Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

О.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дотоод орчны агаарын чанарын стандартаа батлах шаардлагатай

О.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дотоод орчны агаарын чанарын стандартаа батлах шаардлагатай
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 9
НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 
-Гадаад орчны агаарын бохирдлоос үүдэн жилд 2800 хүн цаг бусаар амиа алдаж, дотоод орчны агаарын бохирдлын улмаас жилд 4800 хүн нас барсан гэх НЭМҮТ-ийн судалгаа байна. Та энэхүү судалгааны талаар мэдээлэл өгнө үү?
-2022 онд хийгдсэн судалгаа гэж санаж байна. Монгол Улсын НҮБ-ын Хүн амын сангийн тоон мэдээлэлд тулгуурлан олон улсын аргачлалаар тооцоолж гаргасан статистик судалгаа байсан. Ер нь ийм төрлийн судалгаанд бүх тохиолдлыг бодитоор нь шууд тогтоох боломжгүй учраас тодорхой аргачлалаар, магадлалд суурилж тооцдог онцлогтой. Тухайн судалгаанд тогтвортой хөгжлийн зорилтот хүрээнд агаарын бохирдолтой хамгийн өндөр хамааралтай байж болох таван төрлийн өвчлөлийг сонгон авч, насны ангиллаар нь авч үзсэн байдаг. Жишээлбэл, бага насны хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөлийн шалтгаант нас баралт, 25-аас доош насны залуусын дунд зүрхний шигдээс, даралт ихсэх өвчлөлийн шалтгаант нас баралт гэх мэт үзүүлэлтүүдийг хамруулсан. Эдгээр өвчлөлийн улмаас нас барсан тохиолдлууд нь агаарын бохирдолтой холбоотой байх магадлалтай гэж үзэн тооцоолсон судалгаа юм. Миний хувьд энэ судалгаанд оролцоогүй, харин тайлантай нь танилцсан. Харин эх өгөгдлийг нь Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс авсан байдаг.
Бид дотоод орчны агаарын бохирдолд илүү анхаарах шаардлагатай байгаа. Учир нь хүн өдөрт 90 орчим хувийг дотор орчинд өнгөрөөдөг. Үүнд зөвхөн гэр биш, машин, автобус ч мөн орно. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, оффис зэрэг олон хүн төвлөрдөг орчинд агаарын чанар маш чухал. Сүүлийн үед засвар үйлчилгээ, будагтай холбоотой бохирдуулагч бодисын эрсдэл, түүний сөрөг нөлөөллийн талаар судалгаанууд гарч байна. Тэр дундаа хавдрын эрсдэлтэй холбоотой үр дүнгүүд илэрч байгаа. Монгол Улсад ойрын хугацаанд дотоод орчны агаарын чанарын стандарт батлагдсанаар энэ асуудлыг эрхзүйн хүрээнд зохицуулах боломжтой болох юм.
Цаашид дотоод орчны агаарын чанарыг өрхийн түвшинд, оффисын түвшинд мөн сургууль, цэцэрлэгийн орчинд тогтмол хянах шаардлагатай. Үүнийг хэрхэн хэмжих, яаж сайжруулах, ямар шаардлага мөрдөх зэрэг нь журам, стандарттай болох ёстой. Мөн барилгын материалыг хилээр оруулахдаа олон улсын стандарт хангасан, хоруу чанар нь тодорхой хугацаанд буурдаг, эко материалыг сонгон ашиглах нь чухал. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн засварт ийм шаардлага маш өндөр байх ёстой. Хэрэв үүнийг мөрдөхгүй бол бага насны хүүхдүүд, тэр дундаа 7 сартайгаас 5 хүртэлх насныханд хавдрын эрсдэл нэмэгдэх, хавдар үүсгэгч бодис илрэх зэрэг ноцтой асуудал үүсч болзошгүй. Жишээлбэл, бензол, формальдегид зэрэг бодисууд нь цусны цагаан эсийн хорт хавдар үүсгэдэг гэдгийг ДЭМБ болон олон улсын хавдрын судалгааны байгууллагууд баталсан байдаг. Манай хийсэн судалгаа бол яг шалтгаан үр дагаврыг тогтоосон биш, харин эрсдэлийн үнэлгээ хийсэн судалгаа. Цаашид илүү нарийвчлан дагаж судлах шаардлага бий. Тухайлбал, тухайн өвчлөлийн шалтгаанд орчны нөлөө байна уу, эсвэл удамшлын хүчин зүйл давамгайлж байна уу гэдгийг ялгаж тогтоох хэрэгтэй. Манай судалгаанд 200 гаруй цэг дээр хийсэн хэмжилтийн үр дүнд илэрсэн бохирдуулагч бодисуудын агууламжид үндэслэн эрсдэлийн тооцооллыг хийсэн гэж ойлгож болно.
