Open iToim app
Ярилцлага | 5 мин уншина

А.Уянга: Биед шингэн дутагдаж байгааг ихэнх хүн өлсөхтэй андуурдаг

А.Уянга: Биед шингэн дутагдаж байгааг ихэнх хүн өлсөхтэй андуурдаг
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 7
Ус бол хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн билээ. Үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй, хүн усгүйгээр амьдарч чадахгүйд байгаа юм. Хүний биеийн 71 хувийг ус эзэлдэг ба бид цангахад бидний бие дэх усны ердөө нэг хувь нь л алдагдсан байдаг. 
Ус уух нь үнэндээ биеийн дотоод тэнцвэрийг хадгалах хамгийн чухал үндэс болдог. Ус дутагдсанаар ядрах, хоол боловсруулалт удаашрах зэрэг олон асуудал үүсэх эрсдэл нэмэгддэг байна. Энэ энгийн дадал бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар хоол зүйч, шинжлэх ухааны магистр А.Уянгатай ярилцлаа.
-Ус хоол боловсруулалтад хэрхэн нөлөөлдөг вэ?        
-Ус нь хоол боловсруулалтын бүх шатанд зайлшгүй оролцдог. Амнаас эхлээд нарийн гэдэс хүртэл хоол задлах, уусгах, шим тэжээлийг зөөвөрлөх үндсэн орчин нь ус. Шүлс ялгарах, ходоодны шүүс болон хоол боловсруулах шүүрлүүд хэвийн ажиллах, гэдсэнд шим тэжээл уусч шимэгдэх зэрэг физиологийн үйл явцууд уснаас шууд хамаардаг. Мөн хангалттай ус уух нь гэдэсний перистальтик хөдөлгөөнийг дэмжиж, өтгөнийг зөөлрүүлснээр өтгөн хатахаас сэргийлэх чухал үүрэгтэй. Харин шингэний дутагдал үүсэхэд хоол боловсруулалт удаашрах, шим тэжээлийн шимэгдэлт буурах, гэдэсний үйл ажиллагаа алдагдах эрсдэл нэмэгддэг.
-Хүмүүс кофе, цай их уудаг. Энэ нь өдөрт авах шингэний хэмжээнд тооцогдох уу?
-Кофе, цай зэрэг нь тодорхой хэмжээгээр шингэн нөхөхөд хувь нэмэр оруулдаг боловч цэвэр усны үүргийг бүрэн орлож чаддаггүй. Кофе нь кофейн агуулдаг учраас шээс хөөх нөлөөтэй. Ялангуяа их хэмжээгээр хэрэглэхэд шингэний гадагшлалыг нэмэгдүүлж, биеийн усны тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлдөг. Цай кофетой харьцуулахад илүү зөөлөн нөлөөтэй боловч мөн адил цэвэр усны физиологийн үүргийг бүрэн гүйцэтгэж чадахгүй. Иймээс өдөр тутмын шингэний хэрэгцээг хангахдаа нийт хэрэглээний дийлэнх хэсгийг цэвэр усаар бүрдүүлэх нь зохистой. Кофе, цайг нэмэлт эх үүсвэр гэж үзэх нь илүү зөв юм.
-Жингээ хасахад ус ямар үүрэгтэй вэ?
-Ус нь жин хасахад өөх тосыг шууд “шатаадаг” хүчин зүйл биш боловч бодисын солилцоог дэмжих, хоолны дуршлыг зохицуулах, илчлэгийн хэрэглээг бууруулах замаар чухал нөлөө үзүүлдэг. Юуны өмнө ус уух нь цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлж, хоолны хэмжээг хэтрүүлэхээс сэргийлэхэд тусалдаг. Мөн чихэрлэг, илчлэг өндөртэй ундааг усаар орлуулах нь өдөр тутмын нийт илчлэгийн хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах үр дүнтэй арга юм. Ер нь өөх тос задрах процесс нь ус оролцсон химийн урвалуудтай холбоотой тул шингэний хангалттай хэрэглээ нь бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
Нөгөө талаас, ус нь гэдэсний перистальтик хөдөлгөөнийг дэмжиж, өтгөнийг зөөлрүүлснээр өтгөн хатахаас сэргийлдэг. Өтгөн хаталт үүсэхэд гэдэс дүүрэх, бие хүнд санагдах, хоол боловсруулах үйл ажиллагаа удаашрах зэрэг нь жин хасах үйл явцад шууд бусаар сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймээс усны зохистой хэрэглээ нь зөвхөн илчлэгийн хэрэглээг хянахад бус, хоол боловсруулах тогтолцоог хэвийн байлгах замаар жингийн зохицуулалтад цогцоор нөлөөлдөг.
-Бодисын солилцоо (метаболизм) гэж юу вэ?
-Бодисын солилцоо буюу метаболизм гэдэг нь идсэн хоолыг бие махбодь энерги болгон хувиргаж, ашиглаж, илүүдлийг гадагшлуулах дотоод үйл явц юм. Энгийнээр хэлбэл, бидний идсэн хоолыг бие ашиглах боломжтой болтол “боловсруулж” байгаа процесс гэж ойлгож болно. Энэ бүх үйл явц усан орчинд явагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодь хэвийн ажиллахад ус зайлшгүй хэрэгтэй. Тиймээс хэдий сайн амин дэм, шим тэжээллэг хоол идсэн ч усаа хангалттай уухгүй бол бие тэр шим тэжээлийг бүрэн ашиглаж чаддаггүй.
-Ус уух хэмжээ нас, жин, идэвхтэй байдлаас хэрхэн хамаардаг вэ?
-Ус уух хэмжээ нь хүн бүрт ижил байдаггүй. Бидний биеийн жин, нас, өдөр тутмын хөдөлгөөний түвшин, мөн орчны температур зэрэг хүчин зүйлсээс шууд хамаарч өөрчлөгддөг. Ерөнхий зөвлөмжийн хувьд, насанд хүрсэн хүн өдөрт ойролцоогоор 6–8 аяга ус уух нь биеийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд хангалттай гэж үздэг. Гэхдээ энэ нь тогтмол тоо биш, харин суурь чиглэл гэж ойлгох нь зөв. Хэрэв та илүү их хөдөлгөөнтэй байвал, халуун орчинд ажиллаж байвал, эсвэл кофе зэрэг кофейн агуулсан ундааг их хэмжээгээр хэрэглэдэг бол шингэний хэрэгцээ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, биеэс алдагдаж байгаа шингэнийг нөхөх шаардлага өсдөг гэсэн үг.
Харин ахмад настнуудын хувьд цангах мэдрэмж харьцангуй буурсан байдаг. Тиймээс зөвхөн цангаж байгаагаар нь ус уух биш, тодорхой давтамжаар шингэнээ нөхөж байх нь илүү чухал байдаг.
-Шингэн дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Шингэн дутагдлын эхний шинж тэмдгүүд ихэнхдээ анзаарагддаггүй. Ихэвчлэн хүмүүс үүнийг зүгээр л өдөр тутмын ядаргаа, стресс гэж ойлгоод өнгөрөх нь элбэг. Жишээлбэл ядрах, сульдах, толгой өвдөх, анхаарал төвлөрөл буурах, уруул хатах гэх мэт шинжүүд илэрч болно.
Энд нэг чухал ойлголт бий. Ам цангах мэдрэмж нь шингэн дутагдаж эхэлсний дараах физиологийн дохио юм. Өөрөөр хэлбэл, хүн цангаж эхэлсэн үед бие аль хэдийнэ тодорхой хэмжээгээр шингэнээ алдсан байдаг. Мөн шингэн дутагдах үед тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгч, шим тэжээлийн зөөвөрлөлт саарч эхэлдэг. Үүний улмаас хүн ядрах, сульдах, стресс нэмэгдэх мэт мэдрэмж авч болно. Сонирхолтой нь, эдгээр шинж тэмдгийг хүмүүс өлссөнтэй андуурах нь түгээмэл. Зарим үед бие шингэн шаардаж байхад “өлсөж байна” гэж буруу ойлгож, илүү хоол идэх хандлага гардаг. Тиймээс та ядрах, анхаарал сарних, эсвэл өлссөн мэт санагдах үед шууд хоол идэхээсээ өмнө эхлээд ус уугаад, хэсэг хугацаанд биеийнхээ хариу үйлдлийг ажиглах нь зөв практик юм. Мөн шээсний өнгө нь биеийн усжилтыг үнэлэх хамгийн энгийн, практик үзүүлэлтүүдийн нэг ба цайвар шар өнгө нь хэвийн усжилт, бараандуу шар нь шингэн дутагдаж эхэлж байгаагийн шинж, бараан өнгө нь шингэн дутагдсаны шинж юм. Гэхдээ үүнийг дангаар нь дүгнэхгүй, тухайн хүний хэрэглэж буй хоол хүнс, витамин, эмийн нөлөөг давхар харгалзан үзэх шаардлагатай.
undefined
-Хэт их ус уух нь биед сөрөг нөлөө үзүүлж болох уу?
-Усыг нэг дор их хэмжээгээр уух нь физиологийн хувьд тохиромжтой биш. Хүний бие шингэнийг бага багаар, тогтмол нөхөхөөр зохицуулагдсан байдаг. Хэрэв богино хугацаанд их хэмжээний ус уувал бөөрөнд ирэх ачаалал нэмэгдэнэ, цусан дахь электролитийн тэнцвэр алдагдах эрсдэл үүснэ, ходоод дүүрч, тавгүй мэдрэмж төрөх гэх мэт өөрчлөлтүүд гарч болно.
Илүү ховор боловч чухал нэг эрсдэл бий. Хэт их ус богино хугацаанд уух үед цусан дахь натрийн хэмжээ шингэрч буурдаг. Үүнийг гипонатреми гэж нэрлэдэг. Энэ үед дотор муухайрах, толгой өвдөх, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Зөв ус уух арга нь шингэнийг нэг дор ихээр бус, өдрийн турш бага багаар шимж уух. Мөн ихэнх шингэнийг өдрийн цагаар авч, оройн цагаар хэт их уухаас зайлсхийх нь илүү зохистой.
-Ярилцсанд баярлалаа                            
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн