Нийслэлд түрээсийн скүүтер, мопедын хэрэглээ нэмэгдэж зам тээврийн осол, зөрчлийн тоо ч дагаад өсөх болсон. Тиймээс 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг, эхэд нь торгууль ногдуулах, мөн эдгээр тээврийн хэрэгслийг явган хүний замаар бус авто замын нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан юм. Харин уг шийдвэр бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа болон өөр ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас тодрууллаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа: Өнгөрсөн жилүүдэд мопед, скүүтер зэрэг тээврийн хэрэгслүүд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр замын хөдөлгөөнд оролцож ирсэн. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн тээврийн хэрэгслийн осол, зөрчлийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хяналтыг сайжруулж, зөрчлийг бууруулах шаардлага үүссэн. Тийнхүү Нийслэлийн Засаг даргын А-387 дугаар захирамж гарч, холбогдох төрийн байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Манай байгууллагын хувьд чиг үүргийнхээ хүрээнд скүүтер мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг зургаан байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Бидэнд нийт долоон байгууллагаас хүсэлт ирснээс шаардлага хангасан зургаан байгууллагад зөвшөөрөл олгож, дөрөвдүгээр сарын 10-наас үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Хамгийн чухал нь тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал, агуулах, засвар үйлчилгээний нөхцөл, инженер техникийн хангалтанд анхаарч Монгол Улсын стандартад нийцүүлэх шаардлага тавьж байгаа. Тухайлбал, гэрэл, толь, хурдны хязгаар зэрэг аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хангуулж байна. Мөн Их тойруу болон Улаанбаатар хотын хэмжээнд түрээсийн скүүтер, мопед байрлуулах зогсоолын байршлын саналыг зургаан байгууллагаасаа авч, Нийслэлийн Замын хөгжлийн газарт нэгтгэн тэмдэгжүүлэх ажил хийгдэж байна. Нэг байгууллага дунджаар 1000-1500 байршилд санал ирүүлсэн.
Хууль, дүрмийн хүрээнд насны болон хурдны тодорхой зохицуулалт хийсэн. Тухайлбал, 16-аас доош насныханд унахыг хориглож, хурдны дээд хязгаарыг 21 км цагаас хэтрэхгүй байхаар тохируулсан. Мөн 16-аас доош насны хүүхэд ашиглах боломжгүй байдлаар системийг “Хур” болон "Дан"-тай холбож, гар утасны аппликейшнээр QR код уншуулах үед E-Mongolia системээр нас баталгаажуулдаг болсон. Харин 16-аас дээш насны, E-Mongolia бүртгэлтэй иргэд үйлчилгээ авах боломжтой юм.
Захирамжийн дагуу скүүтер, мопед нь явган хүний замаар зорчихгүй, дугуйн замаар явна. Харин дугуйн замгүй хэсэгт авто замын баруун талын хөвөөгөөр зорчих ёстой. Энэ зохицуулалтын хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн алба хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд замын баруун талыг тусгаарлах тэмдэг, тэмдэглэгээг Замын хөгжлийн газраас хийж байна. Иймд жолоочид баруун талын эгнээг чөлөөтэй байлгах шаардлагатай юм.
Гэвч бодит байдал дээр зарим зөрчил гарсаар байна. Тухайлбал, хүүхдүүд эцэг, эхийнхээ E-Mongolia эрхийг ашиглан үйлчилгээ авч мөн явган хүний замаар хурдтай зорчиж, явган зорчигчдод аюул учруулах тохиолдол гарч байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, хяналтаа сайжруулах нь чухал байна. Скүүтер, мопед түрээслэхэд E-Mongolia системээр нэвтрэх шаардлагатай болсон нь 16-аас доош насныханд тавьсан хязгаарлалт юм. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүд эцэг, эхийнхээ E-Mongolia эрхийг ашиглан системд нэвтэрч, скүүтер, мопед унаж байгаа нь зам тээврийн осол, эрсдэл нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Иргэн Б.Цогтбаатар: Өглөө эхнэрээ ажилд нь хүргэж өгөөд, 07:00 цаг өнгөрөөд 11 дүгээр хорооллын байрнуудын дундах замаар явж байсан юм. Тэгтэл гэнэт машинуудын цаанаас мопед унасан нэг хүүхэд гараад ирсэн. Шууд машины толь мөргөөд унагачихсан, бас хаалган дээр бага зэрэг халцарсан байсан. Аз болоход хүүхдийн биеийн байдал зүгээр байсан. Тийм хүчтэй мөргөлт болоогүй. Харахад 11-13 орчим насны хүүхэд байсан.
Орой үдшийн цагаар хүүхдүүд 2-3-уулаа нэг мопед дээр сундалчихаад явж байх нь харагддаг. Ямар ч гэрэлгүй, хамгаалах хэрэгсэлгүй явж байна. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү сайн анхаарч, хараа хяналттай байх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа 16-аас доош насны хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байлгах тал дээр эцэг, эхийн хараа хяналт чухал юм.
Автозамын баруун талын хөвөөг тусгаарлах зурвас, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг Замын хөгжлийн газраас эхлүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор иргэд скүүтер, мопед унахдаа явган хүний замаар зорчихгүй, харин автозамын баруун талын хөвөөгөөр зорчих шаардлагатай. Түүнчлэн явган хүний замаар скүүтер, мопед зорчихыг таслан зогсоох, хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлийн зургаан дүүрэгт 100 гаруй олон нийтийн цагдаа хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэж, холбогдох алба хаагчидтай хамтран хяналт тавин ажиллаж байна.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600 мянган тээврийн хэрэгсэл, мөн 37 мянга орчим скүүтер, цахилгаан дугуй замын хөдөлгөөнд оролцож байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ. Тухайлбал, 2022 онд 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 305, 2024 онд 532 болж өссөн байна. Харин 2025 онд энэ тоо 2792 болж нийтдээ дөрвөн жилийн хугацаанд зургаа дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.