Орчны нөлөө аливаа өвчлөлийн 10 орчим хувьд хүрэхэд л эрсдэлт хүчин зүйл гэж үздэг.
-2026 оны гуравдугаар сарын байдлаар агаар бохирдуулагч үндсэн үзүүлэлтүүд өмнөх оноос мэдэгдэхүйц буурсан гэх ЦУОШГ-ын мэдээлэл байна. Энэ өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?
-ЦУОШГ-аас тогтмол хэмжилт хийж, дата мэдээллийг боловсруулан иргэдэд агаарын чанарын талаар мэдээлэл өгдөг. Тэдний гаргасан сүүлийн дүгнэлтээр агаарын бохирдол өмнөх оныхоос тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь бүрэн сайжирсан гэсэн үг биш юм. Учир нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа агаарын чанарын шинэчилсэн стандарт болох MNS 45:85:2025-ын шаардлагад одоогийн үзүүлэлтүүд хүрэхгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, бохирдол харьцангуй буурсан ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх түвшнээс доошилж чадаагүй гэсэн үг. Цаашлаад ДЭМБ-ын зөвлөмжит стандарттай харьцуулахад мөн л хангалтгүй байгаа нь агаарын бохирдол эрүүл мэндэд эрсдэл дагуулсан хэвээр байгааг илтгэж байна.
Нөгөө талаар агаарын чанар нь цаг уурын нөхцөлтэй шууд холбоотой. Одоо хаврын улирал эхэлж байгаа энэ үед тоос шороо босох нь нэмэгддэг. Үүн дээр автомашины ялгаруулалт нөлөөлж байна. Харин өвлийн улирлын гол эх үүсвэр болох галлагааны бохирдол буурч байгаа нь ажиглагдаж байна. Гэсэн ч нийт дүнгээр нь харахад агаар бохирдуулагч үндсэн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц хэмжээгээр буураагүй, стандартын шаардлага хангах түвшинд хүрээгүй хэвээр байна. Иймээс агаарын бохирдол буурч байгаа мэт харагдавч, бодит байдал дээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байсаар байгаа юм.
-РМ2.5 болон РМ10 тоосонцрын агууламж буурсан нь хүн амын амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлд богино болон урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх бол. Мөн хүхэрлэг хий болон азотын давхар ислийн агууламж стандартын хүлцэх хэмжээнээс доогуур байгаа нь эрүүл мэндийн эрсдэлийг бууруулсан гэж үзэж болох уу?
-Хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг бохирдуулагчийн гол эх үүсвэр нь галлагаатай шууд холбоотой. Тиймээс галлагааны улирал дуусах үед эдгээрийн агууламж буурч, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө тодорхой хэмжээнд багасдаг гэж хэлж болно. Харин РМ2.5, РМ10 тоосонцор нь зөвхөн шаталтаас гадна хөрсний бохирдол, автомашины ялгаруулалтаас үүсдэг. Тиймээс эдгээр нь улирлаас үл хамааран тодорхой хэмжээнд байсаар байдаг. Ер нь нэг төрлийн бохирдуулагч дангаараа нөлөөлдөг гэж үзэхээс илүүтэй, олон төрлийн бохирдуулагч хавсарсан байдлаар хүний биед нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл нь РМ2.5, РМ10-тай хавсарч нөлөөлөх үед эрсдэл илүү нэмэгддэг. Тиймээс нэг бохирдуулагчийн хэмжээ буурлаа гээд эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл бүрэн арилсан гэж ойлгож болохгүй.
