Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Ч.Мягмардорж: Дуу чимээний бохирдол зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлж байна

Ч.Мягмардорж: Дуу чимээний бохирдол зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлж байна
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 24
Дуу чимээний бохирдол нь хотжилтоос үүдэлтэй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх агаарын бохирдлын дараа орохоор асуудал болжээ. Урт хугацаанд 45 децибелээс дээш шуугиан нь мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, дархлаа сулрал зэрэгт хүргэдэг байна. Улаанбаатар хотод сүүлд хийсэн хэмжилтээр дуу чимээ 74–98 децибелд хүрч, стандартаас давсан үзүүлэлттэй гарчээ. Иймд дуу чимээний бохирдлын талаар НЭМҮТ-ийн агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардоржоос тодрууллаа.
Тэрээр “Дуу чимээний бохирдол гэдэг нь хүн амын суурьшил, хотжилтоос үүдэлтэй физик бохирдуулагчийн нэг төрөл юм. Хор хөнөөлийн хувьд агаарын бохирдлын дараа ордог, нэлээд ноцтой асуудал гэж үздэг. Гэхдээ бид өдөр тутамдаа төдийлөн анзаараад байдаггүй. Машины дуу, замын хөдөлгөөн, барилгын ажил, байгалийн зарим дуу чимээ нь нийлээд биднийг байнга хүрээлж, урт хугацаандаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Ялангуяа 45 децибелээс дээш хэмжээний шуугианд удаан хугацаанд өртөх нь аюултай юм. Хүн өөрөө тэр дуу чимээг аажмаар анзаарахаа больчихдог ч бие махбод дотор өөрчлөлт орсоор байдаг. Хамгийн түрүүнд мэдрэлийн ядаргаанд орж эхэлдэг. Үүнээс шалтгаалаад бодисын солилцооны эрчим буурч, дархлаа суларна. Энэ нь шууд биш далд хэлбэрээр явагддаг. Нойргүйдэл үүсгэнэ, сэтгэл түгшилт нэмэгдэнэ. Энэ нь нэг хоёр хоногийн асуудал биш, хэдэн сар, жилээр үргэлжилбэл тухайн хүн бусад өвчинд өртөх эрсдэл ч эрс нэмэгддэг.
2024 онд Улаанбаатар хотод автозам дагуух дуу чимээг хэмжиж үзсэн. Нийт 12 цэг дээр 500 гаруй хэмжилт хийсэн. Үр дүн нь стандарт хэмжээнээс давсан байсан. Өдрийн цагт хамгийн ихдээ 96–98 децибел, багадаа 74–75 децибел хүрч байсан. Гэтэл стандарт нь өдөртөө 60, шөнөдөө 45 децибел байдаг. Өөрөөр хэлбэл бид стандарт хэмжээнээс давсан орчинд амьдарч байна гэсэн үг.
Судалгаагаар дуу чимээнээс хамааралтай таван төрлийн өвчлөл үүсэх боломжтой гэж үздэг. Тэр дундаа децибел нэгээр нэмэгдэхэд зүрх судасны өвчлөл 10 гаруй хувиар өсөх хандлагатай гарсан. Үүнийг агаарын бохирдолтой харьцуулбал, жишээ нь PM2.5 тоосонцор нэгээр нэмэгдэхэд 0–5 настай хүүхдийн эмнэлэгт хандах тоо 15-аар нэмэгддэг гэдэгтэй төстэй хэмжээнд нөлөөлж байна гэсэн үг. Бодисын солилцоо удаашрахад цусанд агуулагдах хүчилтөрөгч, амин дэмүүдийн биеэр тархах эрчим буурна. Үүнээс болж судасны ханын уян хатан чанар, цусны чанарт хүртэл нөлөөлдөг. Мэдээж энэ бүхэнд зөвхөн дуу чимээ биш, агаарын бохирдол, буруу хооллолт, стресс зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлдөг. Гэхдээ дуу чимээ бол тэр бүхний нэг чухал шалтгаан юм.
Сэтгэл зүйн хувьд ч нөлөө их. Хүн тайван биш, байнга түгшсэн байдалтай болдог. Тиймээс зөвхөн гадаад орчин биш, дотоод орчноо ч анхаарах хэрэгтэй. Одоо эко, дуу чимээ багатай цахилгаан хэрэгслүүд байдаг. Хөргөгч, бусад төхөөрөмжийн дуу хүртэл нойрны чанарт нөлөөлдөг учраас зөв сонголт хийх нь чухал.
Хотын хувьд хүн ам нягтрах тусам дуу чимээ нэмэгддэг нь дэлхий даяар адилхан юм. Гэхдээ хувь хүнээс шалтгаалах зүйл бас бий. Жишээ нь, машин барьж явахдаа сигнал бага хэрэглэх, илүү соёлтой оролцох гэх мэт. Мөн үйлчилгээний газрууд, караоке зэрэг дуу чимээ ихтэй газруудын талаар гомдол их ирдэг. Ийм тохиолдолд мэргэжлийн байгууллагууд очиж хэмжилт хийж, стандарт хангаж байгаа эсэхийг шалгадаг. Барилгын хувьд ч асуудал бий. Хана, тусгаарлалт стандартын дагуу хийгдсэн бол дуу чимээг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Гэвч зарим тохиолдолд зардал хэмнэх зорилгоор нимгэн, тусгаарлалт муутай барилга баригддаг. Үүнээс болж оршин суугчид байнгын шуугианд амьдарч байна. Уг нь дуу тусгаарлах зориулалтын материал, технологийн шийдлүүд хангалттай байдаг. Улаанбаатар хотын нэг том дуу чимээний эх үүсвэр бол төмөр зам. Түүний ойролцоох хорооллуудад энэ нөлөө их мэдрэгддэг. Харин зарим газар, жишээ нь Нарны хороололд дуу чимээ сааруулах хана барьсан байдаг. Тэр хананд дууны долгионыг сарниулах зориулалттай нүх хийж өгсөн нь тодорхой хэмжээнд үр дүнтэй гэж үздэг.
Ер нь дуу чимээний бохирдлыг ганц байгууллага шийдэх боломжгүй. Улс бодлогын түвшинд дэмжих хэрэгтэй, харин иргэд соёлтой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь маш чухал. Мод, ургамал нь дууны долгионыг сааруулдаг. Навч бүр нь нэг төрлийн шүүлтүүр шиг ажиллаж, шуугианыг багасгадаг. Мод том, саглагар байх тусам нөлөө нь илүү. Сонирхолтой нь, физик эх үүсвэрээс гарч буй дуу чимээ стресс үүсгэдэг бол байгалийн дуу, жишээ нь модны сэрчигнэх чимээ, шувуудын жиргээ нь хүнийг тайвшруулж, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс хот төлөвлөлтөнд ногоон орчныг нэмэгдүүлэх нь зөвхөн үзэмж биш, эрүүл мэндийн чухал шийдэл юм” гэлээ.

Дуу чимээний бохирдлын судалгааны үр дүн, дүгнэлт

Улаанбаатар хотод 2014 оноос хойш дуу, шуугианаас шалтгаалсан өвчлөлүүд тогтвортой нэмэгдэж байна. Тухайлбал, 10 мянган хүн амд ногдох мэдрэл сульдал (F48.0) 2014 онд 8.0 байсан бол 2023 онд 10.2 болж өссөн байна. Мөн нойрны органик бус эмгэг (F51) 0.3-аас 5.2 хүртэл, дуу шуугианаас үүдэлтэй сонсголын эмгэг (H83.3) 0.1-ээс 0.6 болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Харин анхдагч даралт ихсэлт (I10) 2014 онд 179.9 байсан бол 2023 онд 156.6 болж буурсан ч дундаж нас нь 59.0-өөс 58.0 болж бага зэрэг залуужсан үзүүлэлттэй байна. Өвчлөлүүдийг хүйсээр нь авч үзвэл эмэгтэйчүүдийн дунд эрэгтэйчүүдээс хоёр дахин өндөр бүртгэгдсэн байна.
Насны хувьд 2014 оны байдлаар мэдрэл сульдлын дундаж нас 40.1, нойрны эмгэгийнх 48.1, сонсголын эмгэгийнх 47.2, даралт ихсэлтийнх 59.0 байсан бол эдгээр өвчлөлүүд голчлон 40–60 насны хүн амд тохиолдож, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Эдгээр үзүүлэлтээс харахад орчны дуу чимээний бохирдол нь Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндэд бодитоор сөрөг нөлөө үзүүлэх түвшинд хүрснийг харуулж байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн