Оюу толгой компанийн зээлийн хүүгийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл өглөө. Тэрээр “Оюу толгойн зээлийн хүүг яаралтай бууруулах шаардлагатай байна. Өнөөдөр зээлийн хүү 11 хувь хэвээрээ, дээрээс нь хүүгийн хүү нь тооцогдсоор л байна. Үүнтэй зэрэгцээд Онтретэй холбоотой асуудлыг ч яаралтай шийдэх хэрэгтэй. Олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл бодит шийдэлд хүрээгүй хэвээр байна. Мөн 53 хувийн өгөөжийг бодитоор баталгаажуулах асуудал ч хүлээлттэй хэвээр байна. Оюу толгой компанийн хувьд 2025 онд 5.2 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь түүхэн өндөр үзүүлэлт боллоо. Энэ орлогыг Монголбанкаар дамжуулна гэж УИХ-ын 102 дугаар тогтоолд тусгасан ч бодит хэрэгжилт өнөөдөр хангалтгүй байна. Үүн дээр Монголбанк яг ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Оюу толгой компани ТЭЗҮ-ээ бүрэн батлуулаагүй явж ирсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Г.Дамдинням сайд энэ асуудлыг баталгаажуулсан уу, ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа юу. Бид өнөөдрийг хүртэл өөрийн нөөцөө бүрэн баталгаажуулж чадаагүй явна. Хоёр талын хэлэлцээр хэр явахаас үл хамааран ТЭЗҮ болон нөөцөө баталгаажуулах хэрэгтэй. Учир нь үүнийг шийдэхгүйгээр 53 хувийн өгөөжийг ярих боломжгүй юм.Саяхан С.Мөнхсүх захирал тайлангаа танилцууллаа. 2026 оны эхний улирлын байдлаар компани 2.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, төлөвлөгөөнөөс хоёр дахин давсан үзүүлэлт гаргасан байна. Мөн оны эцэс гэхэд 2.6 тэрбум ам.долларын эерэг мөнгөн урсгалтай гарахаар байгаа нь ойролцоогоор 9 их наяд төгрөг буюу ногдол ашиг хуваарилах боломжтой хэмжээ юм. Гэвч бодит байдал дээр Монгол Улс энэ мөнгөнөөс нэг ч төгрөгийн ногдол ашиг авч чадахгүй, зээл болон зээлийн хүүгийн төлбөрт буцаад зарцуулагдана. Энэ нөхцөл байдал нь өмнөх гэрээ хэлэлцээрүүдтэй холбоотой. Тухайлбал С.Баярцогтын луйврын гэрээний үр дагавар юм. Ийм өндөр ашигтай ажиллаж байхад Монголын талд бодит өгөөж ирэхгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Мөн компанийн ил тод байдлын асуудал хөндөгдөж байна. Оюу толгой бол Үндсэн хуулиар ард түмний өмч учраас ард түмнийг төлөөлсөн парламентад тогтмол, дэлгэрэнгүй тайлагнаж байх ёстой. Тиймээс дараагийн улирлын тайланг 200 хуудас санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа тавиарай гэж С.Мөнхсүх захиралд хандаж хэлмээр байна. Анхны монгол захирал маань өөрийнхөө ажлыг онц сайн гэж дүгнэсэн байна. Монгол Улсад ямар ч ногдол ашиг байхгүй байхад хэнийг "онц сайн" дүгнэлтээрээ доромжлоод байгаа юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн нь 13 мянган ам.долларт хүрч, сүүлийн нэг жилийн хугацаанд 40 хувиар өссөн байна. Гэвч энэ өсөлтөөс бодит өгөөжийг Рио Тинто компани зээлийн хүүгээр дамжуулан хүртэж байна. Харин Монголын тал 2039 он хүртэл ногдол ашиг авахгүй юм. Судалгаагаар тэр үед манай улс ногдол ашиг авч эхлэхэд компанийн орлого буурах хандлагатай байгаа. Тиймээс Засгийн газар ганц үлдсэн томоохон мега төсөл болох Оюу толгойн хэлэлцээг амжилттай явуулж, үр дүнгээ ард түмэнд тайлагнах ёстой" гэлээ.