Шинэ судалгаагаар стрессээс үүдэлтэй өтгөн хаталтын шалтгааныг тайлбарлаж, IBS-ийн шинэ эмчилгээний боломжийг нээжээ.
Стресс хүний хоол боловсруулах тогтолцоонд нөлөөлөх үед гэдэс агшиж, хоол боловсруулалт удааширдаг. Зарим хүний хувьд энэ шинж тэмдэг хурдан арилдаг бол өтгөн хаталт давамгайлсан цочромтгой гэдэсний хам шинж (IBS-C) зэрэг өвчтэй хүмүүсийн хувьд удаан үргэлжилж болдог.
АНУ-ын Бет Израиль Диконесс Анагаах Ухааны Төвийн судлаачид стрессийн дааврууд гэдэсний үйл ажиллагаанд хэрхэн шууд нөлөөлж, хоол боловсруулалтыг удаашруулдгийг тогтоосон шинэ судалгааг танилцууллаа. Судалгааны үр дүн стрессээс шалтгаалсан өтгөн хаталтыг эмчлэх шинэ арга боловсруулах боломж байгааг харуулжээ.
Судалгааг Субхаш Кулкарни удирдсан бөгөөд үр дүн нь Journal of Biological Chemistry сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Эрдэмтдийн анхаарлыг гэдэсний мэдрэлийн тогтолцоо буюу хоол боловсруулах замын “хоёр дахь тархи” хэмээн нэрлэгддэг систем татжээ. Энэхүү мэдрэлийн сүлжээ нь тархи, нугаснаас шууд удирдлага авахгүйгээр хоол боловсруулах үйл явцыг зохицуулах чадвартай байдаг. Гэвч биеийн бусад мэдрэлийн тогтолцоотой холбоотой тул стрессийн дохио хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулж чаддаг байна.
Өмнөх судалгаануудаар стрессийн даавар гэдэсний мэдрэлийн тохиололд саад учруулдаг нь тогтоогдсон ч яг ямар механизмаар явагддаг нь тодорхойгүй байжээ. Харин энэ удаагийн судалгаагаар стресс гэдэсний эсүүдийн хоорондын мэдээлэл дамжуулалтыг саатуулж, улмаар хоол боловсруулах замын хөдөлгөөнийг удаашруулан архаг өтгөн хаталтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.
Судлаачид энэхүү өөрчлөлтийг BDNF хэмээх молекул болон түүний TrkB рецептортой холбоотой химийн дохиоллын замтай холбон тайлбарлажээ. Энэ механизм нь хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн байлгахад чухал үүрэгтэй аж. Тэд TrkB рецепторыг идэвхжүүлдэг нэгдлийг ашиглан туршилт хийхэд стрессийн улмаас удааширсан гэдэсний хөдөлгөөн хэвийн байдалдаа орсон байна.
Судалгааны ахлах зохиогчдын нэг Сринивас Н. Путтапака “Энэхүү судалгаа стресс яагаад гэдэсний үйл ажиллагааг удаашруулдгийг биологийн түвшинд тайлбарлаад зогсохгүй, стрессээс шалтгаалсан өтгөн хаталтыг эмчлэх шинэ эм бэлдмэл боловсруулах суурийг бүрдүүлж байна” гэжээ.