Энэ жилийн 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 1-7-ны хооронд Польшийн нийслэл Варшав хотын төв талбайд зохион байгуулагдана. Тус тэмцээн нь 3x3 төрлийн дэлхийн аваргын 10 дахь удаагийн тэмцээн бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг оролцох юм.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон ДАШТ-д эрэгтэйчүүдийн ангилалд Испанийн шигшээ анхны түрүүгээ хүртэж, эмэгтэйчүүдийн төрөлд Нидерландын баг аваргалсан. Ийнхүү хоёр баг Варшавт аваргын цолоо хамгаалахаар очжээ.
Эрэгтэйчүүдийн В хэсэгт Монголын шигшээ АНУ, Латви, Чех, талбайн эзэн Польшийн багуудтай нэг хэсэгт багтжээ. Энэ хэсгийг олон улсын хэвлэлүүд хамгийн өрсөлдөөнтэй хэсгүүдийн нэгээр нэрлэж байгаа бөгөөд АНУ нь 2026 оны Аваргуудын цомын аварга, Латви улсын шигшээ баг нь Токиогийн олимпын аварга баг юм. Харин эмэгтэйчүүдийн В хэсэгт Монголын шигшээ Испани, АНУ, Унгар, Австралийн багуудтай хүч үзнэ. Монголын эмэгтэй баг өнгөрсөн жилийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн ба энэ удаа медалийн төлөө өрсөлдөх гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байна.
Монгол улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хэсгийн шатны эхний хоёр тоглолтоо зургаадугаар сарын 2-3 ний 23:55 цагаас Чех, 01:45 цагаас Польшийн эсрэг хийх хуваарьтай байна. Харин эмэгтэй шигшээ баг хэсгийн шатны эхний 2 тоглолтоо зургаадугаар сарын 3-нд 00:30 цагаас Австрали, 02:20 цагаас Испани улсын шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байна.
Зөвхөн дэлхийн аварга биш, олимпын эрхийн төлөөх тулаан
Энэ удаагийн тэмцээн нь зөвхөн дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөн бус, 2028 оны олимпын эрхийн оноо цуглуулах хамгийн чухал тэмцээнүүдийн нэг юм. Олон улсын олимпын хорооноос “Лос Анжелес 2028” олимпын 3x3 сагсан бөмбөгийн төрөлд оролцох багийн тоог эрэгтэй, эмэгтэй тус бүр наймаас 12 болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр Монгол зэрэг өсөн дэвжиж буй улсын багуудад олимпын эрх авах боломж илүү нэмэгдэж байна.
104 тоглолт, долоо хоногийн турш үргэлжлэх шоу
Тэмцээний хэсгийн тоглолтууд зургаадугаар сарын 1-4-нд болж, шилдэг багууд хасагдах шатанд шалгарна. Харин аваргын төлөөх тоглолтууд зургаадугаар сарын 7-нд болно. Нийт 104 тоглолт явагдах бөгөөд дэлхийн шилдэг 3x3 тоглогчид Варшавын төв талбайд өрсөлдөх юм. 3x3 сагсан бөмбөг Токио 2020 олимпоор олимпын хөтөлбөрт анх багтсан бол өнөөдөр дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй спортын нэг болоод байна. Варшав дахь энэ удаагийн ДАШТ нь шинэ аваргууд тодрохоос гадна “Лос Анжелес 2028” олимпын эрхийн өрсөлдөөний өнгийг тодорхойлох чухал тэмцээн болох юм.
3x3 сагсан бөмбөг яагаад дэлхийд хурдацтай өсөж байна вэ?
Дөрвөн тоглогчийн бүрэлдэхүүн, ердөө 10 минутын тоглолтын хугацаатай 3x3 төрөл нь уламжлалт сагсан бөмбөгөөс илүү хурдтай, довтолгооны цаг нь 12 секунд байдаг онцлогтой. Тиймээс тоглолт бүр маш өндөр хэмнэлтэй өрнөдөг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс энэ төрөлд дэлхийн шилдэг орнуудын нэг болж чадсан бөгөөд Азийн цом, Дэлхийн цуврал болон ДАШТ-үүдэд тогтмол өндөр амжилт үзүүлж байгаа.