Open iToim app
Засгийн газар | 4 мин уншина

Л.Энх-Амгалан: Багш нарыг ирэх сарын 1-ээс нэг цалинтай болгож, нэмэгдлийг олгоно

Л.Энх-Амгалан: Багш нарыг ирэх сарын 1-ээс нэг цалинтай болгож, нэмэгдлийг олгоно
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 22
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбартай холбоотой хэд хэдэн томоохон шийдвэр гаргалаа. Тухайлбал, сүүлийн гурван сар үргэлжилсэн цалингийн маргаанд цэг тавьж, сурагчдын хувьсах зардлын тогтолцоог шинэчлэн баталсан байна. Мөн хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг нөхөх үндэсний стратеги, замын зураглал баталсныг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрээр "Боловсролын салбар 2021 оноос хувьсах зардлын тогтолцоотой болсон. Энэхүү тогтолцоо нь хот хөдөөгийн болон төр хувийн хэвшлийн сургуулийн ялгааг арилгах томоохон шийдэл байсан. Харамсалтай нь нэгдүгээр сарын 1-ээс ойлгомжгүй тогтолцоонд шилжиж хувьсах зардлын тогтолцооноосоо ухарсан байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хувьсах зардлын шинэ тогтолцоог баталж, багш нарын нэмэгдсэн цалингаас нэмэгдлүүдийг олгох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр ирэх сарын 1-ээс хэрэгжинэ. Бид цаашид багш нарын цалингийн асуудлыг ярихгүй. Энэ салбар тогтолцоонд шилжсэн салбар учраас хувьсах зардлаа л нэмж авна. Ер нь хувьсах зардал нэмэгдсэн тохиолдолд цалин нэмэгдэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт: Засгийн газраас санаачилж буй чөлөөлье бодлогын хүрээнд монгол хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг нөхөх үндэсний стратеги, замын зураглалыг баталлаа. Хоёр жилийн өмнө PISA буюу дэлхийн боловсролын чанарын үнэлгээгээр дунд сургуулиа төгсөж байгаа хүүхэд ижил хөгжилтэй орнуудын сурагчдаас хоёроос гурван жилийн хоцрогдолтой гарсан. Хот хөдөөгийн сургууль хооронд гурваас таван жилийн ялгаа гарсныг тодорхойлсон. Боловсролын салбарт ковидын үе болон ковидын дараа үүссэн хоцрогдол их байсан бол сүүлд багш нар 14 хоног ажил хаяхад дахин хоцрогдол үүссэн. Эдгээр хоцрогдлыг арилгах үндэсний стратегийн газрын зураг тодорхой боллоо. Товчхондоо гэр ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэсэн бодлогыг хэрэгжүүлнэ.
Гуравдугаарт: Бид хөтөлбөрийн шинэчлэл хийж байна. Энэ жил сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл болон нэгээс хоёрдугаар ангийн хүүхдийн хөтөлбөрт шинэчлэл хийж байгаа. Шинэчлэлээр оюуны чадамж, сэтгэлийн тамир, биеийн тамир зэрэг ур чадварыг олгоно. Багш нарын гурван тулгуурт бодлогыг зарлана. Сайн сургууль сайн багш, сайн хөтөлбөртэй байх ёстой.
Дөрөвдүгээрт: Хуурамч дүнгийн тогтолцоог хална. Хүүхдэд дүн тавьж хооронд нь уралдуулдаг биш хүүхэд ахиц дэвшлээрээ дүн авдаг болно. Багш нар ур чадвараараа, сургууль гүйцэтгэлээрээ үнэлгээ хийдэг тогтолцоонд шилжинэ.
Тавдугаарт: Хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаас үл хамааран хамгийн сайн багш нараар хичээл заалгаж, хоцрогдлоо арилгах ёстой. Нэг үгээр хэлбэл "Мэдлээ" сургуулийн загварыг бүх алслагдсан сургуулиудад хэрэгжүүлнэ. Энэ нь хамгийн сайн хөшүүрэг болно. Манай 330 сумын дийлэнх нь 12 жилийн тогтолцоотой. Ахлах сургуульд нь дөрөв, таван хүүхэд сурдаг сургууль маш олон бий. Иймээс алхам алхмаар сум дундын ахлах сургууль, аймаг дээр мэргэжлийн ахлах сургууль гаргана. Эхний ээлжид таван бүс дээр Кембриджийн тогтолцоотой таван сургуулийг барьж байгуулна.
Зургаадугаарт: Цахим шилжилтийн хүрээнд энэ жилээс хүүхэд бүрийг компьютержуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ жил 100 мянга, ирэх жилүүдэд мөн адил тоогоор олгоно. Одоо 20 хүүхдийн дунд нэг компьютер ноогдож байгаа бол хоёр хүүхдийн дун нэг компьютер ноогддог болно.
Долоодугаарт: Боловсролын салбарт олон жил үргэлжилж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргалаа. Нийслэлд гурван мянгаас дээш хүүхэдтэй 38 сургууль бий. Энэ намар хичээл эхлэхээс өмнө хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгож задална.
Түүнчлэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд сургууль цэцэрлэгийн зориулалттай газар хадгалах ажлыг бүх сургууль цэцэрлэгт үүрэг болгох шийдвэрийг гаргалаа. Ямарваа нэгэн хороолол баригдахад сургууль цэцэрлэггүй байгаа нь тогтолцооны гажуудал юм. Цаашид сургууль, цэцэрлэггүй хорооллыг УОК хүлээж авахгүй. Заавал аймаг дүүргийн боловсролын газрынхан эхэлж гарын үсэг зурж байж сургууль цэцэрлэгийг хүлээж авдаг болно. Сумаас эхлүүлэн бүх түвшинд зориулалтын газрын төлөвлөлтөд оруулж өгөх зохицуулалттай боллоо.
Хурлын үеэр сэтгүүлчид Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас төсөв тодотгохоос өөрөөр салбарт үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтойг асуухад тэрээр "Төсвийн тодотгол хийх шаардлагатай. Мэдээж төсвийн тодотголгүйгээр эх үүсвэр бий болгох хүндрэлтэй. Гэхдээ ямар ч байсан төсвийн тодотгол өнөө маргааш хийх үндэслэл үүсээгүй гэж үзэж байгаа. Иймээс төсвийн ерөнхийлөн гүйцэтгэгч нар төсөв дотроо зохицуулах шаардлага гарч ирж байна. Авдрын ёроолыг шавхаж атга гурил гарна. Шанаганы ёроолыг шавхахад шанага гурил гарна гэдэг шиг үзье. Эхний ээлжид энэ жил эхлэх гэж байгаа хөрөнгө оруулалтуудаа зогсоож байна. Эндээс 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гарч ирж байгаа. Зарим шаардлагагүй үр дүн муутай хөтөлбөрүүдийг түр царцаана. Энэ мэтчилэн төсвийн тодотгол хийх хүртэл түр зохицуулалт хийж аргална" гэв.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн