хэлсэн бөгөөд холбогдох байгууллагынхан ухаалаг тоолуур, цахим үйлчилгээний давуу талыг танилцуулж, хэрэглэгчид гар утасны аппликейшнээр дамжуулан цахилгааны хэрэглээгээ бодитоор хянах, хэрэглээгээ оновчтой төлөвлөж эрчим хүчний хэмнэлт бий болгох боломжийн талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын цахим шилжилт нь үйлчилгээний чанарыг сайжруулж, зардлыг бууруулан, илүү ухаалаг, үр ашигтай системийг бүрдүүлэхэд чиглэж байгааг онцолсон юм.
undefined
Ерөнхий сайд Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд олон өөрчлөлт, шинэчлэлийг зөвхөн зураг төсөл, цаасан дээр үлдээж, бодит ажил хэрэг болгож чадалгүй ирсний төлөөсийг өнөөдөр улс орон даяараа төлж байна. Тиймээс энэ удаа зөвхөн ярьдаг биш, хэрэгжүүлдэг байх зарчмаар ухаалаг удирдлага, ухаалаг хэрэглээний тогтолцоог хамтад нь эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд Эрчим хүчний яам манлайлан ажиллаж, олон шат дамжлага, хүнд суртлыг арилгаж чадлаа. Эрчим хүч бол улсын хөгжлийг тодорхойлогч тэргүүлэх салбар. Цаашид эрчим хүчийг зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадал, эх үүсвэрээр нь бус, ухаалаг хэрэглээ, дижитал удирдлага, хэрэглээний соёлоор нь хэмждэг шинэ үе эхэлж байна.
Өнөөдөр иргэд цахилгаан, дулааны хэрэглээгээ гар утаснаасаа хянаж, удирддаг технологийн шийдэлд шилжиж байна. Харин цаашдаа өрх бүр зөвхөн хэрэглэгч биш, эрчим хүч үйлдвэрлэгч болох боломж бүрдэнэ. Энэхүү аппликэйшн, ухаалаг системд айл өрх бүр хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, айл өрх болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн нар, салхины эрчим хүчийг сүлжээнд үр ашигтай нийлүүлэх боломжийг нээхээр ажиллаж байна. Ингэснээр импортын эрчим хүчнээс хамаарах хамаарлыг бууруулж, зардал хэмнэхээс гадна эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой юм.
undefined
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Эрчим хүчний салбарт богино болон урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Тиймээс бид асуудлыг түр аргацаах бус, урт хугацаанд хэрхэн тогтвортой, чанартай, хязгаарлалтгүй эрчим хүчний системтэй болох вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна. Энэ хүрээнд нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн чиглэлээр ажлаа төлөвлөсөн. Тэдгээр есөн ажлын нэг нь цахим шилжилт, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэх ажил юм. Өмнө нь хэрэглэгчид яг хэдий хэмжээний цахилгаан хэрэглэж байгаагаа мэддэггүй, сарын эцэст төлбөрийн мэдээлэл нь мессежээр ирдэг байсан. Харин цаашид хэрэглэгч өөрөө гар утасны аппликейшнээр дамжуулан хэзээ, ямар хэмжээний эрчим хүч хэрэглэж байгаагаа бодит цаг хугацаанд хянах боломжтой болно.
Ингэснээр иргэд төлбөрөө хэмнэхийн тулд аль төхөөрөмжөө хэзээ ашиглахаа зохицуулж, хэрэглээгээ илүү ухаалгаар удирдах боломж бүрдэнэ. Мөн айл өрхөөр явж тоолуур бичдэг, цахилгаан тасалж залгадаг байдал өөрчлөгдөх юм. Шаардлагатай тохиолдолд эдгээр үйлчилгээг алсаас, хүний шууд оролцоогүйгээр хийх боломжтой болно. Үүний үр дүнд үйл ажиллагааны зардал буурч, өртөг хэмнэгдэнэ. Энэ нь цаашлаад эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгах, нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл эрчим хүчний систем бүхэлдээ ухаалаг болж байна гэсэн үг. Систем ухаалаг болох тусам хүний оролцоо багасаж, алдаа мадаг буурч, үйлчилгээний чанар үр ашиг улам сайжрах юм.

Бид үндсэн үүрэг болох хэрэглэгчдэд тасралтгүй, чанартай эрчим хүч хүргэхэд илүү төвлөрч ажиллах боломжтой болж байна

Нийслэл түгээх сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямбаяр: Ухаалаг тоолуур гэдэг бол ухаалаг систем юм. Хэрэглэгчид гар утасны аппликейшнээр дамжуулан цахилгааны хэрэглээгээ хянаж, хэдэн цагт хамгийн их эрчим хүч хэрэглэж байгаагаа бодит мэдээлэл дээр үндэслэн харах боломжтой болно. Үүний цаана эрчим хүчний хэмнэлт бий болгох том боломж нээгдэж байгаа юм. Жишээлбэл, цахилгааны ачаалал өндөр, хэрэглээ ихтэй цагуудад угаалгын машин, тоос сорогч зэрэг өндөр чадлын төхөөрөмж ажиллуулахын оронд оройн 21:00 цагаас хойш эсвэл өглөө эрт ажиллуулах нь илүү хэмнэлттэй гэдгийг хэрэглэгч мэдэж, хэрэглээгээ зохицуулах боломжтой. Ингэснээр өрхийн цахилгаан хэрэглээг оргил ачааллын үеэр бус, ачаалал багатай цагуудад шилжүүлж, зардлаа бууруулах нөхцөл бүрдэнэ.
Тиймээс цахилгаан хэрэглэдэг хүн бүр энэхүү аппликейшнийг ашиглаж, өөрийн хэрэглээг тогтмол хянаж хэвшихийг уриалж байна. Мөн эрчим хүчний салбар цахим шилжилтэд бүрэн шилжсэнээр үйл ажиллагааны олон зардал хэмнэгдэж байгаа. Ингэснээр бид нэмэлт зардал гаргахын оронд үндсэн үүрэг болох цахилгаан түгээлтийн найдвартай ажиллагааг хангаж, хэрэглэгчдэд тасралтгүй, чанартай эрчим хүч хүргэхэд илүү төвлөрч ажиллах боломжтой болж байна.
undefined
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Тоолуур систем зохицуулалтын инженер Б.Номин-Эрдэнэ: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани өнөөдрийн байдлаар 520 мянган хэрэглэгчдэд үйлчилж, 530 мянган тоолууртай ажиллаж байна. Үүнээс 330 мянган тоолуурыг аль хэдийн ухаалаг тоолуур болгон шинэчилсэн бөгөөд 2026 ондоо багтаан нийт тоолуураа 100 хувь ухаалаг системд шилжүүлэхээр төлөвлөж байна. Ухаалаг тоолуур суурилуулснаар хэрэглэгчдэд олон давуу тал бий болно. Тухайлбал, эдгээр тоолуур нь өөртөө хамгаалалтын технологитой байдаг. Сүлжээнд хэт хүчдэл үүсэх, хэрэглэгчийн дотоод цахилгааны монтажид гэмтэл гарах зэрэг эрсдэл тохиолдсон үед цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хамгаалах боломжтой. Мөн цахим системд бүрэн шилжсэнээр хэрэглэгчид өдөр тутмын болон сарынхаа цахилгааны хэрэглээг бодит цаг хугацаанд хянах боломжтой болно. Ингэснээр өөрсдийн хэрэглээг илүү оновчтой зохицуулж, цахилгаан зарцуулалтаа 20-40 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэх юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн