Open iToim app
Ярилцлага | 8 мин уншина

Д.Сүхбаатар: Өв соёлыг янз бүрийн хэлбэрт оруулснаар уламжлалт зүйлс бүдгэрч байна

Д.Сүхбаатар: Өв соёлыг янз бүрийн хэлбэрт оруулснаар уламжлалт зүйлс бүдгэрч байна
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 19
Морин хуур судлаач, урлаач Д.Сүхбаатар одоогоос 17 жилийн өмнө үе дамжсан нэгэн икел хөгжмийг өвлөж авснаар хуучны морин хуур цуглуулж эхэлжээ. Тэрхүү ганц хөгжмөөс эхэлсэн цуглуулга өдгөө 500 гаруй үзмэртэй морин хуурын музей болон өргөжсөн байна. Монголын анхны морин хуурын музей болох “Жонон хар” музейн үүсгэн байгуулагч Д.Сүхбаатартай ярилцлаа. 
-Жонон хар морин хуурын музейг бий болгох санаа хэрхэн төрсөн талаар яриагаа эхлүүлье.
-Би дөнгөж сургуулиа төгсөөд нутагтаа очтол аавын маань нагац ах манай удмаас чи морин хуураар оролдож байгаа юм чинь үүнийг ав гээд олон үе дамжсан икел хөгжмөө өгсөн. Анх сонин хуучны юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн ч цуглуулъя гэж шийдсэн. Ингээд хуучны хуур цуглуулж явсаар 2014 онд байр түрээсэлж музейн үүдээ нээж байлаа. Музей бол зүгээр нэг оффис биш метр квадрат нь том байдаг. Энэ утгаараа түрээс өндөр дээрээс нь музейгээр үйлчлүүлэх хүн ховор. Энэ мэтчилэн хүндрэл бэрхшээл тулгарч байлаа. Тэр бүрийг туулж явсаар 2024 онд албан ёсоор өөрийн гэсэн байртай болж, үйл ажиллагаа маань жигдрээд явж байна. Одоо бол гадаадын жуулчид болон дотоодынхоо хүмүүст зориулж ардын урлагийн тоглолт зохион байгуулдаг. Зуны гурван сард бол жуулчид их ирнэ. Би цаашдаа музейгээ дор хаяж есөн давхар болгоно гэж төсөөлж байгаа. Ерөнхийдөө байшин барилга барих төслөө эхлүүлсэн. 
-Таны хувьд анх үе дамжсан икел хөгжмөө авснаас хойш морин хуур хөгжим цуглуулж ирсэн байх нь ээ. 
-Миний аавын нагац ах Увс аймгийн Түргэн сумын харьяат адуучин Г.Доржпалам гэдэг хүнээс уламжлагдан ирсэн хөгжим. Энэ бол 1900-аад оны эхэн үед бүтээгдсэн 120-оод жилийн түүхтэй. Ерөнхийдөө  таван үе дамжсан. Миний хүү авбал зургаа дахь үе болно. Би үүнийг анх авахад их сонин мэдрэмж төрж байсан. Ямар сонин хуучны юм бэ, ийм хуур байдаг юм уу гэж бодсон. Тэр үед морин хуурыг орчин үеийнхээр л ойлгож байгаа шүү дээ. Энэ хуураа 2009 онд аваад л ахиад ийм хуур олъё гэсэн сэдэл төрсөн. Цуглуулж явсаар байтал нэг мэдэхэд 10 хууртай болсон. Ингээд өрөөнд багтахаа байхаар нь музей болгоё гэж санаа төрөөд цуглуулж эхэлсэн. Энэ хуур бол баруун монголын икел хөгжим. Ер нь Увс, Ховд, Баян-Өлгий гэхлчэн баруун аймгууд ийм хөгжмөөр тоглодог. Үүнийг харахад жижигхэн авсаархан, минималист харагдаж байгаа биз. Нүүдэлчдийн соёл шингэсэн буюу хаана ч явсан үүнийгээ авч явж тоглоод, биелгээ хийгээд л явдаг байж. Өдийг хүртэл хөгтэйгөө байж байдаг учраас мэргэжлийн хуурчид ирээд ихэд гайхдаг. Маш жижигхэн, ар нь онгорхой мөртлөө яаж ингэж дуугараад байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр тухайн үеийн технологи нь өөр байсныг харуулдаг. Хөгжмийн маань хялгас нь амьд сүнслэг мэдрэмж төрүүлдэг. Ингээд харахаар уламжлал дотор бидний жинхэнэ философи, үнэ цэн, үнэт зүйл оршиж байна. Иймээс ч уламжлалаа хэзээ ч умартаж болохгүй.  