Ялангуяа РМ2.5 нь маш нарийн ширхэгтэй учраас уушгины гүн хэсэгт нэвтэрч, цаашлаад дархлааны системд орж, цусны эргэлтэд хүртэл нөлөөлдөг. Үүний улмаас зүрх судасны болон амьсгалын замын өвчлөл, дархлаа сулрах зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Мөн энэ тоосонцрын гадаргуу дээр олон төрлийн химийн бодис хүнд металлууд агуулагддаг нь асуудлыг улам хүндрүүлдэг. Судалгаагаар нийт 36 төрлийн хүнд металл илэрсэн байдаг.
Тухайлбал, хар тугалга нь хүний биед хуримтлагддаг, ялангуяа бага насны хүүхдэд маш аюултай. Цусанд хуримтлагдсанаар сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. РМ2.5 тоосонцорт хар тугалга агуулагдаж байгаагаас гадна энэ бодис нь бидний өдөр тутмын орчноос ч илрэх эрсдэлтэй. Жишээлбэл, зай, батарейг буруу хаях, хүүхэд амандаа хийх, хуванцар сав, паалан нь ховхорсон сав суулга хэрэглэх, чанар муутай тоглоом ашиглах, зэвэрсэн усны сав хэрэглэх зэрэг олон эх үүсвэр бий. Тиймээс хар тугалгын нөлөөлөл зөвхөн агаараас хамаарахгүй, олон талын хүчин зүйлээс үүдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Харин РМ10 нь ихэвчлэн хөрснөөс үүсдэг тоосонцор. Тиймээс иргэд үнс, хог хаягдлаа ил задгай, гудамжинд хаях нь энэ төрлийн бохирдлыг нэмэгдүүлдэг юм. Үүнээс сэргийлэхийн тулд хот суурин газарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрсний эвдрэл, тоосжилтыг бууруулах бодлого чухал байна.
-Тэгвэл иргэд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахдаа ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Иргэд агаарын чанарын индексийг зөв ашиглаж сурах нь маш чухал. Жишээлбэл, агаар.mn зэргийг өдөр тутамдаа ашиглаж хэвшвэл тухайн үеийн агаарын бохирдлын түвшинг мэдэж, өөрийгөө хамгаалах боломжтой. Мөн амны хаалт зүүх дадалтай болох хэрэгтэй. Ялангуяа бохирдол өндөр үед энэ нь хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй хамгаалалт болдог.
Үүнээс гадна гэр доторх агаарын бохирдлыг бууруулах нь чухал. Гэртээ тамхи татахгүй байх нь хамгийн эхний алхам. Хэрэв та хүүхдийнхээ хажууд тамхи татдаг бол 7000 төрлийн хорт бодист шууд өртүүлж байна гэсэн үг. Гэрийн дулаалгыг сайжруулж, галлагааны давтамжаа багасгах, боломжтой бол цахилгаан халаалт руу шилжих нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Мөн цонхондоо агаар шүүгч суурилуулах, агаар цэвэршүүлэгч ашиглах нь дотоод орчны агаарыг илүү цэвэр байлгахад тустай.
Гадаа орчинд ч мөн зөв дадал чухал. Гудамжинд явж байхдаа тамхи татахгүй байх, зориулалтын тамхины цэг дээр татаж хэвших хэрэгтэй. Автомашины хувьд тос, тосолгооны материалыг цаг тухайд нь сольж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах нь ялгаруулж буй бохирдлыг бууруулахад нөлөөлнө. Мөн айл бүр хашаандаа мод, ногоон байгууламж тарьж хэвшвэл тоосжилтыг багасгах, агаарыг цэвэршүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
-Ярилцсанд баярлалаа. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн