УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тус хуулийг дагалдуулан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барьсан. Учир нь ирэх онд эмч, багш нарын цалинд 2 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай бөгөөд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэхэд 1.8 их наяд төгрөгийн орлого тасарна гэдгийг Засгийн газраас хэлж байгаа. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох хуулийг хүчин болгохгүй бол багш, эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй байдалд орох аж. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж гурван сарын дотор төсөвт тодотгол хийдэг болох өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зургадугаар сардаа төсвийн тодотголоо өргөн барьж наадмаас өмнө батлуулах учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байдаг гурван сарын дотор төсөвт тодотгол хийхгүй гэсэн заалтыг авч байгаа юм. Ингээд НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51.2 хувь нь дэмжсэнгүй. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах хуулийн төслийг дэмжье гэдэг саналыг томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Соронзонболд зарчмын зөрүүтэй санал гаргаж унасан саналыг хүчээр дэмжүүллээ. Ингээд Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ.