Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

О.Батчулуун: Хууль, шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэнэ

О.Батчулуун: Хууль, шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэнэ
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 12
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Сүүлийн үед Монголын төмөр зам ТӨХК болон нийт төмөр замчдын нэр хүндэд халдсан илт ташаа мэдээлэл олон нийтэд тарах болсонтой холбоотойгоор албан ёсны тайлбар өгч байна. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. 2025 оны үйл ажиллагааны үзүүлэлтийг 2024 онтой харьцуулахад ачаа тээврийн хэмжээ 3 сая тонноос 9 сая тонн болж өссөн. Орлого 135 тэрбум төгрөг байсан бол 300 орчим тэрбум төгрөг болж, 1.6 дахин нэмэгдсэн. Үйл ажиллагааны цар хүрээ тэлсэнтэй холбоотойгоор зардал мөн өссөн. Тухайлбал, 98 тэрбум төгрөгийн зардал 245 тэрбум болсон. Харин цэвэр ашгийн хэмжээ 2025 онд 38 тэрбум төгрөгт хүрч компанийн түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласан үзүүлэлт болсон. Бид үндэсний төмөр замын сүлжээг бий болгох зорилготой компани юм.
Сүүлийн өдрүүдэд намайг тодорхой нэг компанитай 30 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, олон удаагийн тендер шалгаруулалт өгсөн, цаашлаад тухайн компанийн хүнийг хилээр гаргаж, араас нь хүн явуулж алуулах гэж оролдсон гэх мэт онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулсан гүжир мэдээллийг төлбөртэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ бол үндэслэлгүй, илт гүтгэлэг учраас хуулийн байгууллагад хандсан.
Мөн нийт төмөр замчдын нэр хүндэд халдсан асуудал учраас нэр дурдагдсан “Батжин харгуйн зам” компанитай холбоотой гэрээнүүдийн талаар мэдээлэл өгье. Манай компани 2025 онд тус компанитай нийт дөрвөн гэрээ байгуулсан. Эдгээр нь бүгд хууль, дүрэм журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар хийгдсэн. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой төмөртэй өртөөний ажилд 810 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Мөн хоёр дахь гэрээ нь 813 сая төгрөгийн дүнтэй бөгөөд мөн адил зохих журмын дагуу сонгон шалгаруулалтаар хийгдсэн. Гурав дахь нь тээвэр зуучлалын 28 сая төгрөгийн гэрээ бөгөөд Дархан руу ачаа зөөвөрлөхтэй холбоотой байсан. Дөрөв дэх гэрээ нь Багахангай–Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой бөгөөд Зам, тээврийн сайдын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулах комиссын зөвлөмжийн дагуу байгуулсан гэрээ юм. Эдгээр дөрвөн гэрээний нийт дүн 14.8 тэрбум төгрөг бөгөөд олон нийтэд яригдаад байгаа шиг 30 тэрбум төгрөгийн асуудал огт биш. Миний болон байгууллагын нэр хүндийг унагах зорилгоор худал мэдээлэл тараасан гэж үзэж байна. Бүх гэрээ нээлттэй тендер шалгаруулалтаар, холбогдох хууль дүрмийн хүрээнд, комиссын шийдвэрийн дагуу хийгдсэн. Миний хувьд энэ мэдээллийг анх уншаад үнэхээр цочирдсон. Намайг хүн алуулах захиалга өгсөн мэтээр бичсэн нь ой тойнд багтамгүй зүйл байсан. Тиймээс хууль, шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх болно.
Түүнчлэн аудитын дүгнэлттэй холбоотой асуудал ч яригдсан. 2025 оны компанийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас шалгалт хийж, материаллаг нөлөөтэй боловч өргөн тархаагүй гэж 36 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэсэн дүгнэлт гарсан. Нийт 12 асуудал байгаагаас гурав нь зөвлөмж, ес нь албан шаардлага байсан. Үүнтэй холбоотойгоор манай компани хязгаарлалттай дүгнэлт авсан. Үүнээс 34 тэрбум төгрөгийн асуудал нь 2019 оноос хойш зарим байгууллагатай холбоотой өглөг, авлагын тооцоог тухайн жилүүдэд нь бүрэн хааж шийдвэрлээгүйтэй холбоотой дүгнэлт байсан. Бид аудитын байгууллагаас өгсөн шаардлагыг энэ оны зургадугаар сарын 1-ий дотор биелүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн