Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Э.Батшугар: Бодлогын 5 арга хэмжээ авч 150 тэрбум төгрөг хэмнэж, ирэх сараас эмч нарын цалингийн нэмэгдлийг бодит болгоно

Э.Батшугар: Бодлогын 5 арга хэмжээ авч 150 тэрбум төгрөг хэмнэж, ирэх сараас эмч нарын цалингийн нэмэгдлийг бодит болгоно
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 15
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бизнесийн орчныг дэмжих, Эрүүл мэндийн ойлгомжгүй цалингийн тогтолцоог тодорхой болгох зэрэг нийт 20 асуудал хэлэлцэн, шийдвэр гаргажээ. Гарсан шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, ХХАХҮ сайд Ц.Идэрбат, ЗГХЭГ тэргүүн дэд дарга Б.Батцэцэг нар оролцож, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм.
Ерөнхий сайд Н.Учрал эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдлийг бодит болгох үүргийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өгчөө. Эрүүл мэндийн ажилтан, эмч нарын цалинг нэмснээр хоёр шатлалаас боддог болсон байна. Нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар таван арга замаар энэ эх үүсвэрийг бүрдүүлэх тооцоо хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Дараах 5 бодлогыг хэрэгжүүлснээр ирэх сарын 1-ээс эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын цалинг нэг болгох боломж бүрдэх аж.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодож байгаа. Харин татвар шимтгэлийг үндсэн том цалингаас нь тооцож байгаа. Засгийн газрын тогтоолоор нэмэгдэл цалинг өмнө нь авдаг байсан цалингаас тооцно гэчихсэн. Ингээд хоёр цалинтай болсон. Нэг болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Тиймээс дараах арга хэмжээг авч эх үүсвэрийг бий болгоно.
  1. Лавлагаа шатлалын эмнэлгүүдээс зарим тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлнэ. Лавлагаа шатлалын эмнэлэгт нэн шаардлагагүй иргэд очиж байгааг анхан болон дунд шатанд эмчилдэг болно. Эндээс 40 орчим тэрбум төгрөг хэмнэнэ.
  2. Эмийн үнийн хөнгөлөлтийг оновчтой болгоно. Үүнээс 20-40 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 300 тэрбумын эмийн худалдан авалт эмнэлгүүд хийдэг. Ингэхдээ эмнэлэг бүхэн тендер зарлаад эмээ худалдан авдаг. Гэтэл нэг эмийг өөр, өөр үнээр авч байна. Мөн 669 эмийг ЭМДС-аас хөнгөлдөг. Үүнд ДЭМБ-д бүртгэлгүй эмүүдийг хөнгөлж байна. ЭМДС-ын Үндэсний зөвлөлийг хуралдуулаад эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас ирж байгаа эмүүдийг эмийн хөнгөлөлтөд түлхүү оруулна.
  3. Эрүүл мэндийн байгууллагын зардлын үр ашгийг дээшлүүлнэ. Эмнэлгүүдийг харахад менежмент нь харилцан адилгүй байна. Яг ижилхэн үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн зарим нь ашигтай зарим нь алдагдалтай ажиллаж байна.
  4. Эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалтыг ил тод болно. Хүн амын 90 хувь нь улсын эмнэлгээс тусламж үйлчилгээ авдаг. Тиймээс лавлагаа шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулна. Ингэхдээ анхан шатны эмнэлгүүдийнхээ санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Хавтгайруулж, бөөнд нь мөнгө өгөхгүй.
  5. Цахимжуулалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ. 20-40 тэрбум төгрөг хэмнэнэ.
Эдгээр арга хэмжээг авснаар 150 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Ингээд ирэх сарын 1-ээс эмч нарынхаа цалинг нэг болгоно.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн