Open iToim app
Спорт | 3 мин уншина

Монгол Улсад анх удаа зохиогдож буй шатрын Азийн АШТ маргааш хөшгөө нээнэ

Монгол Улсад анх удаа зохиогдож буй шатрын Азийн АШТ маргааш хөшгөө нээнэ
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 29
Монгол Улсад шатрын спортын түүхэн томоохон үйл явдал болох шатрын 21 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 29-нд албан ёсоор эхэлнэ. Тэмцээн зургаадугаар сарын 7-ныг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болно.
Тэмцээний талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан болон тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл өглөө.
Азийн шатрын холбооны 2025 оны их хурлаар Монгол Улсад 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосон нь Монголын спортын салбарын олон улсын нэр хүндийг өсгөсөн чухал үйл явдал болсон юм.
Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд нээлттэй ангиллын эхний дөрөв, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.
МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан: Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн шилдэгүүдээ тодруулаад зогсохгүй, Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх олгож буйгаараа их хариуцлагатай, өрсөлдөөнтэй тэмцээн болно хэмээн харж байна. Мөн Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Герман, ОХУ, Энэтхэг, Шри-Ланка, Хонгконг зэрэг улсын холбооны удирдлагууд болон олон улсын шатрын бизнесменүүд, төрийн түшээд манай оронд хүрэлцэн ирээд байна. Эх орондоо тивийн шилдгүүдийг цуглуулж, тэдэндээ өрсөлдөх нь нэр төрийн хэрэг. Манай тамирчид бэлтгэлээ бүрэн хангасан учир амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн Ази тивийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Узбекистан, Иран зэрэг дэлхийн шатрын хүчирхэг 28 орны эрэгтэй 147, эмэгтэй 101 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Тамирчдын дунд элит их мастерууд, супер их мастерууд оролцох юм. Нийт оролцогчдын 148 нь олон улсын цолтой шатарчин байгаа нь тэмцээний чансааг илтгэж байна.
Тодруулбал:
* Их мастер (GM) – 34
* Эмэгтэй их мастер (WGM) – 12
* Олон улсын мастер (IM) – 51
* Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
* FIDE мастер (FM) – 32
* Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
* FIDE дэд мастер (CM) – 5
* Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13 тамирчин өрсөлдөнө.
Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, эмэгтэй шатарчдын дэлхийн чансааг тэргүүлэгч Хятадын их мастер Хоу Ифань Монголд хүрэлцэн ирээд байна.
Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны удирдлагууд болон олон улсын шатрын холбоодын төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд тэмцээний шууд дамжуулалтыг дэлхий даяар 700 сая орчим хүн үзнэ гэсэн тоцоолол гарчээ.
Монголын тамирчдаас өмнө нь ОУ-ын мастер Т.Мөнхзул 2019 оны Синтайн тэмцээнээс хүрэл, МУГТ Б.Мөнгөнтуул 2023 оны Алматыгийн тэмцээнээс хүрэл, Б.Мөнгөнзул 2025 оны Аль-Айны тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.
Түүнчлэн Монголын шатрын холбоо шатрын спортыг боловсролын салбарт нэвтрүүлэхээр “Chess in School” хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд Дэлхийн шатрын холбоо болон Боловсролын яамтай хамтран “Нэг нүүдэл – Оюуны цар, Нэг хүүхэд – Монголын ирээдүй” уриан дор олон улсын эрдэм шинжилгээний хуралыг зургаадугаар сарын 4-нд зохиохоор төлөвлөжээ.
Тэмцээний үндсэн өргүүд өдөр бүр 15:00 цагаас эхлэх бөгөөд бүх тоглолтыг DGT ухаалаг шатрын хөлөг ашиглан дэлхий даяар шууд болон дата хэлбэрээр дамжуулах юм.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн