“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бүтээлээ ирүүлсэн Tsahiur.mn сайтын сэтгүүлч Б.Уянгын нийтлэлийг хүлээн авч уншина уу. • • •

Монголчуудын сонгосон 126 “ажилтан” дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай. Одоогоор нэг жил долоон сарын хугацаа нь өнгөрөв. Иргэд 126 төлөөлөгчид цалин, тусгай хангамж, халдашгүй байдлын баталгаа олгосон. Харин үүний хариуд иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдэж, Засгийн газарт хяналт тавьж ажиллах ДААЛГАВАР оноосон юм. Товчхондоо УИХ-ын 126 гишүүнээс бид даалгаврын биелэлтийг нэхэх ёстой. Гэтэл сонгосон УИХ-ын гишүүнээрээ ёс бус үгээр доромжлуулан сууцгааж байна. Эгүүлэн татах боломжтой юу? Үүнээс үүдэн нийгэмд бухимдал үүсэж, УИХ-ын гишүүд халдашгүй байдлын халхавч дор дураараа дургидгийг шүүмжилж гарцгаалаа.
Чанартай хууль, ажлын үр дүн шаардах ёстой УИХ-ын гишүүдээс өнөөдөр хамгийн наад захын хэмжүүр болох биеэ зөв авч явах, хуралдаа таслахгүй оролцохыг нэхэж байгаа нь ичгэвтэр зүйл. Хууль баталдаг УИХ-ын гишүүнээс хууль, шүүхийн эцсийн шийдвэр биелүүлэхийг нэг жил шаардаад ч нэмэргүй, мухардалд орж байгаа нь онигоотой биш гэж үү. 34 жилийн түүхтэй парламентаас санал хураалтын мэдээллээ бүрэн ил болгохыг шаардаад ч үр дүнд хүрэхгүй суугаа нь ХЭЛЭХ ҮГ Ч ҮГҮЙ болгож байна.
УИХ-ын дарга, гишүүд ээ, та бүхний ажилладаг “СААРАЛ ОРДОН”-д уртаас урт “хар жагсаалт” хэдийнэ үүссэн тул ХАРИУЦЛАГЫН МАНЛАЙЛАЛ үзүүлж, өөрсдөөсөө эхлэн хууль, эрх зүйн болоод ёс зүйн “цэвэрлэгээ хийнэ” үү. Тэгвэл Монгол Улсын дархлаа болсон парламентын засаглалд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Өөрсдөд хамаатай асуудлаа Ерөнхийлөгчөөр хууль санаачлуулж биш, өөрсдөө манлайлал үзүүлж, парламентынхаа сахилга хариуцлага, ил тод байдлаа чангатга.
Шүүхийн тогтоолтой нь нэг, ёс зүйн зөрчилтэй нь олон
2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд одоогоор УИХ-ын ямар гишүүд “хар толбо” үлдээсэн бэ? Үүнийг тайлбарлая.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухай. 2024 оны 12 сарын 16-нд Улсын дээд шүүхээс түүнийг 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон буюу Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Дээд шүүхийн тогтоолыг УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар 2025 оны 3 сарын 11-нд гардан авснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Тэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлээд зогсохгүй бүр төсөв хянадаг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан цорын ганц гишүүн. Харин шалгуулж байгаа, ямар нэгэн гэмт хэрэгт нэр нь холбогдсон гишүүн цөөнгүй. Шүүхээр эцэслэж тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцох ёсгүйг онцлон тэмдэглэе.
Харин ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн гишүүдийн “хар жагсаалт” урт. Гишүүдийн ёс зүйн асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооныхон холбогдох хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу шийддэг. Тус хороог өнгөрсөн зунаас дэд хороо болгож статусыг нь бууруулсан нь манай УИХ сахилга хариуцлагыг хойш нь тавьж байгаагийн нэг хэлбэр. Тэгээд ч гишүүд гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг хэлэлцэж шийдэх нь зохимжгүй. Британи зэрэг оронд хараат бус бүтэц, комиссар ажилладаг. Гишүүдийн ёс зүйгээс гадна ашиг сонирхлын зөрчлийг ч хянадаг, парламентаараа оруулж, ард түмний өмнө нээлттэй шийдүүлдэг жишигтэй. Харин манайд УИХ-ын гишүүний ёс зүйн талаар хэт ерөнхий хуульчилснаас гадна хүлээлгэх хариуцлага ч сул. Тиймдээ ч гишүүд эрээ цээргүй аашилж, парламентын нэр хүндийг унагахад хүргэж байна. Ингэж ёс зүйгүй аашилсан гишүүдийн жишээг хуваалцъя.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара олон нийтийн сүлжээнд удаа дараа ёс бус үг хэлж, иргэдийг доромжилсон. Түүний энэ үйлдлийнх нь тухайд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн хэвлэлд “М.Нарантуяа-Нара гишүүн өөрөө ухамсарлаад уучлал гуйна гэдэгт итгэж байна. Хэрэв ямар нэгэн өргөдөл, гомдол манай хороонд ирүүлбэл авч хэлэлцэнэ. Гишүүн ёс зүйн шаардлага зөрчсөн бол сануулга өгөх, уучлал гуйхыг даалгах, 6 сар хүртэлх цалингийн 20 хувиар хасах шийтгэл ногдуулдаг” хэмээсэн юм. М.Нарантуяа-Нара гишүүний тухайд өмнө нь нэг удаа сануулга авсан.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа цахим орчинд хараалын үгээр бусдыг доромжилсон үйлдэлд нь намынх нь дарга О.Цогтгэрэл сануулга өгч, уучлал гуйлгуулсан. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн гишүүн Д.Ганмаад “Хохь чинь шүү, аятайхан байгаарай” гэж хэлсэн нь нэг хэсэг шуугиан дагуулж, Ёс зүйн дэд хороо хуралдан, уучлал гуйхаар болсон юм. Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Наранбаяр Б.Найдалаа нар муудалцаж, гар зөрүүлэн, улмаар сайд Б.Наранбаяр хөмсөгнийхөө дээд хэсэгт хоёр оёдол тавиулсныхаа дараа “санамсаргүй зүйл” гэж тайлбарлаж байв. Өнгөрсөн намар гэхэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сэтгүүлчийн өмнөөс хараалын үг хэлж, басамжлан харьцсаныхаа дараа олны эсэргүүцэлтэй тулж эцэст нь албан бичгээр уучлал гуйсан байдаг.
“Суудлын бөглөөс”-үүдийг эгүүлэн татах популизм
Ёс зүйгүй үг, үйлдэл гаргахаас гадна үндсэн үүрэгт ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй гишүүд олон. Тэдгээрийн жагсаалтыг гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар тэргүүлж байна. Тухайлбал, 2025 оны чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг харахад УИХ-ын гишүүн Х.Баттулга 82 удаагийн хуралдааны 13-т нь л оролцсоноороо хуралдаа суудаггүй гишүүдийг толгойлжээ. Өмнө нь 6 сарын цалингийнхаа 20 хувиар хасах шийтгэл ногдуулсан ч гишүүн Х.Баттулга шийтгэлийг үл тоон, хуралдаа суухгүй байгааг ирцээс харж болно. Өнгөрсөн онд гэхэд 126 гишүүнээс ганцхан нь л хуралдаа бүрэн ирцтэй суусан байх жишээтэй. /Дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс харна уу/. Чухам ийм хариуцлагагүй байдал УИХ-д нүүрлэсэн учир иргэд бухимдах нь аргагүй.
Хэрэв ажилтан ажлынхаа 87 хувьд нь ирээгүй бол ажлаас нь хална.
Гэтэл гишүүдийг шууд эгүүлэн татах нөхцөл хязгаарлагдмал байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлав. Жагсаалтын гишүүдийг эгүүлэн татдаг болох тухай ч улстөрчид ярьж эхэллээ. Олон нийтэд ийм мэдэгдлүүд таалагдах нь мэдээжийн хэрэг. Сонгогчдын талаас харахад сонгосон “ажилтан” нь даалгавраа хийхгүй, ёс зүйгүй авирлаад байвал ажлаас нь халах нь зөв. Гэхдээ олон улсад сонгогчид нь эгүүлэн татдаг жишиг тун ховор. Шүүх засаглалыг “сонсдог”. Хэрэв шүүхээр эцэслэн шийдсэн бол бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг олон улсын жишигтэй. Хувь улстөрч өөрийнхөө саналаар бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах хувилбар бий ч манайд ийм соёл бараг төлөвшөөгүй. Халдашгүй байдал, албан тушаалтайгаа зууралдсаар үлддэг. Ард түмэн үүнд нь дургүйцдэг. Дургүйцэл дээр нь дөрөөлсөн улс төрийн популизм газар авдаг. Тиймээс УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг нухацтай авч үзэх ёстой. Нуухаа авах гээд нүдийг нь сохолж болохгүй.
УИХ-ын гишүүдэд хүргэх “гэртээ хийх цэвэрлэгээ”-ний санал
Парламентын дархлааг ихээхэн хөндөх боллоо. Хууль баталдаг хүнийг хараат бус, бие даан ажиллуулах, цалин хөлс, тусгай хангамж олгох нөхцөл чухал уу гэвэл чухал. Тийм учраас манайд парламентын гишүүний дархлаа сайн бүрдсэнийг судлаачид тэмдэглэдэг. Зарим улсад парламентын гишүүний халдашгүй байдал чуулганы бус үед үйлчилдэггүй. Харин манайд УИХ-ын гишүүнийг гэмт хэргийн газар нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд саатуулах, мэдүүлэх авах, гэрт нь нэгжлэг хийх хориотой. Гэмт хэргийн газар нотлох баримттай нь баривчилсан ч УИХ-д мэдэгдэж, УИХ-аар бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй бол нэг цагийн дотор суллах хуулийн заалттай. Үндсэндээ парламентын гишүүний дархлаа парламентад өөрт нь хадгалагдаж байдаг. Гишүүний цалин, тусгай хангамж ч сайн. Жишээ нь, УИХ-ын гишүүний цалин ойролцоогоор 5-10 сая төгрөг. Байнгын, дэд хорооны дарга, ажлын хэсэгт ажилласан байдал, эрдмийн зэрэг цолоос нь хамаараад өөр хэмжээтэй гэсэн үг. Хэрэв гишүүн дахин сонгогдоогүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Ингэж дархлаа (immunity), тусгай хангамжийг (indemnity) нь хуульчилсан.
Тэгвэл УИХ-ын гишүүний халдашгүй байдал, дархлааны ард нуугдан, хариуцлагагүй ажилладаг, ёс зүйгүй авирладаг гишүүдийг “суудлын бөглөөс”-өөр нь үлдээж, цалин хасах, уучлал гуйлгах төдийхнөөр “өршөө”-гөөд байж болох уу. Мэдээж хүчтэй хариуцлагын тогтолцоо байх ёстой. Тиймээс парламентын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах санаачилгыг 126 өөрсдөө дэвшүүлж, хэрэгжүүлэх дараах саналууд дэвшүүлье.
НЭГ. УИХ-ын ил тод байдлыг хангах замаар гишүүдийн хариуцлагыг чангатгах санал.
УИХ-ын гишүүдийн ирц, хурлын тэмдэглэл, санал хураалтын дүнгийн мэдээллийг тухайн өдөрт нь ил тод байршуулдаг болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин санаачилсан. Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал гишүүдийн ашиг сонирхлын мэдүүлгийг ил болгож, зөрчлийг нь хянадаг болох хуулийн төсөл боловсруулсан. Эдгээр хуулийн төслийг d.parliament.mn-д нээлттэй байршуулан, иргэдээс санал авч байна. УИХ-ын гишүүд хуралдаа ирж байна уу, аль хуулийг батлахад ямар санал өгсөн бэ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ буюу өөрт, эсвэл хамаарал бүхий этгээдэд нь ашигтай хуулийг батлуулахаар лобби хийж, ажлын хэсэгт нь орж ажиллаж, санал хураалтад нь оролцож байна уу гэдгийг хянадаг болохын тулд дээрх хуулийн төслүүдийг сайжруулан батлах ёстой. Парламентын албан ёсны сайт дахь УИХ-ын гишүүний профайл цонхонд гаргасан ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ болон ИРЦИЙН мэдээллийг нь бүртгэж, ил тод мэдээлдэг болох. Одоо бол ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг ч ил бүртгэдэггүй. Энэ нь иргэдийн “шүүлтүүр”, хяналтыг хангах зорилготой. Мөн гишүүдийн ирцийн мэдээллийг зөвхөн хүснэгт хэлбэрээр байршуулдаг ба нээлттэй өгөгдлийн шаардлага хангадаггүйгээс болж, дүн шинжилгээ хийх боломжгүй байдаг.
ХОЁР. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах санал.
Ёс зүйн зөрчил гаргасан, хуралдаа ирдэггүй гишүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах. Сануулах, уучлал гуйлгах, цалингаас нь хасахаас гадна хэт бага ирцтэй бол эгүүлэн татах асуудлыг парламент өөрөө авч хэлэлцдэг байх, гишүүн бусдыг доромжилсон, гүтгэсэн, ялгаварлан гадуурхсан бол шүүхэд хандах, шийдүүлэх хууль, эрх зүйн орчныг илүү тодорхой болгох.
Улс төрийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг хуульд тусгах. Тодруулбал, Улс төрийн намын гишүүнээс түдгэлзүүлэх, УИХ дахь намын бүлгээс хасах, нэрийг нь дэвшүүлэхгүй, албан тушаалд томилуулахаас татгалзах зэргээр улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх зохицуулалтыг хуульчлах.
УИХ-ын гишүүний ирц, ёс зүйн зөрчлийг хянадаг хараат бус шинжээч ажиллуулж, дүгнэлт гаргуулах талаар хуульд тусгах.
Жагсаалтад болон тойрогт нэр дэвшигчдийг улс төрийн намын төлөөллийн төв байгууллага (жишээ нь, МАН-ын бага хурал, АН-ын Үндэсний бодлогын хороо гэх мэт) шалгаруулахдаа өмнө нь ёс зүйн зөрчил гаргасан, эсэхийг нь харгалзан үздэг болох
ГУРАВ. Сонгогчдын боловсролыг сайжруулах санал.
Сонгогчдод улс төр, парламентын боловсрол олгох. Жагсаалтаар нэр дэвшигчийг сонгогч шууд сонгодоггүй ч улс төрийн намд өгсөн санал нь шууд бусаар УИХ-ын гишүүн болоход нь нөлөөлдгийг иргэдэд таниулах
УИХ-ын хуралдааны ирцийг тухай бүрд нь иргэдэд мэдээлдэг байх. УИХ-ын гишүүн тус бүрийн санаачилсан хуулийн төслүүд, ирцийн мэдээллийг УИХ-ын Тамгын газраас үнэн зөвөөр, ойлгомжтой иргэдэд нээлттэй байршуулдаг байх.
УИХ иргэдийг төлөөлж, ард түмний өмнөөс шийдвэр гаргаж байгаа учир ил тод байдлаа хангах нь НЭН ТЭРГҮҮНД хийх ёстой ажил. Ингэж байж хяналт, хариуцлага яригддаг. Орчин үед УИХ иргэдэд ил тод ажиллаж байгааг “лайв” буюу шууд дамжуулах төдийхнөөр хэмждэг цаг ард хоцорсон. Цахим эринд ганцхан товшилтоор парламентын гишүүнийхээ бүх мэдээллийг хардаг ХЯНАДАГ, ХАРИУЦЛАГА ТООЦДОГ болоод удаж байна.
МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Мөнхбатын хэлсэн “УИХ-ын гишүүн бол сонгогдсон цагаасаа хувь хүн бус, ард түмний төлөө шийдвэр гаргагч болдог. Тиймээс хэлж байгаа үг, гишгэж байгаа зам мөрөө үргэлж бодолцох ёстой” хэмээх байр сууриар нийтлэлээ өндөрлөе.