-Танай музейд хэчнээн үзмэр байдаг вэ, хамгийн эртнийх гэж тооцогдох үзмэр нь юу вэ? 
-Морин хуур бол аймаг аймгаас шалтгаалан өөр өөрийн хийц, хэлбэр хэмжээ дуугаралттай байдаг. Баруун аймгийнхан икел хөгжмийг хэрэглэдэг бол зүүн аймагт буюу боржигон нутгуудын хуур маш том байдаг. Ерөнхийдөө хуураа тоглоод уртын дуугаа дуулж найрладаг найрын соёлтой. Буриадууд ганц утастай суухан хуурыг хэрэглэж байна. Манай музейд суухан хуур, оньсон хуур, төмөр цартай хуур гэхчлэн хэлбэр хийцийн хувьд өөр өөр 500 гаруй хуур бий. Хамгийн эртнийх нь Богд хааны үед хэрэглэж байсан төмөр цартай Боржигон хуур. Би энэ хуурыг Нарантуул захын хуучны эдлэл зардаг лангуун дээр байхад нь анх харж байсан. Авах хүсэл байсан ч мөнгө дутаж явсаар гурван жил болчихсон. Гэтэл нэг очтол Өвөрмонгол хүмүүс худалдаж аваад Замын-Үүд рүү явчихсан байсан. Би тэр даруй хүнээс мөнгө зээлж, дээрээс нь машинаараа тулж байгаад энэхүү хуураа авсан юм.
Ер нь үзмэрүүдээ авахын тулд асар их хөрөнгө зарсан. Үүнээс болж гэр бүлтэйгээ үл ойлголцож ч байсан. Музейгээ байгуулахын тулд амьдралаа хүртэл золиосолсон гэж хэлж болно. Хүмүүс намайг ойлгодоггүй. Хуучны хог новш цуглуулахын тулд өөрийн олсон бүтээснээ үрж байх юм гэх зүйлийг хэлдэг. Маш их зөрчил тэмцлийг туулан байж өнөөдрийн зэрэгт хүрч байгаа. Одоо хүмүүс их ирдэг болжээ. Ялангуяа залуус ирнэ.
Gen Z үеийн хүүхдүүд жинхэнээсээ өв соёлоо хайгаад ирж байна. Музей маань хагас, бүтэн сайн болгоны 16 цагаас ардын урлагийн тоглолт хийдэг. Энд 30-50 хүн байнга ирдэг болчхоод байна.  Үүний 60 хувь нь залуус шүү дээ. Сүүлийн үед хүмүүс арай өөр болж байна.
-Та саяхан өөрийн бүтээсэн давтагдашгүй ур хийцтэй 108 морин хуурын үзэсгэлэнг Казахстан улсад гаргаад ирлээ. Энэ талаараа ярибал. 
-Би хуур урлаад явж байхдаа анзаар зүйл бол ер нь энгийн бор өнгөтэй, хийл хөгжим шиг хуур хийгээд байгаагаа анзаарсан. Ингэж явсаар 2019 онд ерөөсөө л дахин давтагдашгүй 108 хуур хийе гэсэн санаа олсон юм. Өөр өөр хийхийн тулд яах вэ, хэлбэр хэмжээ нь ямар байх вэ гэхчлэн эрэл хайгуулд гарсан. Миний хувьд морин хуурын түүх, уламжлалт ур хийц, дуу авиа, хөгжил дэвшил бүх талаас нь судалсан. Ийм ч учраас маш их хугацаа орсон. Бид зүгээр хэлбэрийг дагаж явснаас хойш уламжлалт технологи, өвөг дээдсээс дамжиж ирсэн тэр зүйлийг орхигдуулах аюул байна. Зарим хүн яг л ийм загвартай байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Жишээлбэл, яг хийл шиг шиг байх ёстой гэдэг ч юм уу. Гэтэл морин хуур, Монголын урлаг соёл гэдэг дахин давтагдашгүй гэдгээрээ өвөрмөц. Айлаар жишээ авахад өөр өөр хэлбэр хийцийн хуур байх боломжтой. Бид үүнийг гаргаж ирэхийг оролдож 108 хуураа хийсэн. Толгой болон царан дээр дээр байгаа хээ нь хүртэл давтагдахгүй хийхийг зорьж, зургаан жил ажилласан. Энэ хугацаанд хүмүүст ад үзэгдсэн шиг гаргасан хойно нь хийсэн бүтээл минь өмнөөс минь ярина гэдэг шиг зүйл болсон. Би өнгөрсөн онд албан ёсоор урлаж дуусаад ээждээ болон монголын бүх сайхан ээжүүддээ зориулж үзэсгэлэн гаргасан. 108 суварга гэдэг шиг энэ бол 108 эгшгэн судар юм. Үзэсгэлэндээ анх гаргахад хүмүүс нэг их ойшоогоогүй. Гэхдээ Увс аймгийн 100 жилийн ойгоор угтах хаалган дээр нь үзэсгэлэнгээ гаргахад хүмүүс маш их сонирхсон. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар эр цэргийн баярт зориулсан Би монгол эр хүн сэдэвт үзэсгэлэнгийн үеэр үзмэрээ аваачсан. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан улсад айлчлахад тэнд очиж гаргасан юм. Унаган нутгийн иргэд анх юу вэ гэж гайхаж байсан бол манайд амьдарч байсан казахууд нутгаа санаж байна гэж хэлж байсан.
Би тэндээс том философийг олж харсан. Монгол Улсын Ерөнхийлөгч зүгээр нэг зардал чирэгдэл болгож үүнийг авч явсан юм биш цаана нь улсын бодлого явж байна. Монголчууд өөрийн гэсэн соёлтой, хөгжмийн зэмсэгтэй гэсэн зүйлийг харуулж, оюун санааны байлдан дагуулал хийж байгаа юм байна Үндэсний урлагийн их театрын тоглолтыг үзээд гарч ирэхдээ хүмүүсийн сэтгэлгээ өөр болчихсон байсан. Ямар гайхалтай юм бэ чи үүнийг уралдаг уу чи тэгвэл агуу хүн байна гэж хэлж байсан. Тэгэхээр ингэж мэдрүүлэх нь чухал юм байна. Бид эхлээд мэдрүүлж байж зах зээл нээгдэнэ. Одоо морин хуурыг гитар эсвэл хийл шиг дэлхийн хөгжим болгоё. Тэгвэл хуур уралдаг хүмүүс гадагшаа зах зээлд гарах боломжтой болно. Би уулаа ухахаар ухаан ухая гэж хэлэх дуртай. Энэ нь шиг магадгүй уул уурхай бус үүгээр хоол олж идэх ч бил үү. 
-Морин хуур хөгжмийн үүслийн талаар судлаачид өөр, өөр хувилбар хэлдэг. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ? 
-Би морин хуурыг монголчуудын ахуй соёлтой уягдаж бий болсон хөгжим гэж боддог. Жишээлбэл хуурын нумыг харахад л нум сум санаанд орно. Эртний баатар эрс нум сумаараа оролдож явахдаа авиа гаргах боломжийг анзаарсан байж болох юм. Нуман хуур гэдэг хөгжим ч бий. Нумаа амандаа тулгаад, сумаараа товшиход хил хуур шиг авиа гардаг. Ингээд хөндий зүйл дуугардаг гэдгийг мэдэрсээр явж, цартай хөгжим бий болсон байх магадлалтай. Морин хуурын эхний хэв маягуудыг хадны сүг зурган дээр дүрсэлсэн байгааг харахад цар нь дандаа бөөрөнхий байжээ. Үүнийг цохихоор бөөгийн хэц хэнгэрэг шиг дуугардаг. Тэгэхээр ерөөсөө л бидний сүсэг бишрэл, аян дайны ахуй зан заншил, цэргийн зэр зэвсэг, морины сүүл, маш олон юмнаас бүрэлджээ. Өнөөдөр зөөлөн хүчний бодлогоор ч юм уу бүү мэд өөр газрууд морин хуурыг өөртөө хамаатуулчих гээд л янз бүрээр үзэж байна.Гэхдээ хэзээ ч бүрэн өөриймшүүлж чадахгүй гэж би итгэлтэй хэлдэг. Бид энэ асуудалд тоомжиргүй хандаж болохгүй. Аливаа улс орон тусгаар улс гэхэд төрийн далбаа, төрийн дуулал, шашин шүтлэг, хэл соёл, хөгжмийн зэмсэг гээд тодорхой юм байдаг. Манай улсын хувьд морин хуур. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл бодлогын хэмжээнд морин хуурыг онцолж, гадаад айлчлал бүртээ морин хуурын төлөөллийг авч явдаг. Энэ нь “бид өөрийн гэсэн хөгжимтэй, өөрийн гэсэн соёлтой улс” гэдгийг дэлхийд харуулж байгаа хэрэг.
-Та өнөөгийн залуусыг морин хуурыг хэрхэн ойлгож, хүлээж аваасай гэж боддог вэ? 
-Хүмүүс морин хуурыг зүгээр л хоймортоо залдаг эд гэж ойлгох нь бий. Гэтэл үүнээс илүү гүн утгатай. Бидний оюун санааны нэг төрлийн түлхүүр код энэ хөгжимд байдаг. Морин хуур эгшиглэхэд “шар үс бослоо” гэж ярьдаг шүү дээ. Тэр нь дотор хадгалагдаж ирсэн өвөг дээдсийн мэдээлэл, мэдрэмж сэргэж байгаатай холбоотой гэж би боддог. Хүн өөрийн зам мөрөө, үндэс угсаагаа мэдэрдэг гэсэн үг.
Сүүлийн үед өв соёл гэж хүн бүр ярих болсон. Гэхдээ энэ нь яг юу юм бэ гэдгийг тэр бүр мэдэхгүй байгаа нь том аюул. Зарим залуус өв соёлыг зүгээр л дагаж тренд болгох зүйл мэтээр ойлгодог. Дээл өмсөөд, зураг аваад, хүмүүсийн анхаарал татах хэмжээнд хардаг. Гэтэл өв соёл гэдэг тийм өнгөц зүйл биш. Өв соёл гэдэг бол насаараа, цусаараа, ясаараа өвлөгдөж ирдэг зүйл. Түүний цаадах утга учир, код нь үе удмаар тайлагдаж байдаг. Би өөрөө таван үе дамжиж морин хууртай холбогдож байна. Магадгүй миний өвөг дээдэс энэ хөгжмийг авч явахын төлөө амьдарч ирсэн байх. Тэр үргэлжлэл нь өнөөдөр над дээр ирж байгаа юм. Үүнийг л жинхэнэ өв соёл гэж хэлнэ. Бидний нэг аюул бол өв соёл гээд бүх зүйлийг янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулчихдаг. Монгол дээлийг гэхэд л янз бүрийн загвар, хэв маягтай болгосоор байгаад аль нь уламжлалт дээл вэ гэдэг нь ялгарахаа больж байна. Морин хуур ч мөн адил. Зарим урлаач “заавал ийм байх ёстой” гэж тулгадаг бол нөгөө хэсэг нь огт өөрөөр хийж байна. 
Миний хувьд бүгдийг туршиж үзээд, эцэст нь нэг зөвшилцөлд хүрэх хэрэгтэй гэж боддог. Нэг талдаа мэргэжлийн мастер тоглогчийн хуур байна, нөгөө талдаа бэлэг дурсгалын зориулалттай хуур байна. Гэхдээ “сувинер” гэдэг ойлголтыг зүгээр л хямд дурсгалын зүйл болгох биш, илүү хүндэтгэлийн түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Олон талаас нь ярьж, туршиж байж эцэстээ зөв голдиролдоо орно байх.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн