Open iToim app
Парламент | 8 мин уншина

ЧУУЛГАН: 2027 онд шинэ хөрөнгө оруулалт байхгүй, одоо байгаа төслүүдээ ч эрэмбэлэн санхүүжүүлнэ

ЧУУЛГАН: 2027 онд шинэ хөрөнгө оруулалт байхгүй, одоо байгаа төслүүдээ ч эрэмбэлэн санхүүжүүлнэ
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 8
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Учрал хийлээ. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Тус мэдэгдэлд тулгуурлан 2027 оны төсвийн хуулийг Засгийн газар өргөн барина. Тэгвэл 2027 онд шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэх боломжгүй гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ. Төсөвт 2.2 их наядын хөрөнгө оруулалтын орон зай байгаа бөгөөд үүнээс 3.6 их наядын үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтаа чиглүүлэх аж. Тиймээс хэрэгжүүлж байгаа төслүүдээ ч эрэмбэлж санхүүжүүлэх аж. Төсвийн урсгал зардлын хэт өсөлт нь төсвийн хөрөнгө оруулалт хийх боломжгүй болгожээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Гадаад зээллэгийн ашиглалтын хууль эцэслэн батлах шатан дээрээ уналаа. Үүнтэй холбоотойгоор төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хэлбэрээр нь хэлэлцэх нь утгагүй болж байна. Өнгөрсөн 2024 оны намар 2025 оны Төсвийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд самарсан, алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн улстөрчид яг одоо өнөөдрийн хуулийг унагах санал өглөө. Та нар яг яаж ашигла гээд байгаа юм бэ. Дандаа эсэргүүцсээр байна. Өөрсдөө ямар бодлого боловсруулж оруулж ирсэн юм бэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл улсын хөгжлийн тогтворгүй байдлыг бий болгоод байгаа юм уу. Авсан зээлүүдээ яаж ашиглах вэ. Газрын тосны үйлдвэр барьж байгаа ажлынх нь хөлсийг өгч чадахгүй нөхцөл байдал үүслээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв дээр бондоо босгох зөвшөөрлийг өгсөн. Бондоо босгоод өөр юун дээрч зарцуулах боломжгүй. Бид өдөр бүр авсан зээлийнхээ төлбөр, зээлийн хүүгээ төлж байгаа. Ерөнхий сайдаа төсвийн зарлагын тэнцлийг хувь хэмжээг нь өөрчлөх тал дээр санаачлага гарга. Сангийн сайдаа яаж албан ёсоор энэ төсөвтөө оруулж, гадаад зээлүүдээ ашиглах вэ. Төсвийн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байна гэдэг таазыг тавьчихсан. Урсгал зардлаа багтааж чадахгүй танаж, хасаад бүр адаг сүүлдээ хөөрхий төрийн албан хаагчдын тэтгэврийг тогтоохдоо олгодог 36 сарын  тэтгэмжийг бууруулах оролдлого оруулж ирсэн. Хэвээр нь үлдээсэн ч төсвийнх нь 50 хувийг оруулж ирсэн. Тэгсэн хэрнээ яаж тэтгэвэр, цалин хөлсөө нэмэгдүүлэх юм бэ. Би огт ойлгохгүй байна. Ямар гарц шийдэл санал болгож байна вэ гэж Төсвийн тогтвортой байдлаас асууя. Нэгэнт авсан зээлээ яаж ашиглах вэ. Эсвэл Хөгжлийн банк руугаа шилжүүлэх юм уу. Яах уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Эдийн засаг хэрвээ агшиж байгаа бол илүү мөчлөгийг сөрж, тодорхой алдагдал үүсгэж, үүсгэхдээ санхүүжих эх үүсвэр нь тодорхой байсан цагт мэдээж эдийн засгийг халааж, идэвхжүүлнэ. Бид эдийн засаг тэлж байх үед хуримтлал хийж чадаагүй. Алдагдалгүй төсөв сайн, алдагдалгүй төсөв муу гэдэг ойлголтоор олон удаа төсөв баталж иржээ. Олсныхоо хэрээр үрдэг шиг өмнө нь 33.5 их наяд төгрөгийн орлоготой, 33.5 их наядын зарлагатай төсөв баталж, бид алдагдалгүй сайн төсөв баталлаа гээд байдаг. Энэ бол эдийн засгийн бодлого мөчлөг сөрнө гэвэл яг энэ цаг мөч гэж харж байна. Гэхдээ энэ цаг үед алдагдал үүсгэснээрээ биш хэрвээ эх үүсвэр нь тодорхой бол гадаад зээлийн ашиглалтаа нэмэх ёстой. Давхар Засгийн газраас явуулж буй "Чөлөөлье" бодлого эдийн засгийг идэвхжүүлэх гол бодлого. Тийм учраас Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг Н.Алтаншагай нарын гишүүд санаачлан эх үүсвэр нь бэлэн байгаа зээлээ ашиглая, хурдан хугацаанд төслүүдээ дуусгая гэдэг зорилгоор бүлэгтээ танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлсэн гэж ойлгосон.
Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чандлан барьж байгаа. Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл бол хуулийн тусгай шаардлагыг хатуу барьж, оруулж ирсэн. Мэдээж төсвийн сахилга батыг нэмэгдүүлэхэд энэ хуулийн шаардлагыг барих нь маш чухал.
Гэхдээ гадаад зээл дээр ийм асуудал үүсч байна уу гэвэл байна. Бас огт орон зайгүй болоогүй. Ирэх 2027 онд 4  их наяд төгрөг, 2028 онд 3.8 их наяд, 2029 онд 3.5 хувь гээд нийт 11.3 их наяд төгрөгийн орон зай бий. Төсвийн энэ хүрээнийхээ дагуу Эрдэнэбүрэнгийнхээ усан цахилгаан станц болон бусад төслүүдээ үргэжлүүлэх гэж хичээнэ. Манай төсвийн 75 хувь нь урсгал зардал болчихоод байна. Найман их наядын хөрөнгө оруулалтын дөрөв нь нийслэлд, 1.3 хувь нь шинэ зээл, 1.3 хувь нь зээл, 1.3 хувь нь үргэлжлэл байна. Ийм л төсөв байна. Тэгэхээр энэ хууль чухал байлаа. Гэхдээ Засгийн газраас батлагдсан төсвийн хүрээндээ төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөө танилцууллаа. Та бүхэн батлаад өгвөл энэ хязгаартаа багтааж, ирэх оны төсвөө оруулж ирээд явна. Саяны хууль унаснаар гадаад зээлээ огт ашиглахгүй гэсэн үг биш. Эрдэнэбүрэн УЦС, Газрын тосны үйлдвэр ч бай 2027 онд ашиглах гадаад зээлийн дүн нь 2.5 их наяд төгрөг байна. Үргэлжлүүлээд л явуулна. Мэдээж зарим  төслүүдээ хойшлуулж, эрэмбэлэхээс өөр арга зам байхгүй.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан: Манай зөвлөлөөс дүгнэлтээ өгөхдөө төсвийн бодлогын өмнөх хэрэгжилт болон Төсвийн тогтвортой байдлын хууль эрх зүйн орчинд үзүүлэх нөлөөлөл, гадаад нөлөөлөл гэдэг байдлаар хандаж дүгнэлтээ өгсөн. Өмнөх төсвийн бодлогын хэт тэлэлт, алдаатай байдлаас болоод бид төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын орон зайгаа хумисан гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн энэ хуулийн өөрчлөлтийг хийснээр хоёр төсөвтэй болох, Төсвийн тогтвортой байдлын хууль эрх зүйн орчинд сөрөг нөлөөлөх юм байна гэдэг агуулгыг харсны улмаас үүрэг бүхий УИХ-ын дэргэдэх байгууллагын зүгээс шууд дэмжсэн дүгнэлт өгөх ямар ч боломжгүй байсан гэдгийг хэлье. Шийдвэрийг УИХ гаргаж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Энэ хууль батлагдаагүй учраас Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэр зэрэг төслийн төсвийг төсөвтөө оруулаад л явсан. Хууль батлагдаагүй байхад юу гэж хасах билээ. Хуулийн дагуу 2.5 их наяд төгрөгийн орон зай байгаа. Хэрвээ Сэлбэ дэд төв чинь нэмэгдвэл. Тэгэхээр та бүхэн өнөөдөр Гадаад зээллэгийн ашиглалтын хуулийг батлаагүй ч төсвийн хүрээний мэдэгдлээ баталбал багтаагаад л явна. "Питро Чайна" компанийн асуудлыг Ж.Энхбаяр сайд ахалж ажиллаж байна. Харин Оюутолгойн хэлэлцээрийг эхэлж байна. Удахгүй тавдугаар сарын 12-нд "Рио Тинто" группийн төлөөлөл ирэх гэж байна. Эдийн засгийн өсөлтөө нэгж хувиар тооцоод л оруулж ирж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Ерөнхий сайдаа, би Засгийн газрын үйл ажиллагааг муулж, шүүмжлээгүй. Энэ төсвийн хүрээ бол 2027 оных. Би 2026 онд яг одоо газрын тос боловсруулах үйлдвэрийн мөнгөө өгч чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байсан. Энэ мөнгөө төсвийн тодотголоор оруулж ирэх юм уу. Хэрвээ орон зай байна гэж байгаа бол. Би ажил явуулах талаас хэлж байна.
Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Их чухал асуудал хөндөж байна. Гадаад зээлээ ашиглахдаа Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн зээлээ түлхүү ашиглаж, бусад төсөл буюу орлогод нийцсэн орон сууцны асуудал, эрүүл мэндийн 17 аймгийн төслүүд, шинээр баригдаж буй цэцэрлэг сургууль, 10 аймгийн дулааны станц, төвийн бүсийн дамжуулах сүлжээ, бүс нутгийн бүх автозамын төслүүд, хөдөөгийн ногоон хөгжлийн төслүүд хэрэгжих боломжгүй болж байна. Тэгэхээр энийг хуулийн гадна гаргаж байж хэрэгжүүлэх ёстой. Монгол Улс 18.3 тэрбум ам.долларын гадаад зээлийн гэрээ байгуулсан. Эндээ эх үүсвэрээ батлуулсны төлөө жилд 40, 50 тэрбум төгрөгийг төлдөг. Нэн хөнгөлөлттэй сайн зээлүүд байгаад байдаг. Ашиглалт их байга байна. Нөгөө талдаа улсын төсвийн урсгал зардлыг цалин тэтгэвэртэй холбоотойгоор УИХ өнгөрсөн жил огцом нэмсэн. Үүнтэй холбоотойгоор 2027 оноос улсын төсвөөр хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж эхэлнэ. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Тэргүүлэх ээлжийн 2.2 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Уг нь энэ хуулийг баталсан бол 4 их наяд төгрөгөөр энэ олон салбарын ажлыг хийж, та бидний амласан мөрийн хөтөлбөр, нутаг орондоо ярих ажил чинь үүгээр хэмжигдэх байсан юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Өнөөдөр 126 гишүүнээс 100 хүн ирцэнд орсон байна. Гадаад зээллэгийн ашиглалттай холбоотой хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 90 хүн орсон. Нийт 61 хүн саналаа өгч, 29 хүн татгалзсан. Татгалзсан гишүүдээс 7 хүн нь танхим байгаа мөртлөө эсрэг санал өгсөн нь МАН болон хамтарсан Засгийн газарт байгаа гишүүд байна. Тэгэхээр би бол дэмжиж санал өгсөн. Энэ хуулийн төслийг сөрөг хүчин гацааж, барилаа гэдэг байдлаар битгий улстөхжүүлээрэй. Ерөнхий сайд Н.Учрал, Ж.Энхбаяр сайдаа энэ бодлогоо Засгийн газрын кабинет, УИХ-ын гишүүддээ  хангалттай ойлгуулж чадаагүйн улмаас энэ хуулийн төсөл чинь батлагдсангүй. Ашиглаагүй гадаад төслийн зээлийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрсний 53 хувь нь Газрын тосны үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг мега төслүүд байсан. Одоо энэ батлагдахгүй байгаа нь дахиад алдагдсан боломж гэсэн үг. Гишүүдийн буруу биш. Гуя дагаж хүзүү гэдэг шиг юм болж байна. Гадаа баахан хүмүүс жагсч, зогсдог ч гал унтраах байдлаар хандаж ирлээ. Ерөнхий сайд Н.Учралд бас хэлж байсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа төсвийн хүрээгээ нийцүүлээч гэж. Одоо бол ёс төдий, зарчмын хувьд нийцэж байна гэдэг дүгнэлтийг 16 жил хийж ирлээ. Мэдээлэл сонсохоор ҮАБЗ дээр бичиг баримтыг нь боловсруулж, Засгийн газар руу шилжүүлсэн гэх юм. Яагаад хэлж байна гэхээр, улсын хөгжил дэвшил, хүний аюулгүй байдалд нэн шаардлагатай зүйлийг төсөвтөө оруулахаар төсвийн хүрээний мэдэгдлээ чиглүүлэх ёстой. Тийм учраас Засгийн газар бодлогоо, үндэслэлээ ойлгуулах ажлыг маш сайн хийдэг байх ёстой. Өмнөх Засгийн газруудаас одоогийн Засгийн газрын хувьд зарчмын шинж чанартай, стратегийн ялгаатай зүйлс нь яг юу юм бэ. Энийг тодорхой хэлмээр байна. Жишээлбэл, Туулын хурдны замын асуудлыг шүүхээр эцэслэхээр болсон гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал: 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэ төслүүдийг эрэмбэлсэн. 14 мега төслийг Г.Занданшатар сайдын үед эрэмбэлсэн байсан. Бид энэ жил эдийн засаг агшиж байгаа энэ үед хувийн хэвшлээ дэмжиж, төрийн оролцоог хумих бодлогыг явуулж байна. Мөн зах зээл дээрх ажлын байрыг хадгалах бодлого барьж байна. Ажлын байр нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн үйлдвэрүүдийг барьж байгуулахыг дэмжих, саад тээгийг арилгах бодлогыг барьж, ард түмэндээ итгэж ажиллана. Ган, зэс, хөнгөн цагааны үйлдвэрийг төсвөөс санхүүжүүлэхгүйгээр барьж байгуулна. Жишээ нь, гадаад зээлийн ашиглалт гэхэд 1.2 их наядаар өнгөрсөн жил батлагдсан. Газрын тосны үйлдвэр дээр 145 тэрбум төгрөг, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр 82.3 тэрбум төгрөг гарсан байна. Тэгэхээр 2026 оны төгсгөл рүү буюу долдугаар сараас хойш гадаад зээлээ ашиглаж чадахгүй байдал руу орж байна. Сая энэ хуулийг батлагдах эцсийн хэлэлцүүлэг рүү шилжсэн байсан учраас гадаад зээлийн ашиглалтаасаа 300 тэрбумыг хумьж оруулж ирсэн. Одоо энэ орон зайд л урагшилна. Бид Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн ажлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлэхээр эрэмбэлсэн. Ирэх жилийн төсөв бол нэлээд хумисан, урсгалыг нэмсэн байхаас өөр замгүй байна. Ажлын байрыг хадгалж үлдэх ёстой. Тийм учраас Татварын хуулийн өөрчлөлтийг өчигдөр өргөн барьж, хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалахад анхаарна. Ирэх долоо хоногт хөрөнгө оруулалт дагасан хуулиудыг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуультай өргөн барина. 
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн